Ард түмэндээ зөвхөн урлагаар л үйлчилнэ
Дуучин Б.Баттөр урлагт хөл тавиад 12 жил болж буй бөгөөд энэ хугацаанд улсын болон олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд оролцож ихэнхдээ л тэргүүн, дэд байрын шагнал хүртэж явсан авьяаслаг дуучин.
Сүүлийн үед залуу дуучид олноор төрөн гарч сарын хугацаанд цомог гаргаж, жил хүрэхгүй
хугацаанд бие даасан тоглолтоо хийдэг болсон. Харин Б.Баттөр арав гаруй жилийн дараа тоглолтоо хийж, бас ч үгүй өөрийн гэсэн хэд хэдэн бүтээлтэй болсон хэрнээ түүгээрээ тоглолтоо нэрлэсэнгүй харин Би хэмээн омголон нэрлэжээ. Энэ нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр өгсөн нэр бус гэнэ. Учир нь тэрбээр ТМС, Техникум, Их сургууль гээд гурван шатны сургуулийг дүүргэж гадаад, дотоодод боловсрол эзэмшиж, урлагтай холбогдсоноос хойших арав гаруй жилийн хөдөлмөр, хүн болж төрснөөс 30 гаруй жилийн турш үзэж туулсан бүхнээ зохиомжлон тайлагнах. Тэр ч байтугай тоглолтоо ямар нэгэн хувь хүн, компани пүүсээр ивээн тэтгүүлээгүй зөвхөн өөрөө өөрийгөө спонсорлож буй учраас л Би гэж нэрлэсэн гэнэ. Б.Баттөр Би сүүлийн үеийн дуучид шиг миний тоглолтыг үзвэл тийм зүйл өгнө гэж амлаж чадахгүй. Миний тоглолтыг үзвэл тийм зүйл өгнө гэж амлах бол урлаг биш. Аргаа барсан ядмаг уран бүтээлчдийн зан. Энэ бол зөвхөн Монголд байдаг сэтгэхүй. Урлагийн хүнд ийм ёс зүй байх ёсгүй. Миний хувьд ард түмэндээ зөвхөн урлагаар л үйлчилнэ. Амьд хоолойгоор дуулна. Энэ тоглолтоороо хамгийн гол нь мэргэжлийн дуучин ямар байх ёстойг харуулахыг зорьсон гэлээ. Түүний тоглолтыг Соёлын гавьят зүтгэлтэн Ш.Гүрбазар хөтлөх бөгөөд 5555 төрөгийн үнэтэй аж.
Д.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-10-06 240)