Р.Амаржаргал Багын хүмүүжил баяжихад минь саад болдог
-Улаанбаатарын унаган иргэний хувьд хүүхэд нас тань бусдынхаас арай онцлогтой байсан биз?
-Тиим ээ, Маахуур толгой гэдэг газар миний бага нас өнгөрч. Ном л их уншиж өссөн дөө.
-Үнэхээр номын хүүхэд байснаар л төсөөлөгддөг. Гэхдээ дэггүйтэх үе байдаг даа?
-Их гайгүй хүүхэд байсан. Ялангуяа анги дэвших тусам хичээлдээ улам сонирхолтой болсон. Тоонд толгой өвдөхгүй. Нийгмийн талын хичээлд бүр ч илүү. Бидний дэггүйтэх ч гэж дээ. Хичээлийн завсарлагаар дэггүйтэж яваад дараагийн хичээлд хоцорч орж ирээд бөөн юм болно. Хүйтэн болохоор гадаа тоглож чадахгүй, коридорт тоглоно. Сандлын зөөлөвчийг зумлаж аваад шидэлцэж, социалист өмчийг эвдэж шамшигдуулсан хэрэгт орно.
-Хүссэн мэргэжлээ эзэмшиж чадсан уу. Төрийн түшээ болно гэж ер нь төсөөлж байв уу?
-Төрийн түшээ болно гэж яаж санахав. Гэхдээ хүссэн мэргэжлээ эзэмшиж эдийн засагч болсон. Миний үеийнхэнд цэргийнхэн моодонд орж байлаа.
-Үе үеийн оюутнууд даржин байснаа гайхдаг. Таны хувьд ямар оюутан байсан бэ?
-Оюутны амьдралаа эргээд дурсахад хариуцлагагүй оюутан байсан юм шиг санагддаг.
-Яагаад хөлбөмбөгийн холбоог тэргүүлэх болсон юм бэ. Багадаа бөмбөг хөөсөн хөвгүүн байсан гэж ойлгож болох уу?
-Одоогийнх шиг биллъярд энэ тэр байх биш. Баар ресторанаар явахгүй. Сайндаа л кино үзнэ.Тэр үеийнхний гол тоглоом бөмбөг. Өөр хийх юм байхгүй байлаа.
-Монголд энэ спортыг хөгжүүлэхэд хэцүү биш үү. Ямар ирээдүй харагддаг вэ?
-Өө, хүмүүс ярьдаг юм. Монголчууд багийн спортоор хол явахгүй, чадахгүй. Тэртээ тэргүй хоорондоо хэл амаа ололцож чаддаггүй юм чинь гээд л. Үгүй байхгүй юу. Монголчуудын амжилтын түүхийг харахад багаараа явж байсан үедээ амжилт гаргадаг. Тулгар төрийг байгуулсны нууц ч түүнд буй. Ялалт, ялагдал хүлээж сурах, дүрмэнд захирагдах, нийтэч байх зэрэг хүмүүжлийн чухал ач холбогдолтой. Амжилтад хү-рэхийн тулд эхлээд херс суурийг бий болгох хэрэгтэй. Одоогоор 40 гаруй сургууль дээр секц ажиллуулж байна.
Хөдөө орон нутагт байгаа хийх юмгүй хүүхдүүдийг цагаа зөв өнгөрүүлээсэй гэсэндээ сая Шарын голд өдөр өнжүүлэх бүлэг байгууллаа. Ямар ч байсан 20 жилийн дараа Монголын хөлбөмбөгчид дэлхийд сонсогдох байх. Юутай ч эхлээд бөмбөгөө даадаг болох хэрэгтэй.
-Сагсны лигийнхэн ч Танд ам сайтай байдаг юм билээ.
-90-ээд онд хамаг юм задарч байсан хүнд үед хүүхэд залуусын дунд зохиож болох ганц юм биеийн тамир спорт л байсан. Тэр утгаараа л миний хийж байсан ажил. Сагсны хэдэн хүүхдийг урилгаар оролцуулж, шагнаж урамшуулж байсан. Заал л байхад болоо. Хөлбөмбөг бол хөрөнгө зардлын хувьд бас ондоо.
