Яагаад заавал хэн нэгэн бүсгүйтэй холбогдож үхэн үхтэлээ хамт амьдрах ёстой юм.
Гэтэл хорь жаахан гарав уу үгүй юу л нэг нэгээрээ номхорч зүгээр л нэг гэрийн тэжээвэр амьтан хатуухан хэлэхэд хонины морь шиг амьтад болцгоодог нь нууц биш. Харин гуч гараад бид энэ бүхнээсээ гарах гэж оролдоод ямар ч нэмэргүй болсон байдаг. Учир нь хүүхэд гэдэг нэг жаахан амьтанд юм бүхнээс ч илүү дөнгөлүүлчихсэн байх болно. Хэдий энэ гинж, дөнгөнөөс салах боломж байдаг ч бид архи ууж өөрсдийн энэ байр байдлаа түр мартагнахаас илүүг хийж тэр бүр чаддаггүй. Учир нь хүн чанар зулгааж байгаа нь энэ. Эр хүн болж төрсний шан ч байж болох юм. Харин хэзээд биднийг ямар ч гэр бүлийн амьдрал хүлээж байсан дээрхи өгүүлсэн бүхэн л угтаж байдаг нь харамсмаар. Гэрлэлт гэж юу вэ? Юу биднийг ийм алхам хийхэд хүргэдэг юм бол? Гэрлэх үү болих уу?
Нэгдүгээр нөхцөл
Гэрлэхгүй байна гэдэг маш хэцүү. Эргэн тойрныхон тодруулбал ээж чинь, найз бүсгүй чинь бүр гэр бүлтэй найз нар чинь хүртэл чамаас шаардах болно. Гэлээ ч гэсэн чи өөрөө л хүсэхгүй бол гэрлэх хэрэггүй. Ядаж чамд хумсын төдий ч болтугай хүсэл сонирхол байх хэрэгтэй. Харин чи гэрлэснээр юу амсахаа урьдаар мэдэж байх ёстой. Гэр бүлийн амьдралд тохиолддог хэрүүлийн алимнаас ч бас амтлаад авах болно гэдгийг мөн сана. Энэ бүгдээс гадна хүүхдийн чарлаан, үглээ эхнэр бас нэг хэвийн уйтгартай сексийн амьдралаасаа залхаж яах гэж би үүнтэй гэрлэв гэж амаа барих ч өдөр ирнэ. Бүхнийг чөтгөр аваг. Бидэнд энэ бүхэн хэрэгтэй юм уу? Хэнбугайтай ч гэрлэж амьдралаа холбосон чамайг ийм зүйл хүлээж байх болно. Иймд бүү гэрлэ. Чи гоонь эрээс гадна өөрөө өөртөө юм бүхэндээ хаан байсаар байх болно. Энэ бүхэн чамд ямар ч хэрэггүй. Энэ бүхэнтэй бүхэнгүй чиний өмнө бүх ертөнц бөхийх болно. Иймээс одоохон найз бүсгүйгээ өөрөөсөө зайлуулж холын хол цөлж орхи. Санамсаргүй осолд орох дөхлөө л гэж бод.
Хоёрдугаар нөхцөл
Одоо жаахан тааламжгүй зүйлийн тухай яръя. Ямар ч харилцан ойлголцож бас итгэлцэж чаддаг гэр бүлд хэрүүл байдаг. Харин энэ нь багахан хэмжээний түймэр төдий л өнгөрдөг. Харин энэ галын наадамд хэн тэвчээртэй нь хождог. Мэдээж чиний эхнэр эмэгтэйчүүд биднээс илүү тэвчээртэй байдаг чамаас илүү тэвчээр гаргаж шийр зуух болно. Харин чи эр хүний хүнлэг бас өгөөмөр сэтгэлээр түрүүлж буулт хийх шаардлагатай болно. Чамд бүтэн шоколад байна. Харин тэрхүү шоколадыг эхнэр чинь амтархан идэх болно. Харин секс? Чиний хувьд өндрөөс унаж хаднаас нисэж үхэх л аймшиг байсан бол гэрлэсний чинь дараа сексийн амьдрал шиг чинь илүү аймшигтай зүйл үгүй мэт санагддаг болох болно. Ганц хоёр төрлийн нэг хэвийн дасгалыг өдөрт ч шөнө ч хийнэ гээд төсөөл дөө. Жинхэнэ гамшиг гэгч л энэ биз. За тэгээд энэ бүгдээс гадна хадам ээж аав, хамаатан садан, гэр бүлийн төсөв, үүрэг хариуцлага гээд чи өндийх ч тэнхэлгүй болтлоо амьдралд нухлагдах болно. Оройтоогүй байгаа дээрээ дахин нэг тунгаан бод.
