Төрөлтөөс болж эхчүүд эндсээр байх уу?
Монголын хувьд анхааралдаа авах зүйлийн нэг яах аргагүй эхийн эндэгдэл. Ер нь монголчууд төрөлтийг үхэлтэй жишин харьцуулах нь бий. Үхэх төрөх адилхан ч гэх юм уу, эсвэл эрүүний заадаснаас бусад үе мөч бүхэн салж байж үрээ төрүүлдэг гэнэ лээ гэхчилэн хэлэлцдэг. Тэр ч зангаараа тэр үү, бүсгүйчүүд нь их тэвчээртэй. Үхэхтэй адилтгадаг төрөлтийг хүлээж авах бэлтгэл сайтайдаа ч юм уу, ёстой үхэхээс наагуурхи өвчнийг тэсээд л гарна. Хэзээ ч харийнхны кинонд гардаг шиг бие давхар болонгуутаа ухаан алдаж унадаггүй, бас төрөхдөө орилж хашгираад сүйд болохгүй. Жам ёсны юм жамаараа л болох биз хэмээн уужуу тайван ханддаг. Харин энэ нь эргээд сөргөөр нөлөөлөх нь олонтаа.
21 настай цэл залуухан бүсгүй хань ижилтэй болж, анхныхаа үрийг хэвлийдээ тээгээд бөөн баяр хөөр болжээ. Голомтоо бадраасан тэдэнд удахгүй дуугаа хадаан орчлонд мэндлэх үр нь юу юунаас эрхэм байв. Харин бүсгүй долоон сартай жирэмсэн байхдаа гэнэт дутуу төрөхөөр өвдөж эхэлжээ. Дархан-Уулын харьяалалтай оюутан бүсгүй Нийслэлд хадмууд дээрээ ирээд байхдаа өвдсөн бөгөөд түүнийг хүлээж авах амаржих газар олдсонгүй. Эхлээд ЭНЭШТ-д хандсан боловч ердөө л Харьяалал бус гэдгээр шалтаглаад буцаачихаж. Дараа нь нэгдүгээр амаржих газарт очсон боловч бас л хүлээж авсангүй. Эцэст нь хадмуудынхаа гэрийн ойролцоохь гуравдугаар төрөхөд очоод тэр өдөр ажиллаж байсан эмчээс нь гуйж байгаад хэвтүүлжээ. Нэгэнт харьяалал бус болохоор ар гэрийнхэн нь бүсгүйг аятайхан амаржуулахын тулд мөнгө төгрөг ч өгчээ. Мэдээж, тэднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Харин тийм ч дусал залгана, ийм ч тариа хийнэ гээд мөнгө нэмж авсан гэнэ. Төдөлгүй төрөх орон дээр гаргачихсан гэж байснаа хэсэг хугацааны дараа Хүүхэд нь бүтсэнгүй. Хэвлийдээ нас бараад сар орчим хугацаа өнгөрсөн байна гэсэн хачин мэдээ дуулгах нь тэр. Гэтэл өвдөхийнхөө өмнөх өдөр хүүхэд нь хэвлийдээ хөдөлж байсныг залуухан эх хэлээд байдаг. Бас өөрт нь ямар ч дусал залгаагүй гэдэг. Ийм л нэг золгүй явдал болж залуу бүсгүй тээж төрүүлсэн үрээ харж чадалгүй, хөхнийхөө сүүг дуслуулсаар хагацал үзэж, нулимсан дундаа шаналж хоцорсон байна. Мөн энэ үеэр бас нэг оюутан охин эх хүн болж, үрээ эсэн мэнд төрүүлсэн ч, түргэн ирэхгүй байсаар гэртээ төрсөн түүнийг эмнэлэг рүү хүргэж явах замд хүүхэд нь эндсэн тохиолдол гарчээ. Эдгээр жишээнд эх нь амьд үлдсэн тухай өгүүлсэн хэдий ч, ажлын хариуцлага алдсанаас элэг бүтэн байх амьдрал эмтэрч орхисныг хэлэх гэсэн юм.
Бүтэн биеэ хувааж, ээж байхын жаргалыг амсах гэж байхдаа амьдын хорвоогоос хагацсан жишээ зөндөө бий. Анхны төрөлт гэсэн оноштойгоор ирсэн бүсгүй эмнэлгийн ажилтнуудын буруугаас төрүүлсэн үрийнхээ гараас хөтлөх бус, сэршгүй гүн нойроор унтаж орхиод хоёр жилийн нүүр үзэж байгааг хэвлэлээр зөндөө бичсэн. Төрүүлсэн хүүхэд нь хэдийнэ хэл, хөлд орж, орных нь дэргэд ирж гараас нь чангаан ээжийгээ сэрээх гэж оролддогийг сонссон уншсан бүхний сэтгэл сэмэрдэг нь мэдээж.