-Намрын чуулгандаа хэр эрч хүчтэй ирэв. Тухтай амарч чадсан уу?
-Амарч чадаагүй ээ. Семинарт оролцож, ном шагайсаар өнгөрөөлөө. Хүн дуртай ажлаа хийхэд ядардаггүй. Үргэлж эрч хүчтэй байдаг.
-Оюутан байхаасаа л нийгмийн идэвхтэй залуу байв уу. Амьдарч буй нийгэмдээ хэр шүүмжлэлтэй ханддаг байсан бэ?
-Бид чинь Маркс, Лениний сургаалийг л судалдаг байсан. Багш нарын ганц хэлдэг байсан үг ньБүхнийг эргэлзээнд өртүүл. Тэгэхээр мань мэт үүнд нь итгэчихгүй юу. Үнэхээр эргэлзээнд өртүүлэх ёстой юм байх гээд бодит амьдрал дээр эргэлзээнд өр-түүлээд, асууж лавлаад эхэлсэн чинь шал өөр дүр төрх гарч ирсэн. Маргааш коммунизм байгуулна гэсэн мөртлөө өнөөдөр сүү, талх, мах ховордоод, дараалал улам нэмэгдээд л. Нэг килограмм мах аваад гэртээ харина гэдэг бол дайнд ялсан баатар шиг эр зориг, авхаалж самбаа шаардах хэмжээнд хүрсэн. Автобусанд суугаад цагтаа ажилдаа очно гэдэг гайхамшиг байх жишээтэй. Тэгэхээр чинь бид гайхаж эхэлнэ биз дээ. Улам гоё болох нийгэмд яагаад зуун метр гүйж, зургаан удаа суниаж байж автобусанд суух ёстой гэж. Хааяа гадаадын сонирхолтой кино олоод үзчихээр амьдрал шал ондоо байх жишээтэй.
-Магадгүй, энэ байдал Таныг улс төрд хөтөлсөн үү. Өөр ямар нөхцөл шалтгаан байсан бэ?
-Ердөө л тэр. Дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд ирэхээр өөрийн эрхгүй улстөрд хөтлөгдсөн. Давхар стандарт гэж тухайн үед их байсан. Нэг хүнд үйлчилдэг хууль нөгөө хүнд үйлчлэхгүй байх гэх мэт. Яг одоогийнх шиг. Одоо жаахан ил болчихсон болохоос биш, яг адилхан байсан.
-Сүүлийн үед Та дуугүй гишүүдийн эгнээ рүү дөхөөд байх шиг. Яагаад иим болчихоо вэ. Ер нь энэ нийгэмд дуутай, дуугүй байхын аль нь хождог юн бол оо?
-Ер нь дуугарна гэдэг ухаантай байна гэсэн үг биш. Магадгүй заримдаа дуугүй байх нь хамаагүй үр дүнтэй байж болох. Одоогийн үүссэн нөхцөл байдал туйлын эгзэгтэй байгаа. Миний дуугарсан дуугараагүй ямархуу өрнөл явагдаж байгааг та харж байгаа биз дээ. Тэр дотор орж, гал дээр тос нэмэрлээд байх шаардлагагүй/. Ерөнхий чиг хандлага нь зөв бол тэрийг нь дэмжээд явж байсан нь дээр болов уу.
-Ардчилсан намын анхдагчид үнэхээр шижигнэсэн залуус гэгдэж, ард түмэн ам сайтай байсан. Намынхаа одоогийн нэр хүндийн талаар ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Үнэхээр доогуур байгаа. Ардчилсан нам имижээ өөрчлөх ёстой. 90-ээд оны дундуур ардчилсан хүчнийнхнийг харлуулах зорилгоор зохиомлоор наасан имиж одоо ч хэвээрээ. Дээр нь дотроо хэл амаа ололцдоггүй, тархай бутархай байгаа нь олигтой дүр төрх бүрдүүлэхгүй байна. Тэрийг унэн хэрэг дээрээ үйл ажиллагаагаараа нотлоод байгаа болохоор бас яах ч аргагүй юм даа/ инээд алдав/.15 жил гэдэг бага хугацаа биш. Хувь хүн, ертөнцийг үзэх үзэл бодол нь хүртэл үнэхээр өөрчлөгджээ.