Гуравдугаар нөхцөл
Харин энэ удаад бүгдээрээ ирээдүйн амьдралаа өөдрөгөөр төсөөлөх гээд үзье. Зурагтныхаа дууг чангалж утсаа хаагаад найз нөхөд эргэн тойрноосоо түр хөндийрч өөрийн мөрөөдөлдөө оршин тогтнох гэр бүлийн амьдралаа бод. Мэдээж зөвхөн бал сараа биш бүх л амьдралаа бодох хэрэгтэй. Гайхалтай бал сарыг өнгөрөөсний дараа тус тусын ажлаа хийж та хоёрын амьдрал зөгийн бал шиг л байна. Тавдах өдрийн орой бүр тансаг зоогийн газар хооллонгоо анхныхаа хүүхдийн нэрийн тухай ярилцана. Харин үр хүүхэдтэй болсон хойноо салхинд хамт гарч хөвгүүдтэйгээ ойд индиан болж тоглоно. Тун удахгүй охид чинь их сургуулиа төгсөн та хоёрыг эмээ өвөө болгож орхино. Харин тун удахгүй мөнгөн хурим чинь болно гээд сайхан зүйлс санаанд чинь орж төсөөлөгдөх биз. Гэвч энэ мөрөөдөл гэдгийг чи ойлгоод амьдрал үргэлж цэцэглэдэггүй тэр зовлон хоосролоор дүүрэн байдаг гашуун үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ. Харин энэ үед чиний мөрөөдөл тэнэг хүний явцуу бодол шиг л санагдаж хөх инээдийг чинь хүргэхвий. Тэгээд ч энэ мөрөөдөл шигээ сэтгэл хангалуун асуудалгүй амьдралыг бий болгоход хангалттай хэтэвч зузаан байх ёстойг сануулах илүү биз.
Дөрөвдүгээр нөхцөл
Ирээдүйн амьдралаа төлөвлөж түүнд бэлтгэх нь зайлшгүй болсон үед чи ээж аав дээрээ хэнийг дагуулж очих вэ? Мэдээж тэр бүсгүй чиний хайртай хүн байх нь ойлгомжтой ч тэр эцэг эхтэй чинь бас чиний нийгэмд эзлэх байр суурьтай зохицох эсэхийг бодолцож үзсэн үү? Бат бөх гэр бүлийг зөвхөн хайр сэтгэл, харилцан ойлголцол биш харин ижил байр суурь, хүрээлэл бүтээдэг гэдгийг мартаж болохгүй. Чиний хүрээний хүн тэр мөн үү? Чи нэгэн газар менежер хийдэг харин тэр хэн бэ? Мэдээж танай эцэг эх хуучны сэхээтнүүд. Сайд дарга байгаагүй ч тодорхой өндөр байр суурьтай, боловсролтой улс. Харин чи орчин цагийн дээд боловсролтой сэхээтэн. Харин эхнэр чинь чамтай нэг давхаргын хүн байх ёстой. Тэнцвэргүй гэрлэлт – өөр хүмүүжил, өөр сонирхол, тэс ондоо гунигтай, баяртай бүхнийг төсөөлөх төсөөлөл. Учир нь та хоёр хар багаасаа л өөр ном уншиж өссөн. Харин хайр сэтгэл чинь хэдий хүчтэй бас халуухан байсан ч хэсэг хугацааны дараа амьдрал чинь үл ойлголцолоор дүүрэн болох болно.
