Засгийн газрын хуралдаан
Хуралдаан уг зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гарсан саналыг тусган, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв. Мөн төсөлд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон байна.
Засгийн газар хоорондын Конвенцийн тухай хэлэлцэв
Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын Конвенц-ийг энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо хэлэлцэн тохирч, үзэглэсэн юм.
Конвенцийн төслийг тохиролцохдоо Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын татварын гэрээний үлгэрчилсэн загвар, нийтлэг зарчмыг үндэс болгон Монгол-Тайландын харилцааны онцлогийг харгалзан тодорхой чиглэлүүдийг баримталсан байна.
Энэ тухай хэлэлцээд, Конвенцийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв. Мөн УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дараа Конвенцид гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Ерөнхий сайдын баруун аймгуудад ажилласан дүнгийн тухай хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Ховд, Увс, Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан юм.
Хөдөө орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл хангах, Баруун бүсийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа нь доголдож байгаа эрчим хүчний үйлдвэрүүдийн байдалтай газар дээр нь танилцах болон нутгийн иргэдтэй уулзалт хийж санал бодлоо солилцох зорилгоор Ерөнхий сайд дээрх аймгуудад ажилласан болно.
Эдгээр аймагт ажилласан дүнгийн тухай болон хийх ажлын төлөвлөгөөний төслийг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Эдгээр аймагт ажилласны мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж мөрдөхөөр тогтож, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Авто замыг хөгжүүлэх төслийн зээлийн гэрээг өргөн барина
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулагдсан Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх /Чойр-Сайншандын хэсэг/ төсөл-ийн зээлийн гэрээг хэлэлцэж, УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү зээлийн гэрээ нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар УИХ-аар соёрхон батлуулах гэрээ аж.
Чойроос Замын -Үүд чиглэлийн 454 км хатуу хучилттай замын ажлыг Азийн хөгжлийн банк, БНСУ, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ замыг барьснаар Монгол улс Орос, Хятадтай авто замаар холбогдож, олон улсын болон дотоодын ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Улс орны дэд бүтэц хөгжихөд уг зам чухал нөлөөтэй төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд ач тусаа өгөх юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Орон нутгийн зам сайжруулах төслийн зээлийн гэрээний тухай хэлэлцлээ.
Энэ гэрээг 2005 оны долдугаар сард байгуулсан бөгөөд хуралдаан уг асуудлыг хэлэлцээд, УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барих нь зүйтэй гэж үзэв.
Орон нутгийн зам сайжруулах төслийн гол зорилго нь Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа төвлөрч буй бүс нутгууд болох Дархан-Уул, Сэлэнгийн дүүрэг, Завхан аймгийн зарим сумдын нутаг дэвсгэр дэх хамгийн хүндрэлтэй, яаралтай засварлах шаардлагатай замуудыг сайжруулахад чиглэж байгаа аж.
Эх орон сонинг ИЗ-БНН-ын ажилтнаас хураажээ
УИХ-ын 65 дугаар тойрогт энэ оны наймдугаар сард болсон нөхөн сонгуулийн үеэр Эх орон нэртэй сонин төржээ. Уг сонинг Эх орон нам гаргаагүй бөгөөд намын нэрийг ашиглаж гүтгэлэг дүүргэсэн сонинцорыг эрхлэн гаргагчийг олж хариуцлага хүлээлгэхийг хүсч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорт гомдол гаргасан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэргийг тус дүүргийн прокурорын газар шалгаж үзэхэд 2005 оны наймдугаар сарын 26-ны өдөр ИЗ-БНН-ын УБЯ 80-35 дугаартай машинтай тус намын сонгуулийн штабын ажилтан Г.Ганбат, Л.Дэлгэрцогт нараас хураасан нь тогтоогджээ. Гэвч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан талаараа гомдол гаргасан Эх орон намд өчигдөр мэдэгдсэн байна.
Д.НАВЧАА
(өдрийн сонин 2005-10-06 240)