-Тухайлбал, яг яаж өөрчлөгдсөн гэж…
-Оргилуун дэврүүн сэтгэл, романтизм өнгөрөөд прагматик шинжтэй болж. Энэ нь нийгэмд тустай прагматик байвал их зүгээр.
-Нэлээд хүнд үед Ерөнхий сайдын үүргийг хашиж байсан. Тэр үеэсээ дурсана уу?
-Яахав, хэд хэдэн Засгийн газар солигдоод, каш зуурчихаад алга болсон. За, Амаржаргалаа, энийг нэг цэвэрлэчихээрэй гээд л хаячихсантай адил юм уу даа. Тэрийг цэвэрлэх ажил л надад оногдсон /инээв/.
-Эргээд харахад хэр үр дүнтэй ажилласан байх бэ?
-Эрхбиш нийт ард түмэн эрвийх дэрвийхээрээ хичээсэн болохоор үр дүнг чамлахааргүй.
Хэл ам, тариад байсан банк, санхүүгийн реформ, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой юм хийсэн байх жишээтэй.
-Халширч шантрах үе ч бишгүй байсан байх даа?
-Халшралгүй яахав дээ. Томоохон бодлогын чанартай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гэхээр ирц бүрдэхгүй асуудал шийдэхэд хүндрэлтэй үе байлаа.
-Танд тэр үед өөрөө багаа бүрдүүдэх бололцоо байсаар байтал яагаад тэгээгүй юм бэ. Баг чинь Танд яаж нөлөөлж байв?
-Сонгууль болтол ганц жил үлдчихээд байхад багаа шинээр бүрдүүлэх гэж хугацаа алдаж байснаас бас ч ажиллаж байсан хүмүүст итгэл өгөөд гар нийлж ажиллая гэж бодсон. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Бүгд чадлынхаа хэрээр зүтгэсэн, гэж, тэр хүмүүст одоо ч баярлаж явдаг.
-Тэр үед Ерөнхий сайдын албыг аваад үдаагүй байтал, хугацаа тань дуусчихсан. Харамсалтай санагддаг уу. Хэрэв үргэлжлүүлсэн бол юу хийх байсан бол?
-Төлөвлөж байсан зүйл бий. Гүйцээж чадаагүй. Яая гэхэв. Өгөгдсөн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь тиим юм чинь.
-Эдийн засгийн байдлыг мэргэжлийн хүний нүдээр харахад
-Хөлд орчихжээ. Итгэлтэй урагш алхах хэрэгтэй. Гол учир шалтгаан нь төр, засгийн ухаантай зөв бодлого явуулсан гэхээсээ илүү дэлхийн зах
зээлийн үнийн хэлбэлзлээс үүдэлтэй эдийн засгийн өсөлт. Энэ бололцоог зөв ашиглах нь чухал. Нөгөөтэйгүүр энэ нь тодорхой хэмжээний аюул дагуулж байдаг.
-Чухам ямар аюул дагуулж болох вэ?
-Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцийг эвдээд хаячихдаг. Манайд уул уурхайн салбар л гсуллон хөгжиж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид ч тийшээ хошуураад. Бусад салбарууд нь унаад, голланд өвчин гэгчид нэрвэгдэж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр орлогын хуваарилалтын асуудал. Өнгөрсөн жил 10.6 хувиар эдийн засаг өслөө гэхэд энэ өсөлтийн үр шимийг өнөөх баячууд нь хүртээд, ядуучуудад юу ч наалдахгүй өнгөрөх жишээтэй. Үүнээс баян хоосны ялгаа үүсч, нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй.
-Уул уурхайгаас өөр салбарыг яагаад сонирхохгүй байна вэ. Ноос ноолуураас эхлээд ашигтай салбарууд олон бий шүү дээ.
-Тэнд хүнд суртлын механизм уул уурхайн салбарынхаас хамаагүй илүү, жижиг түшмэлүүдийн эрх мэдэл хэрээс хэтэрсэн байх жишээтэй. Нөгөө талаас ашиг гол шалгуур шүү дээ.
