Зургаан чоно, хоёр баавгайтай айл
Энэ үеэр 2003-2005 онуудад Олон улсын циркийн фестивальд амжилттай оролцсон шилдэг 10 гаруй үзүүлбэрээ сонирхуулахаар зэхжээ. Улсын циркийнхэн энэ зун бараг амраагуй аж. Тайвань, Өвөрмонголын Хөх хот болон ОХУ-ын Чита мужид тогложээ. Удахгүй энэ сарын сүүлээр Хятадын Учао мужид зочлох юм байна. Мөн ирэх нэгдүгээр сард Парисийн Монте Карлод болох Олон улсын циркийн наадамд оролцохоор гэрээ байгуулжээ.
Циркийн уран бүтээлчид хоёр янзаар цалинждаг аж. Энэ нь үндсэн болон гэрээт ажилчин гэсэн ялгавартай юм байна. Үндсэн ажилчин нь үзүүлж байгаа үзүүлбэрээсээ хамаарч цалинжих бол гэрээт нь циркийн дэргэдэх дугуйланд суралцдаг хүүхдүүд тул бэлтгэсэн номероо үнэлүүлж цалинждаг ажээ. Цирк үзэх хүслийг хамгийн ихээр төрүүлдэг зүйл бол мэдээж амьтад. Тайзан дээр тоглох бамбарууш, бөмбөг өнхрүүлж буй чоно, уран нугараач охидтой давхих морь тэргүүтэнг хэрхэн сургадаг талаар сонирхлоо.
Хамгийн арчилгаа багатай амьтан бол баавгай. Тус циркт хоёр том баавгай, хоёр жижиг бамбарууш байдаг. Тэднийг махны шөлөнд чанасан шар будаа, лууван, молокотой талхаар хооллодог. Харин мах огт өгдөггүй аж. Баавгай 2-4 настайдаа юм сурахдаа сайн. Энэ үед нь жигнэмэг, ёотон, загасаар урамшуулах маягаар хийсэн үйлдлийг нь гарштал сургадаг. Бүр рефлекс суусан хойно нь эрхлүүлж алим зүсч өгдөг ажээ. Баавгай их удаан хөдөлгөөнтэй юм шиг мөртлөө цочих болон дайрахдаа гарамгай хурдан аж.
Харин цирк зургаан чонотой. Үүний хоёр нь сургуультай чоно бөгөөд Хөвсгөлөөс авчирчээ. Үлдсэн дөрөв нь Солонгос эзний захиалгаар сургаж буй чоно ажээ. Тэдний нэг онцлог нь маш хурдан хөдөлгөөнтэй. Хамгийн гол нь тэднийг өлсгөж л болохгүй. Хэрвэа тиим тохиолдол гарвал хүн рүү дайрах дөхдөг ажээ. Циркийн хуучин ажилчин морь ердөө ганцхан байдаг аж. Харин саяхан ОХУ-аас хатирч үүлдрийн 9 морь авчирсан нь арчилгаа их шаардаж байгаа аж. Тэдэнд өгөх өвсний хэмжээ одоохондоо бага байгаа учраас удахгүй 3000 боодол өвс ирэх сурагтай.
Урьд маш олон төрлийн нохой авчраад сургах гээд дийлээгүй тул одоогоор пудель үүлдрийн найман нохой л байгаа аж. Тэднийг битүү модон саравчинд хийж түгжжээ.
Циркийн хашаанд үүнээс өөр бар, шилүүс, сарлаг зэрэг олон амьтан байлаа.
(өнөөдрийн монгол 2005-10-05 )