Хууль байхгүйгээс манай ЭСЯ-ны дансыг хаажээ
Тус байнгын хорооны дарга Ц.Дамиран гишүүдээ байсхийгээд л нэрсээр нь дуудаж Одоо зургаан гишүүн, одоо гурван гишүүн дутуу байна гэж хичээнгүйлэн дуудсаны хүчинд ирц арай хийж бүрдсэн.
Монголбанкны 2004 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Ерөнхийлөгч О.Чулуунбат тавив. Монголбанк 2004 онд сүүлийн дөрвөн жил бэхжүүлж авсан санхүү мөнгөний тогтвортой байдлыг хадгалж ажилласнаар инфляц урьд жилүүдийнхээс өндөр буюу 11 хувьтай гарчээ. Энэ нь нефтийн үнийн өсөлт амьжиргааны суурь үнийг өсгөсөнтэй холбоотой гэнэ. Мөн онд махны нийлүүлэлт муу байснаас үнэ өссөн. Гэвч дөрвөн жилийн дунджаар авбал манай инфляц 5-6 хувьтай гарсан аж. Бидний бодлоор болдогсон бол долоон хувиас хэтрүүлэлгүй барих санаатай байсан гэж О.Чулуунбаатар ерөнхийлөгч дурдаж байв. Банкуудад хадгалуулсан мөнгө 20 хувь өссөнийг ОУВС сайн үзүүлэлт биш гэж үздэг аж. Тэд мөнгө их өсвөл имфляц өндөр гарна гэдэг байна. Таван жилийн өмнө манай арилжааны банкуудад 250 сая ам.долларт хүрэхгүй шахуу мөнгө байсан бол өдгөө тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгөтэй болжээ. Зээл гэхэд 2000 оны наймдугаар сард 60 тэрбум байсан бол өнгөрсөн онд 650-700 тэрбум төгрөг болсон аж. Энэ их мөнгө Монгол Улсад ямар их ажлын байр, мөн хөрөнгө оруулалт болсон нь ойлгомжтой. Зөвхөн төсөв гэхэд 2000 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Банк санхүүгийн салбарын тогтвортой байдал ямар байгааг тэрээр баримт түшин хэлсэн. Арилжааны банкны ажил гайгүй сайн, үүний нэг жишээ нь саяхан Нью-Йорк хотын олон улсын үнэлгээний байгууллага B-1 гэсэн үнэлгээ өгсөн нь бараг хөрөнгө оруулалтын үнэлгээ гэж байлаа.Энэ бол хөрөнгө оруулж болно гэсэн маш хүчтэй дохиог дэлхийн зах зээлд цацаж буй хэрэг гэдгийг ч цохон тэмдэглэсэн юм. Олон улсын байгууллагаас манай арилжааны банкнуудын төлбөрийн чадварыг өндөр үнэлсэн. Арилжааны банкны муу зээл буюу эргэж төлөгддөгүй зээл найман хувьтай байгаа нь маш их амжилт. Хөгжилтөй орнуудад муу зээл-ийн хэмжээ таван хувиас ихгүй байдаг. Харин Хятад зэрэг хөгжиж буй оронд муу зээлийн хэмжээ 15-20 хувьтай байдаг нь манай арилжааны банкууд ямар ажиллаж байгааг харуулж байна гэв.
Одоо УИХ-д хэд хэдэн хууль өргөн барьсан, зарим нь хэлэлцэгдэж байгаа. Эдгээрээс мөнгө угаахтай тэмцэх хуульд Монголбанкныхан нэлээд ач холбогдол өгч байгаа аж. Дэлхийн ихэнх улс ийм хуультай байдаг. Гэтэл манайд байдгүйгээс Вашингтон дахь манай Элчин сайдын яамны дансыг хаачихсан гэнэ. Энэ талаараа тэд Танайх мөнгө угаахтай тэмцэх тухай хуульгүй, иймээс бид танайд итгэж болохгүй байна гэсэн тайлбарыг хийдэг аж.
Санхүүгийн зохицуулах хорооны асуудал мөн яригдсан. Энэ асуудлыг түргэн шийдэхгүй бол хадгаламж зээлийн хоршооны асуудал хүндэрч мэдэхээр байгаа аж. Манайд 500 хадгаламж зээлийн хоршоо бий. Үүнээс 250 нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд яг идэвхтэй ажиллаж байгаа нь 10-20 гэнэ. Нийт хадгаламж зээлийн хоршооны балансын эргэлтийн 80 гаруй хувь нь ердөө дөрөв тавхан хоршоонд төвлөрдөг. Бусад нь юу ч хийхгүй мөнгө цуглуулж авчихаад өөр бизнес хийх буюу мөнгийг нь луйвардаж байдаг. Нэлээд хэдэн хадгаламж зээлийн хоршоог шүүхэд өгчихсөн. Үүнийг хуулиар зохицуулахгүй бол санхүүгийн секторт муугаар нөлөөлөх талтай гэдгийг тэрээр тайлбартаа дурдсан. Үүний дараа Монголбанкны 2004 оны тайланг бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагч Л.Пүрэвдорж гишүүн товч дүгнэлт хэллээ. Монголбанк УИХ-аас баталж өгсөн мөнгөний бодлогын хүрээнд эдийн засаг санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах зорилтоо өнгөрсөн онд хэрэгжүүлж чадсан гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Эцэст нь гишүүд сонирхсон зүйлээ асуулаа. Д.Одхүү гишүүн Монголын валютын нөөцийг сонирхоход О.Чулуунбат 2003 онд 280 сая ам.доллар байсан. ОХУ-д өр өгөөд нэлээд буурсан. Харин одоо манай улсын валютын нөөц 240 сая ам долларт хүрсэн гэж байв. Гишүүд урт хугацааны орон сууцны зээлийн хүүг бууруулах талаар юу хийж байгааг түүнээс мөн сонирхсон. Энэ талаар тэрээр Манай банкууд урт хугацааны зээл орон сууцанд хандан өгч чадахгүй. Яагаад гэвэл гаднаас манайд санал болгож байгаа зээлүүд 13 хувийн хүүтэй байдаг. Түүгээр яаж 7-8 хувьтай зээл өгч чадах билээ хэмээн хариулж байв. Гэхдээ гадаад орнуудад бага хүүтэй зээл өчнөөн байдаг гээд Европын орнуудын хадгаламжийн хүү маш бага байдаг тэдэнд дээрх хувийн хүүтэй зээлийг урт хугацаагаар авах санал тавихад дуртай зөвшөөрдөг. Харин Засгийн газрын баталгаа шаарддаг бөгөөд тэр баталгаа нь төсвөөс зээлийг төл гэсэн үг биш харин хууль эрх зүйн баталгаа гаргаж өг гэсэн үг шүү гэж тайлбарлаж байв.
Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-06 240)