Экспортын даатгалын системд Монгол Улс түлхүү хамрагдана
Сайд С.Батболд тэргүүтэй монголын төлөөлөгчид Эдийн засаг, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Берлин муж улсын сенат, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Сэргээн босголтын зээлийн банк, Германы аж үйлдвэрийн холбоо болон Зүүн Азийн бизнесийн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээрүүд хийжээ. Энэ үеэр Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд Холбооны Эдийн засаг, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Паффенбахтай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах, бизнесийн хүрээний төлөөлөгчдийг харилцан солилцох, экспортын даатгалын системд Монгол Улсыг түлхүү хамруулах, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тогтоодог зээлийн даатгалд хамрах зэрэглэлийг ахиулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, зарим асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Мөн Монгол улсын эдийн засгийн өдөр арга хэмжээнд Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд оролцож Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү арга хэмжээг Холбооны эдийн засаг хөдөлмөрийн яам, Берлин муж улсын Ази номхон далайн чуулган байгууллага, Монгол Улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд Германы төр олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгчид оролцсон аж. Монгол Улс ЕХ-ны Худалдааны хөнгөлөлтийн тусгай хөнгөлөлтөнд хамрагдсаныг Германы тал өндрөөр үнэлж, Монгол-Германы хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Б.БАТБААТАР
(өдрийн сонин 239)