Монголд ер нь эхийн эндэгдэл хэр байдаг юм бол гэдгийг мэдэхээр ЭМЯ-ны Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Даваадоржтой уулзсан юм. Тэгэхэд Эхийн эндэгдлийг их нарийн тооцдог л доо. Зөвхөн төрөх үедээ нас барж байгааг эхийн эндэгдэл гэдэггүй. Яагаад гэхээр жирэмсэн болсон цагаасаа эхлээд жирэмсэн байх бүх хугацаа үүнд хамаардаг бөгөөд төрөлтийн явц, төрснөөсөө хойш 42 хоногийн дотор ямар нэгэн шалтгаанаар эндсэн тохиолдолд эхийн эндэгдэлд орно. Зөвхөн төрөхийн улмаас биш, хатгалгаагаар ч өнгөрсөн, шарын хүндрэлээр ч нас барсан эхийн эндэгдэлд ордог. Тухайлбал, өнөө жил Өмнөговь аймагт нэг ийм явдал болсон.Төрөөд 43 хоносон гэх эх шөнө гэртээ гэв гэнэт нас барсан байсан. Тэгээд энэ эхийн эндэгдэл мөн үү, биш үү хэмээн бөөн маргаан болоод ДЭМБ-ын заавар, журмын дагуу дэлхий дахинд мөрдөж байгаагаар төрөөд 42 хоногийн дотор нас барсан бол эхийн эндэгдэлд тооцно гэсэн журмын дагуу асуудлыг шийдэж эхийн эндэгдэл гэж үзсэн. Яагаад гэхээр тухайн эхийн хувьд төрөөд 41 хоног хэдэн цаг болсон байсан учраас үхлийн шалтгаан нь тодорхойгүй ч эхийн эндэгдэлд тооцсон юм. Тэгэхээр эхийн эндэгдэл гэх ойлголтыг их өргөн хүрээнд авч үзэх зүйл гэсэн юм.
Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 35 эх энджээ. Өнгөрсөн оны өдийд 31 эх эндсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онтой харьцуулахад эхийн нас баралт дөрвөөр нэмэгдсэн гэсэн үг. 2004 оны дөрөвдүгээр сард нэг эх амиа алдсан бол, өнөө жилийн мөн сард найман эх нас баржээ. Баянхонгор аймагт гэхэд дөрвөн эх, тэр тусмаа долоо хоногт гурван эх нас барсан байх жишээтэй.
Эхийн эндэгдлийн талаар жилд хоёр удаа ЭМЯ авч хэлэлцдэг гэнэ. Яагаад ингэж анхаарч байна гэхээр энэ бол Мянганы хөгжлийн зорилтын нэг гол асуудал аж. УИХ-аас ч Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай гээд тогтоол гарсан байна. Тиймээс ЭМЯ-наас 21 аймгийнхаа 21 зөвлөх эмчийг долоо долоогоор нь авчирч 14 хоногийн сургалтад хамруулдаг болжээ.
Саяхан л гэхэд чухам энэ сэдвээр олон улсын семинар хоёр өдөр зохиогдоод өнгөрсөн. Харин ямар үр дүн гарах нь л чухал байх.
Эцэст нь онцлон хэлэхэд, жирэмслэлт төрөлттэй холбоотойгоор үзүүлэх гэж ирж байгаа хүнийг харьяалал харгалзахгүйгээр аль ч эмнэлэг хүлээж авах ёстой юм билээ шүү. Улаанбаатар хотын Засаг даргын захирамж гараад ийм шийд өгсөн. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Эхийн эндэгдлийг бууруулах стратегид ч ингэж заагдсан байдгийг яамны нь хариуцсан мэргэжилтэн хэлнэ лээ. Тэгэхээр төрөх гэж байгаа эх аль нэг төрөхөөс харьяалал бус гэж хөөгдөж гарахгүйгээр зүгээр л хаалгыг нь татаад орох хэрэгтэй. Тэд үйлчлэх ёстой. Үүнийг мэддэггүйдээ амиараа дэнчин тавиад нааш харах нэгнийг нь царайчлаад байгаа байгаа юм биш биз эмэгтэйчүүд ээ.
Н.ТӨГӨЛДӨР
(өдрийн сонин 2005-10-06 240)