-Таныг СЭЗДС-ийн захирлаар ажиллаж байх үед танай сургууль анх удаа Америкийн сургалтын системийг нэвтрүүлж эхэлсэн. Тиймээс ч залуус танай сургуульд элсэн суралцахыг эрмэлзэх болсон?
-Одоо ч хэвээрээ. Хамгийн өндөр шалгууртай нь. Сая 50 гаруй хуваарь дээр 3000 хүүхэд өрсөлдсөн. Тухайн үед хамгийн гол бэрхшээл нь эрх баригчид байсан. Өөрийнхөө мэдэхгүйг байхгүй гэж боддог, өөрийнхөө чадахгүйг болохгүй гэж боддог хүмүүс тэр үед ч их байсан, одоо ч их байна. Тэд л саад болдог байлаа.
-Энэ системийг нэвтрүүлэхэд дэлхийд нэр хүндтэй сургуулийн туршлагаас судалсан уу?
-Үгүй, бид өөрсдөө л нэвтрүүлсэн. Дандаа шинэ санаа дэвшүүлээд, түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд ийм үр дүнд хүрсэн. Залуусын хүсч байсан шаардлага, хүсэл таашаалд нийцсэн болоод л манайхыг сонирхож эхэлсэн нь лавтай. Одоо сургуульдаа Удирдах зөвлөлийн дарга нь. Жилд хоёр удаа очиж, хуралд суух үүрэгтэй.
-Хааяа найз нөхөдтэйгээ шар айраг шимж, хуучилж суух зав гарч байна уу. Таныг чамгүй бүжигчин гэж сонссон юм байна?
-Шар айраг шимж, хуучилдаг хэвээрээ. Бүжиглэхээ больсон. Хамгийн сүүлд хэзээ дисконд орсноо санахгүй байна. Харин сүүлийн үед гольф тоглодог болсон. Анх тоглож эхэлснээ бодвол овоо дөртэй болж байгаа.
-Тиим үү, гольфыг элитүүдийн спорт гэдэг байх аа?
-Яг ч нарийндаа тиим биш. 40 хүрээд ирэхээр бөмбөг хөөж чадахаа болиод тохирсон спорт тэр л болдог юм байна. Бас ч гэж агаарт арваад километр алхчихна. Дажгүй шүү.
-Цэргийн хүн болохоор буу дуугаргачихна биз. Чамгүй анчин гэж сонссон юм байна?
-Хавар, намартаа заавал явна. 20 гаруй чоно агнасан. Арьс махыг нь нутгийнханд бэлэглэчихдэг юм. Гэхдээ би ч шинжлэх ухааны талын хүн шүү дээ.
-Интернэтээр их аялж байна уу?
-Өдөрт заавал нэг цаг тасралтгүй аялж, шуудангаа шалгаж, хариу бичнэ. Сүүлийн үед гадны хэвлэлээр гарч байгаа онолын материалыг сонирхож уншдаг.
-Тэгвэл компьютер Таны хамгийн чухал хэрэгсэл байх нь ойлгомжтой.
-Өмнө нь үзгэндээ хайртай байлаа. Одоо бол мэдээж компьютер.
-Нүдний шилтэй хэдийнээс нөхөрлөж байгаа вэ. Эсвэл Таны имиж гэж ойлгох уу?
-Хориод жил нөхөрлөж байна. Хувцасны хувьд нэг их үнэтэй, моод дагасан сонголт хийдэггүй. Дандаа сонгодог стиль. Өмнө нь ч тиим байсан, хойшид ч хоцрогдохгүй амар, хэмнэлттэй. Нэг хувцас авахдаа 2-3 ижил цамц авчих жишээтэй.
-Ямар унаатай байгаа вэ. Хамгийн сүүлд хэзээ нийтийн унаагаар зорчсон бол?
-Их хямд, бас удаан эдэлгээтэйг нь чухалчилдаг. Би баян чинээлэг хүн биш, гоё танган нь надад сонин биш. А цэгээс В цэг рүү хүргэчих, тэгээд өдөр бүр засварын газар руу чирээд байхгүй л бол болоо. Одоо Suzuki маркийн машинтай. Нийтийн унаанд суулгүй дөрвөн жил орчим болж байна.
