С.Ганбаатар тэвчихээ байгаад тэмцэхээр болжээ
Эдийн засагч, лектор, Ерөнхийлөгчийн зөвлөх гэх мэт олон тодотголтой энэ эр Эрс шинэчлэл хөдөлгөөнөөр овоглох болжээ. Олон хоногийн өмнөөс Тэвчихгүй нь эхэлцгээе үнэгүй лекцийн зар энд тэндгүй үзэгдсэн. Харин тэр нь өчигдөр Эрх чөлөөний талбайд эхлэв. С.Ганбаатарын лекцийг сонсохоор ирсэн олон хүн Эрс шинэчлэл хэмээх иргэдээр овоглогдсон бас нэг хөдөлгөөний анхны цуглааны гэрч боллоо. Төрийн далбаагаар фон хийсэн тавцан дээр мань лектор зогсоод Монгол эх орондоо хайртайгаа үзүүлэх цаг иржээ. Дэндүү байна, тэвчих аргагүй гэнэ. Баян хоосны ялгаа эгдүүг нь хүргэжээ. UB POST сонинд нийтлэгдсэн нэгэн иргэний захиаг тэр иш татав. Гадаадын иргэнд нэгэн монгол бичжээ. Монголд амьсгалахад ч бэрх байна, Биднийг ирж аваач. Хятад л биш бол хэн нь ч яах вэ. Манай эх орныг 100 жилээр түрээслээч гэж гуйсан юм байх. Харин С.Ганбаатар ярихдаа Биднийг хянаад, шахалтад оруулаад улстөрчид дураар авирлаж байна. Таван том лекц уншлаа. Лекц уншиж ханалаа. Тэмцэх цаг болжээ гэлээ.
-Гурван хүний нэг нь ядуу, өдрийн 350 төгрөгийн орлого ч алга. Сая Америкийн мэргэжилтнүүд хээл хахууль, авилгалын судалгаа хийгээд гайхсан байна лээ. Хэн нэг нь 200 саяар араб морь авснаа гайхуулж байхад, хятад бэлэн хоол авч дийлэхгүй нэгэн ч байна. Ийм эрс тэс байх юм бол 15 жилийн дараа цус урсана, тэвчихгүй нь гэж тэр ярив. Францын хүмүүнлэгийн ажилтан Барбара гэдэг танил нь Монголын тухай дүгнэхдээ Ой гутмаар гэж тодорхойлжээ. Баянзүрх дүүрэгт ядуу хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулахыг хүсчээ, тэр эмэгтэй. Цэцэрлэг барих газар авах гэсэн чинь гар харсан юм байх, нөгөөдүүл нь. Хүмүүнлэгийн ажилтан гэтэл Афганистанд цэцэрлэг барьж өгье гэхэд нь муу нэртэй кабулууд хүртэл тэнгэрийн элч шиг л хүлээж авсныг яана.
С.Ганбаатар Бид хүчээ нэгтэж шаардлага тавиагүйн буруу гэж энэ бүхнийг оношлов. Тийм ч учраас Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн хүнд суртлын эсрэг эсэргүүцэн босохоор шийджээ. Авилга, хүнд суртлын эсрэг ард түмнээ өмгөөлөн босно гэж илтгэгч хэллээ. Цуглаанд оролцсон олон хүнд энэ үг ихэд таалагдаж байгаа бололтой. Цуглаан зохион байгуулагчид энэ үеэр Хээл хахууль, хүнд суртал гэсэн бичигтэй гонжоом өмссөн албан тушаалтны дүрсийг шатааж, золигт гаргах ёслол хийлээ. Хүнд суртал, авилгалыг золигт гаргаад тэмцэл нь дуусахгүй. Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн-ийхөн төрийн тэргүүнийг авилгалын загалмайлсан эцгээр тодруулсан бол эдний дайсан дунд болон бага тушаалын түшмэд.
Эрс шинэчлэл хөдөлгөөний зохицуулагч Г.Төрмөнх бяцхан охинтойгоо тавцан дээр гарч ирсэн. Охиноо цэцэрлэгт өгөх гэтэл Хавар бүртгүүлээгүй бол авахгүй гэсэн мөртлөө хорин доллар өгсөн хүн Энэ хүүхдийг ав гэсэн бичигтэй болсон түүхийг тэр хуучлав. Хүний нэр зааж тэмцэхгүй, хэн нэгэн хүнийг огцруулж болно. Дараагийн хүн нь гарч ирээд ахиад л авилгал авна шүү дээ. Тийм учраас системээр нь устгах хэрэгтэй гэж зохицуулагч ярилаа. Системээр устгах тэмцэл нь эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, хүнд суртлын утас ажиллуулахаас эхлэх аж. Тус хөдөлгөөнийхөн бүх шатны Засаг дарга нарт шаардах бичиг илгээхээр төлөвлөжээ. Төрийн үйлчилгээг ил тод ойлгомжтой хэлбэрээр мэдээлэх, зайлшгүй шаардлагатай бичиг баримтын талаар самбар гаргах, ямар үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар заавар гаргах гэх мэт шаардлагаа С.Ганбаатар уншиж сонсгосон. Энэхүү үнэт зөвлөгөөг төрийн албан хаагчид сонсож чадаагүй л дээ. Эрх чөлөөний талбайд цуглаан хийхийн оронд төрийн албан хаагчдыг цуглуулаад Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн хэрхэн инээмсэглэх талаар лекц уншсан бол дээр ч юм уу.
Хэрэгцээгүй дүрэм журмыг алга болгохыг тэд шаардсан. Ерөнхий сайд ч бас Засаг дарга нараас яг үүнийг шаардах болсон тул энэ заалт-ыг нь харин Засаг дарга нар чих зөөлөнтэй хүлээн авах байлгүй. Засгийн газар иргэдэд түвэг чирэгдэл учруулж байгаа элдэв тушаал зааврыг Бульдозер-доно гэж хөтөлбөр боловсруулсан. Харин одоо тэдэнд хөдөлгөөн хүртэл хүч хавсрах юм болов уу.
Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн эрс шинэчлэл хийхийн тулд иргэдээс судалгаа авсан гэж Г.Төрмөнх ярьсан. Олон нийтийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудлыг тодруулаад тэмцлийн чигээ тодорхойлсон гэнэ. Хоёр сарын өмнө тэд хөдөлгөөн байгуулахаар шийдэж С.Ганбаатарт санал тавьжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх тэдний саналыг хүлээж аваад албан тушаалаасаа татгалзсан байна. Хөдөлгөөнийг санаачлагчид маркетинг, менежмэнтийн чиглэлээр ажилладаг залуус юм билээ.
Нисванис хамтлагийнхан энэ үеэр Эрс шинэчлэлт дуугаа олонд хүргэсэн. Дахилт нь С.Ганбаатарын үг гэнэ. Үглээ дууны мастер гэдгээ мэдэрсэн түүнтэй цуглааны дараа хүмүүс уулзахаар дөхсөн ч хамгаалагчид нь жийпэнд нь суулгаж аваад арилж өгсөн.
Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-10-06 240)