500 саяыг хэн авах вэ?
Энэ бол бага биш хугацаа билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын тагнуул, цагдаагийн байгууллага зүгээр суугаагүй маш их ажил хийсэн нь ойлгомжтой. Гэвч харамсалтай нь одоо болтол энэ хэрэг илрээгүй байна. Уг хэргийг илрээсэй гэж Монголын ард түмэн хүсч байгаа боловч мөн битгий илрээсэй гэж хүсэж, илрүүлэхгүй байхын тулд санаа тавьж байгаа хүмүүс ч байгаа нь ойлгомжтой гэж бодож байна.
С.Зориг гэж хэн бэ? Монгол улсад ардчилалын салхийг анх салхилуулж, түүний үйл хэрэгт гар бие, сэтгэл зүрхээ зориулж, одоогийн манай нийгмийн сайн сайхан өнгөтэй өөдтэй бүхэн түүний хичээл зүтгэлийн үр дүн билээ. 15 жилийн өмнө ямар аавын хүүхэд гадаад паспорт өвөрлөн дэлхийн хүссэн улсруугаа явдаг байлаа. 15 жилийн өмнө ямар аавын хүүхэд төрийн тэргүүнээ новш гэж дуудаж чаддаг байлаа. 15 жилийн өмнө бидний хэн маань эзэн Чингис тэргүүтэй чин зоригт өвөг дээдсээрээ зоригтойгоор бахархаж чаддаг байлаа. Өнөөдөр энэ бүхэн бодит энгийн мэт зүйл болжээ.
Энэ бүх зүйл бол Зориг тэргүүтэй залуучуудын бидэнд өгсөн эрх чөлөө билээ. Гэтэл тэр хүн маань өөрийнхөө гэрт, эхнэрийнхээ хажууд арван долоон удаа хутгалуулан нас барсан юм. Тэрээр дээрх зүйлийг бүтээж өгснийхөө хариуд цэл залуу насандаа аймшигт үхлээр үхэх ёстой байсан юм гэжүү. Сонин хэвлэлийн мэдээллээс үзэхэд С.Зориг нь ардчилсан хүчний зарим лидерүүдтэйгээ таарамж муутай байсан бөгөөд түүнийг нүднээс нь далд оросын эрлийз гэх мэтээр хочилдог байжээ.
Yнэн хэрэг дээрээ тэрээр улс эх орныхоо эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьдаг, энэ эрх ашгийн төлөө хэнд ч юуг ч зоригтой хэлчихдэг хүн байсан бололтой. Мөн өөрийг нь тойрсон, үгийг нь сонсдог өөрийн гэсэн найз нөхөдтэй байсан юм. Тэрээр өөрийн фракцийнхантайгаа ардчилалын үндсэн зарчмаас ухарч хувийн эрх ашиг, албан тушаал, ашиг хонжооны хойноос улайран хөөцөлдөж байгаа бусад лидерүүдийнхээ буруутай үйл ажиллагааг шүүмжлэн хэлэлцдэг байсан нь лавтай.
Магадгүй эдгээр байдлууд нь түүний үхлийн шалтгаан болсон ч байж болох юм. Ямар ч байлаа гэсэн түүнийг эрэгтэй эмэгтэй хоёр хүн зэрлэгээр хороосон нь гарцаагүй үнэн юм. Одоо нэгэнт хорвоогоос хальсан түүний араас санаа тавих хүн байна уу? Эхнэр гэх Булган хаана байна, журмын олон нөхөд нь юу хийж байна? Өөрийнх нь үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн улсын их хуралд сонгогдсон төрсөн дүү нь юу бодож юу сэтгэж явдаг юм бол?
Хэрэв зохион байгуулалттай үйлдэгдсэн хэрэг гэж үзвэл зохион байгуулсан, зуучилсан, унаа тэрэг орон байраар хангасан, гардан үйлдсэн гэх мэт 6-8 хүн оролцсон байж болно. Эдгээр хүмүүсээс ядаж нэг нь ийм аймшигт хэрэгт орооцолдсондоо өөрийгөө зүхэж, хар дарсан зүүдэндээ тэр хэргийн тухай зүүдэлж сэрдэггүй гэж үү? Зориг гэсэн үгийг сонсох болгондоо зүрхээр нь хатгуулдаггүй гэж уу?
Монгол улсын засгийн газраас Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн ямар ч хүнд 500000000 (таван зуун сая) төгрөг олгохоор шийдвэр гаргасныг бид нар бүгдээрээ мэднэ. Энэ бол манай нөхцөлд асар их мөнгө билээ. Энэ мөнгөөр нэг байтугай нэг хэсэг хүмүүс амьдралаа цоо шинээр эхлээд, нэр усаа солиод, гадаадад гараад аюулгүй амьдрах боломжтой юм.Монголын төр энэ аймшигт хэргийг илрүүлэхэд тусалсан хүний аюулгүй байдлыг бүх талаар хангах нь хэнд ч ойлгомжтой гэж бодож байна. Үүнийг бичигч надад боломж байдаг бол хайрлаж явдаг хүний минь амь насанд зэрлэгээр халдсан тэр этгээдүүдийг олоход нь туслаад таван зуун сая төгрөгийг нь авчих юмсан гэсэн нууцхан бодол байдаг юм шүү.
Yүнийг бичигч Хөх Монгол