Тавдугаар нөхцөл
Чи ажилчин ангийн гишүүн, худалдаачин, дамын наймаачин, банкны ажилтан, корпорацийн захиралын хүү ер нь хэн ч байсан эхнэрээ өөрийнхөө үеийнхэн болон хөгшин эгчмэд хүүхнүүдийн дундаас ялангуяа амьдрал үзэх хал үзэж хашир суусан хүүхнүүдээс сонгох хэрэггүй. Эмэгтэй хүн эр хүнийг бодвол илүү хурдан овор сууж хөгширдөг. Арав хорин жилийн дараа чи өөрийнхөө хажууд бараг эмгэн болчихсон хүн дагуулж явахыг хүсэхгүй байгаа биз дээ. Харин чи тэр үед жаахан гүзээ сууж, халзарсан ч толиотой сайхан хэвээр л байх болно. Амьдрал хэдий ширүүн ч бас өгөөмөр байдгийг сана. Сэтгэл судлаачид болон секслогичид эр хүн дээшээ болон доошоо арав насны зөрөөтэй эхнэртэй байх нь хамгийн боломжит нөхцөл гэж үздэг бөгөөд харин манайхны дунд дөрөв болон найм дүү буюу нэг, дөрөв эгчмэд хүүхэн зүгээр байдаг гэж ярилцах нь ч бий. Тэгээд ч дүү хүнтэй харьцах эхэндээ асуудал ихтэй мэт байх боловч тэднийг өөрсдийн гарын дор хүмүүжүүлж өөрийнхөөрөө байлгах боломж олддог бол эгчмэд хүүхнүүдийн хувьд тэд чамтай харилцан ойлголцолд маш сайн хүрэх боловч тэр бүр чиний үзэл бодол саналыг харгалзахгүй. Учир нь тэд өөртөө чамаас илүү итгэдэг.
Зургаадугаар нөхцөл
Арван насны зөрөө ч асуудал бишээ харин одоо жинхэнэ асуудлын тухай ярилцъя.
1. Ирээдүйн эхнэр чинь эрүүл саруул хүн байх ёстой. Тэр сэтгэл зүйн ямар нэгэн удамшилын болон олдмол өвчтэй, ухаан алдаж унадаг, эдгэрэшгүй хүнд өвчтэй биш, ер нь л бүх талаар эрүүл хүн байх ёстой. Чиний хайрт ямар нэг хүнд өвчтэй байж болно. Ялангуяа одоо манай залуучууд Солонгос кино үзсээр байгаад цусны өвчин, хорт хавдартай танил болоод амжсан нь эмгэнэлтэй. Гэвч энэ бүхэнтэй эвлэрэх эвлэрэл зөвхөн хайр дурлалд л байж болно. Харин бид гэрлэлтийн тухай ярьж байна. Гэрлэлт бол хайр дурлал биш.Гэрлэлт энэ бол хариуцлага. Хичнээн хайр байгаад ч тавагтай шөлийг халаагаад идэж бас үрчинхий өмдөө түүгээр индүүдэж болдоггүй. Иймээс ямар нэг сэтгэл зүйн өвчтэй хүнтэй суугаад хүүхэдтэй болно гэдэг хариуцлагагүй хэрэг. Иймээс сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хайр сэтгэлийн тухай бодохоо боль. Чи чинь гэрлэх гэж байгаа хүн шүү дээ.
2. Ирээдүйн эхнэр чинь өв тэгш бие бялдартай байх ёстой. Энэ үг мэдээж мисс, загвар өмсөгч хүүхэнтэй л заавал суух ёстой гэсэн үг биш юм. Харин тэр намхан бас өндөр ч хэт тарган биш бас хэт тураалд бас орчихоогүй аятайхан биетэй гол нь тэгшхэн сайхан хөлтэйгөөс гадна өргөн бөгс, сайхан хөхтэй гээд ер нь давгүй нэгэн байх ёстой. Эхнэрийн чинь сэтгэл татам байдал чиний гэр бүлийн суурийг бүтээх цемент байх болно. Тэгээд ч аятайхан бүсгүйтэй муудалцсаны дараа түүнд буулт хийж өмнө нь цэцгийн баглаа бариад зогсож байх сэтгэлд өег байдгийг та мэдэх биз. Мөн түүнтэй нэг оронд унтаж бай. Чи надад ийм зөвлөгөө өгч байсанд минь хожим нь талархах л болно.
3. Ирээдүйн эхнэр чинь чиний сайн найз байх ёстой. Магадгүй цорын ганц ч байж магадгүй. Тэр чиний хувьд амьдралын чинь түлшний эх үүсвэр уурхай байх ёстой. Харин секс машины хувьд хэдэн сарын дараа тэр чамд зажилаад хаячихсан бохь мэт л санагдах болно. Энэ бол биологийн хууль. Аугаа хайр нэг жил үсрээд хоёр жилийн л настай байдаг. Энэ бол сэтгэл зүйн хууль. Харин нөхөрлөл хүнийг үеийн үед ямар ч цагт тэтгэсээр ирсэнийг сана.
