Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралдаан мягмар гаригт боллоо.
Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны орлогч дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтын ахалсан ажлын хэсэг Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Их хааны хөшөө дурсгалын цогцолборын зураг төслийг Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.
Цогцолбор нь тулгар нэгдсэн төрийг байгуулсан Чингис хааны хөшөө, төрийн түүхийг илтгэн харуулсан музей зэргээс бүрдэх бүтээн байгуулалтын ажил юм.
Дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв
Тулгар төр-800 сангийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Үндэсний хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гарсан саналыг тусган Үндэсний хорооны тогтоол гаргахаар тогтов.
Сангийн удирдах зөвлөлийн дарга нь Үндэсний хорооны орлогч дарга байсныг Үндэсний хорооны дарга байхаар дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Мөн Сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 6 гишүүнтэй байсныг 10 болгожээ. Сан нь гүйцэтгэх захиралтай байх бөгөөд түүнийг удирдах зөвлөлөөс томилж байх аж.
Их хаадын цогцолбор-ын төсөл шалгаруулах уралдааны дүнгийн тухай хэлэлцлээ
Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Хархорин хотод байгуулахаар төлөвлөсөн Их хаадын цогцолбор-ын төсөл шалгаруулах болзол дүгнэсэн тухай тус комиссын дарга Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаярын мэдээллийг хэлэлцэж, тогтоолын төслийг батлахаар болсон байна.
Төсөлд бүтээлээ ирүүлсэн багуудаас 50 хувиас дээш санал авсан баг гараагүй аж. Иймд тэдгээрийн хөдөлмөрийг үнэлж урамшуулах шалгаруулалт хийх нь зүйтэй хэмээн комиссын зүгээс үзсэн байна. Мөн олон улсын тендерт ирүүлсэн бүтээлүүдээр Хархоринд үзэсгэлэн гаргаж, олон улсын комисс болон ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв гэсэн шийдэлд хүрчээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба