Засгийн эрхийн төлөөх авлига хамгийн хорон
Латин Америк болон Африк тив хэл хахууль, хууль бус наймаа цэцэглэн хөгжсөн газар гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамгийн гол нь эрх баригчид нь улс орныхоо ядуу зүдүү байдлаар түрүү барин дэлхийн тэргүүлэх гурэн, олон улсын валютын сан, дэлхийн банкаас зай завсаргүй тусламж гуйж жил тутам өрөө цайруулах хүсэлт тавьж тусламж гуйдаг ч нөгөө л хэдхэн улстөрч, баячууд нь ард түмнээсээ улам тасарч байгаа нь бодит үнэн билээ. Хамгийн сонирхолтой нь Латин Америкийн 18 оронд явуулсан судалгаагаар эдгээр улс орны иргэд хээл хахуулийг бус эдийн засгийн хямралыг эхний ээлжинд тавьсан байх юм. Мөн санал асуулгад оролцогсдын 80 гаруй хувь нь цаашдаа ч авлига улам ихэснэ гэдэгт итгэлтэй байдаг аж. Тэр ч байтугай хэрвээ эдийн засгийн байдал нь дээрдэж л байвал, буцаад диктатурын системд орсон ч яахав гэж олонхи нь хариулсан байна.
Тус бүс нутагт хамгийн тод ажиглагдаж байгаа нэг зүйл нь хувь хүн баяжихын төлөө хахууль авах нь тиим ч чухал бус харин өндэр албан тушаал, эрх мэдлийн төлөө авлигад идэгдэх нь хамгийн хорон байгаад өсөлтгүй эдийн засаг, ядуурал нотолж байна/ 2002 онд Луиш Инасу Лула да Сильва Бразильд хамгийн шударга, нээлттэй, ёс суртахуунтай засгийн газар байгуулна гэж ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тангараглан түүний төлөө саналаа өгсөн 50 сая гаруй бразильчууд түүний уран сайхан үгэнд итгэн бараг л нулим цийлэгнүүлж байжээ. Харин одоо да Сильвагийн засгийн газар шиг авлигад идэгдсэн институци Бразилийн түүхэнд байгаагүйг нотлох ганц нэг жишээ дурдъя. Тус улсын конгресст эрх баригч Хөдөлмөрийн намын парламентын гишүүд сөрөг намын гишүүдээс саналыг нь дэмжсэний төлөө сар тутам 12.5 мянган ам.долларын хахууль авч байсныг гэрчилжээ. Үүний дараа эрх баригч намын парламентын гишүүд бүгд огцорсон бөгөөд тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч Луиш Инасу Лула да Сильва хугацаанаас өмнө огцрох асуудал яригдаж байна.
Засгийн газартаа сэтгэл хангалуун бус байх, хээл хахууль бараг ил тод болох нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж нийгмийг эмх замбараагаагүй байдалд оруулдгийн бас нэг жишээ. Перуд сүүлийн таван жилд найман засгийн газар огцорч одоогийн Ерөнхийлөгч Алехандро Толедо мөн л авлигатай тэмцэнэ, устгана гэсэн улиг болсон уриагаар сонгогдсон билээ. Тэрбээр хээл хахуулийн боловсронгуй системийг бий болгосон гэж хэлж болох ерөнхийлөгч Альберто Фухиморигоос ажил авсан юм. Мөн яг л ийм шалтгаанаар Эквадорын Ерөнхийлөгч Лусио Гуттьерес өнгөрөгч дөрөвдүгээр сард огцорсон.
Мексикт 2000 онд Висенте Фокс бараг 70 жил төр барьсан аалзны тор шиг системийг ялан ард тумнийхээ итгэлийг аван гарч ирсэн боловч тэр авлигатай тэмцэх нь байтугай гэр бүлээрээ хууль бус үйлдэлд орооцолдсон нь тодорхой болжээ. Түүний сонгуулийн кампанит ажлыг санхүүжуүлсэн эдийн засгийн бохир ажилд эхнэр нь хутгалдаж, хүүхдүүд нь барилгын тендерийг хууль бусаар бусдад өгсөн зэрэг нэг бус асуудалд нэр нь хутгалдаж явна.
Никарагуагийн Ерөнхийлөгч асан Арнольдо Алеман улсын хөрөнгөд гар дүрснийхээ төлөө 20 жил эрх чөлөөгөө хасуулах ял сонсоод байгаач давж заалдах шатанд явж байна. Магадгуй хэдэн сарын дараа тэр нэр төрөө сэргээлгэхэд гайхах зүйл үгүй тиим орчинтой улс.
Коста-Рикагийн хоёр ч ерөнхийлөгч улсын нэрээр хийсэн гэрээ контракийн төлөө гарын мөнгө авсан хэрэгт буруудаж байна.
Энэ бүхнийг улстөрийн ажиглагчид бүс нутгийн чанаргүй ардчилал гэж, нэрлэхэд хүрээд байгаа аж. Дээр нэр дурдсан олон орны төрийн тэргүүн өөрсдийгөө ямар ч нүгэлгүй гэж үздэг нь сонин. Саяхан Бразилийн Ерөнхийлөгч Луиш Инасу Лула да Сильва Одоохондоо энэ улсад надтай ёс суртхууны талаар маргах эрхтэй хүн хараахан төрөөгүй гэсэн байна. Тэр дээрх үгийг зүгээр л хэлсэнгүй бүр мэдэгдэл хийжээ.
(өнөөдрийн монгол 2005-10-05 )