-Яагаад хямдыг сонгодог, хэмнэлттэй гээд байдаг юм ,бэ. Мэргэжлийн онцлог гэж ойлгож болох уу?
-Би ямар бизнес эрхлэх биш. Зөвхөн цалин, хажуугаар нь энд тэнд юм бичиж, лекц уншиж мөнгө олдог. Гол орлого тэр учраас хэрэгцээ ч гэсэн тэгсгээд л хязгаарлагдана.
-Яагаад баяжиж болоогүй юм бэ. Юу саад болов?
-Яахав, миний хүмүүжил тэр. Социалист хүмүүжил намайг баяжихад саад болсон болов уу. Амин хувийн төлөө биш, нийтийн төлөө зүтгэх ёстой гээд ойлгочихсон. Түүнийгээ эвдэж чаддаггуй.
-Хааяа хэл аманд өртөх, гүтгүүлэх гээд хэцүү үед яаж тайвширдаг вэ?
-Өрөөндөө ороод л номоо уншаад суучихдаг. Хааяа уурлаж бухимдана. Гэхдээ хүнд хоргүй, аюул учруулахааргүй, учиртай уурлана.
-Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу. Хүүхдүүддээ хаана боловсрол эзэмшүүлж байна?
-Миний гэргий Ж.Болормаа Хөрөнгийн биржид ажилладаг. Хоёр хүүтэй. Том нь Орчлон сургуулийн 11 дүгээр ангид сурч, бага нь цэцэрлэгт хүмүүжиж байна. Ирээдүйд ч хаана ямар сайн сургууль байна, түүнд суралцуулах бодолтой. Өвлүүлэх баялаг гэхээсээ сайн боловсрол эзэмшүүлэх нь удмын хүмүүжил гэх үү дээ. Мөн ертөнцийг үзэх үзэл, хүнд хандах хандлагыг гэрийн хүмүүжлээр олгох нь чухал.
-Хэр сайн хань, хэр хатуу аав бэ. Эцэг эхийн хуралд сууж амждаг уу?
-Зөөлөн. Би аливаад хориг тавих дургүй. Ухаантай хүн буруу юм хийх нь ховор байдаг. Хааяа эцэг эхийн хуралд суучихдаг юмаа. Ханийн хувьд арай гологдчихоогүй л байна /инээв/
-Хайр дурлал, анхны хүүхэд гээд хүний амьдралд нандин үе зөндөө. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
-Ер нь их дотогшоо. Зүрх гэхээсээ илүү тархиараа хүлээж авдаг ч юм уу. Энэ талаас нь заримдаа өөрийгөө гайхаад л байдаг юм.
-Хэдийгээр залуу хүн боловч ярвигтай ажил эрхэлдгийн хувьд сүсэг бишрэлтэй юу?
-Ёстой тааруу. Яагаад гэвэл Тэнэгийн дотор уужим гэгчээр мэдэхгүй явбал сэтгэлд сэвгүй амар санагддаг.
-Монголд банкны тогтолцоо хэр зөв гольдрилоор явж байна. Мөнгө угаах гэмт хэрэгт байна гэдэг? -Ямар ч байсан хүнд үеэ давчихсан. Гэхдээ эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангах чанарын шаардлагыг хангахгүй байна. Хамгийн наад зах нь өөрийн капиталын буюу активынхаа хэмжээгээр дотоодынхоо дорвитойхон компаниин хэрэгцээг ч хангах / банк алга. Оффшор банк бол буруу юм биш. Түүнд мөнгө орж гарч байх ёстой. Гол нь үйл ажиллагаа нь далд биш ил байх ёстой.
-Таны энэ өрөөнд өмнө нь Ерөнхий сайд асан П.Жасрай гуай сууж байсан. Ерөнхий сайдууд, эдийн засагчдын даллагатам өрөө юм аа даа?
-Тиим шүү. Бэлгэшээж л явдаг юм. Монголын төлөө цохилох зүрхтэй, төрийн зүтгэлтэн, буянтай буурлуудын нэг.
У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-10-05 )