Долоодугаар нөхцөл
Чи хэдийн ирээдүйн эхнэрээ сонгочихсон тэр чамд юм юмаараа таалагддаг бас нийцэж байгаа. Харин түүний эцэг эх хэн вэ? Энэ тухай чи бодож үзсэн үү? Тэднийг таних тийм ч хэцүү зүйл биш. Мэдээж чи ирээдүйн хадмындаа уригдах болно. Тэд халуун ам бүлээрээ цуглацгаасан байлаа. Энэ бүхэн чамд тэдний тухай ойлголт олж авах талбар болох болно.
– Төгс гэр бүл – тэд салж байгаагүй бие биенээ хүндэтгэн хайрладаг. Эсвэл хэдийгээр эцэг нь ч юм уу эх нь ч юм уу бэлэвсэрч хоцорсон ч хэзээ ч дахиж хүнтэй суугаагүй. Yхэн үхтэлээ ор ганцаар яваа нэгэн байж болно.
– Нөхөрсөг гэр бүл – Тэд хэдийгээр салж сарниагүй ч хааяа бие биелүүгээ таваг чулуудчихдаг гэхдээ хэн хэндээ үргэлж халамжтай байсаар ирсэн.
– Хүүхдээр дүүрэн гэр бүл – мэдээж чи эхнэрээ амиа бодсон хүн байхыг хүсэхгүй байгаа биз дээ? Хэт олон хүүхэдтэй айлын хөргөгч хэзээ ч дүүрэн байдаггүй. Түүний ах дүү нарын хувьд нэг нэгэнтэйгээ бужигнан ойр өссөн ч гэсэн олуулаа байхын жаргалыг огтоос мэддэггүй бас бие биенээ тийм ч их хүндэлдэггүй улс байдаг. Харин эцэг эхийн хувьд тэд амьдралд цөхөрсөн, ядарч туйлдсан хүмүүс байх нь олонтой.
– Хэвийн гэр бүл – хэвийн нэгэн амьдрал үргэлжилсэн нам гүм гэр бүл. Мэдээж тэдэнд ирээдүйн эхнэрээс чинь гадна хүүхэд бий. Тэд бусадтай харьцахдаа буюу хөндлөнгийн асуудалд нэг байр сууриас хандаж чаддаг нийтэч. Харин өөр хоорондоо бол үргэлж өөр өөрийн үзэл бодлоо хамгаалан тэмцдэг. Тэд чиний хувьд нэг бол дайсан нэг бол нөхөр байх болно. Харин хэн байхыг чиний байр байдал л мэдэж дээ.
Сүүлчийн буюу наймдах нөхцөл
Тэр бүх тестийг давлаа. Чи ч өөрийн сонголтондоо итгэл төгс байгаа төдийгүй хэдийн сүйний бөгжөө сонгоод авчихсан. Харин худ ураг бололцож дэр нэгтгэхээсээ өмнө түр азнахыг хүсье. Түүнийг оройн хоолонд урь. Сайн дарс захиал. Тэгээд түүндээ өөрийн гэр бүлийн талаархи өөрийн мөрөөдлийг ярь. Өөрийн сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй. Байгаагаараа байхыг хичээ. Тэгээд ярих ямар ч тэнхэл үлдээгүй болсон хойноо түүнийг сайтар ажигла. Хэрвээ түүний нүдэнд ямар ч онцын зүйл ажиглагдахгүй тэр хэвийн байдгаараа байж л байвал үйлчлэгчээс дахин шил дарс авчрахыг хүс. Дарснаас гадна нэмж сайхан хоол ч захиалсан болно. Тэгээд л чи түүнтэй элдэв балай зүйл ярилцаж суусаар байгаад л үдшийг өнгөрөө. Харин түүний нүдэнд баяр, хөөр, нулимс, гайхшрал харагдаж байвал чи сонголтоо зөв хийжээ. Тэр мөн байна. Чи энэ бүсгүйтэй үхэн үхтэлээ хамт байж хөгширсөн хойноо хамтдаа ач зээгээ тойруулаад сүүтэй цайгаа хуваан уух хувь тавиланг эдэлж болно.