Тоншуулсэтгүүл 70 насандаа АЛТАН ТОНШУУЛ наадмаар уншигчидад бэлэг барих гэж байна.
Монголын үе үеийн уран бүтээлчид болох Ц.Дамдинсүрэн, Ц.Гайтав, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, А.Гүрсэд, Ц.Байды, Ц.Доржготов, Ж.Барамсай, Ш.Цэнд-Аюуш, И.Цэрэнжамц, Д.Латип, Н.Цэвээнравдан нар Тоншуул сэтгүүлд ажиллаж, уран бүтээлээ тууриваж байжээ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдмал, хатуу цензуртай байсан өмнөх системийн үед нийгмийн аливаа дутагдлыг Тоншуул оновчтой хатуу шүүмжилсээр ирсэн. Орчин үед Тоншуул сэтгүүл нь ямар нэг нам, улс төрийн хүчний харьяалалгүй хараат бус, бие даасан хэвлэл болон төлөвшиж байна. Нийтлэлийн бодлогын хувьд шог хошин төрлийг голчлон анхаарч, шог зохиолч, яруу найрагчид, шог зураачдын уран бүтээлийг олон нийтэд хүргэх, хошин шогийн уран бүтээлчид, зүтгэлтнүүдийг олон түмэнд сурталчилах чиглэлийг түлхүү баримталж байна. Yүнийхээ зэрэгцээ үе үеийн нийгмийн дутагдал доголдол, шударга бус явдалтай тэмцсээр ирсэн нь Тоншуул сэтгүүлийн нийтлэлийн бодлогын гол цөм нь болж 70 настай золгоод байна. Ялангуяа Монгол улсад ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, түүнийг хүлээн авах нийгмийн уур амьегалыг бүрдүүлэхэд сэтгүүлийн нийтлэл, уран бүтээл багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Тоншуул сэтгүүл нь 14 хоногт нэг удаа 16 нүүрээр хэвлэгддэг бөгөөд үүний 4 нүүр нь бүтэн өнгөтэйгээр хэвлэгдэж, улиралд 6 дугаар гаргаж байна. Тус сэтгүүл нь бусад сэтгүүлээс ялгагдах нэг шинж нь нийгэмд үзүүлсэн нөлөө нөлөөллөөрөө тэргүүлэх эгнээнд байдаг ууган хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг юм. Ойг утгсан олон талт арга хэмжээг аваад байгаагаас дурдвал хийж бүтээсэнээрээ аль хэдийн гавьяат болсон байх ахмад уран бүтээлчдийн нэрийг төр засгийн дээд шагналд нэр дэвшүүлэх, АЛТАН ТОНШУУЛ наадам зохион байгууллах, уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргах ажил төлөвлөөд байгаа ажээ.
Хошин шогийн дээд шагнал гардуулах АЛТАН ТОНШУУЛ наадмыг энэ жил анх удаагаа зохион байгууллах бөгөөд цаашид жил бүр тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм байна. Хошин шогоор уран бүтээл хийдэг хүмүүст найр наадам гэх юм бараг байгүй бөгөөд цорын ганц баяр наадам байсан Азтай Бадарчин алтан цомын төлөө уралдаант наадам хоёр жил дараалан эохиогдсонгүй. Уг наадам зах зээлийн шударга өрсөлдөөний өнөө үед маркетинг болон сурталчилгааны ихээхэн ач холбогдолтойгоос гадна хошин урлагийнхны эв нэгдлийн билэг тэмдэг болж байсан юм. Тоншуул сэтгүүл нь анх 1989 онд Бэлэн Сэнгэ наадмыг явуулж байсан бөгөөд энэ удаад ХОШИН ШОГИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЛТАН ТОНШУУЛ НААДМЫГ зохион байгууллаж байх шийдвэрийг 70 жилийн ойг угтан гаргалаа. Тухайн оны шилдэгүүд нь Оны шилдэг хошин шог зураг, шог зохиол, шог нэвтрүүлэг, Монголын хошин шог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, шилдэг уран бүтээлийг энэ наадмаар шалгаруулах юм байна. Аливаа урлаг, уран бүтээлийн хөгжил дэвшилд судалгаа, шүүмж судлалын ач холбогдол, тус нэмэр асар их билээ. Иймд энэ салбарт хийгдэх бодит ажлын эхлэл гэж үзэж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллах юм байна. Хуралд үе үеийн шог зохиолчдоос гадна шинэ залуу уран бүтээлчид, оюутан сурагчид оролцож хошин урлаг болон түүнийг тойрсон сэдэв, тулгамдаж буй асуудлуудын талаар лекц уншиж, чөлөөтэй харилцан ярилцах юм. Тоншуул сэтгүүл 70 насны ойд зориулан нийт ажиллаж байсан зохиолч, зураач, сэтгүүлчдийн дурмаж яриа, нийтлэлээр эмхтэгсэн ном гаргах юм байна.
Т.Оргил /olloo mn/