Тоншуул ойгоороо бөх барилдуулж, концерт тоглуулахгүй
Тэд ойн баяраа тохиолдуулан бөх барилдуулж, концерт зохион байгуулахгүй харин ард түмэндээ оюуны бэлэг барих гэнэ. Тухайлбал Монголын шилдэг хошин шог зохиолын дээж, Монголын шилдэг хошин шог зургийн дээж, Тоншуул сэтгүүлийнхний тухай дурсамж гэсэн гурван ном гаргах. Мөн Тоншуул сэтгүүлийн хамт олон, үе үеийн шог зургийн уран бүтээлчдийг төлөөлүүлэн ахмад уран бүтээлч Ц.Байдын уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, хошин урлагийн ахмад болон залуу уран бүтээлчид, урлаг судлаачид оролцсон хошин урлаг тойрсон сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах аж. Үүнээс гадна хошин шогийн дээд шагнал гардуулах Алтан тоншуул наадмыг өнөө жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж оны шилдэг хошин шог зураг, зохиол, нэвтрүүлэг, хошин урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, шилдгийн шилдэг уран бүтээлч гэсэн номинациар шалгаруулж Алтан тоншуул шагнал олгохоор болжээ. Сонирхуулахад, тус сэтгүүлийн ахмад уран бүтээлч Ц.Доржготов сэтгүүлээсээ тав дүү бөгөөд 18 настайдаа анхны уран бүтээлээ Тоншуул сэтгүүл дээр нийтлүүлж байжээ. Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн Тоншуул сэтгүүлийн зөвлөлийн дарга гавьяат жүжигчин Д.Сосорбарам Тоншуул бол чадварлаг уран бүтээлч хамт олноос бүрдсэн, нийгмийн бохир асуудлыг хурцаар шүүмжилж чаддаг шударга хэвлэл юм. Тус сэтгүүлийн уран бүтээлч Ц.Доржготовын Үүнээс өөрөөр зөвшилцөнө гэвэл, идчих нь шүү, би чамайг, Ц.Цогтбаярын Хоёр жилээр ээлжилж хусалцана гэсэн яасан бэ зэрэг зураг нь цаг үеэ мэдэрсэн томоохон уран бүтээл юм гэж байлаа. Д.Сосорбарам гавьяат сэтгүүлч Б.Цэнддоогийн Зөвлөгөөн цуврал фельетоноор цомог гаргаж байгаа бөгөөд үүнийгээ Алтан тоншуул шагнал гардуулах ажиллагааны үеэр үзэгчдэд хүргэх гэнэ.
Д.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 2005-10-06 240)