Зарим зочид буудал, саун, жуулчны баазын үйл ажиллагааг зогсоожээ
Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг монголчууд тэрхүү зочид буудал, жуулчны бааз, саун нэртүүдээс арьс өнгөний болоод ямар нэг өвчин авахаар бохир, бараг л балгас мэт байдаг гэвэл маргах хүн үгүй биз. Хөдөө, орон нутгийн бааз, буудлуудад хоноглохын эцэсгүй, цагаан хэрэглэл бололтой үрчийж бөөсөрсөн эрээн алаг, өнгө муутай даавуу шидчихнэ. Аялагч, жуулчид тэрхүү гэрт нь хоёр хононо гэдэг хэцүү. Ядаж л нар, салхинаас хамгаалж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан гэр бүхий баазыг санахгүй юм. Хамгийн сүүлд, ердөө гурав, дөрөвхөн хоногийн өмнө Сэлэнгэ аймаг дахь Нүхт хэмээх жуулчны баазад буугаад мордоход нүүр гарын алчуур, саван байтугай ам зайлах усгүй байсныг нуух шаардлагагүй биз. Намар оройн бороо хоёр өдөр үргэлжлэн шивэрч байсан тул гал асаах хуурай модгүй, уг баазын ажилтан эмэгтэй ч өөрөө галаа асааж чадалгүй хэдэнтээ ноцолдоод орхиж гарсан билээ. Байгаль сайхантай ч үйлчилгээ гэж сураггүй болчихсон ийм баазууд Монголын нүүр царай болж байна. Гэсэн атлаа жуулчдын тоог нэмэгдүүлнэ хэмээн сүр болох. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн үг бидэнд бий. Үнэндээ гадныхныг байтугай дотоодынхноо сэтгэл өндөр гаргах жуулчны бааз, зочид буудал, цаашлаад сауныг бий болгож байж жинхэнэ Жуулчлах жил-ийг зарлахсан. Манай улсын хэмжээнд нийтдээ 606 зочид буудал, 180 жуулчны бааз, 176 саун, 194 халуун усны газар байдаг аж. Тэднийг бүгдийг нь хатуухан шалгавал ихэнх нь шууд эрхээ хасуулж, хаагдахуйц билээ. Тиймээс Улсын мэргэжлийн хяналтын газраас эдгээр үйлчилгээний нэгжүүдийн ажил үйлчилгээнд зөвхөн стандартын түвшин тогтоох шалгалтыг хийсэн байна. Гэтэл шалгалтаар дундаж түвшин нь зочид буудал -29.2, жуулчны бааз -30.9, саун -21.1, халуун усны газар -11.5 хувьтай гарчээ. Үндсэндээ стандартын түвшин 80 хувиас дээш тохиолдолд л хангалттай гэж дүгнэгддэг юм билээ. Нийт зочид буудлаас дөрөв нь 4 одтой, 12 нь гурав, 17 нь хоёр, 27 нь нэг одтой байдаг аж. Тэдгээрээс эл түвшин тогтоох шалгалтын үеэр зэрэглэлтэй байх хэмжээнд хүрээгүй учраас нэг болон хоёр одтой Цагаан дэглий, Баянбүрд, МҮТЗ-ийн буудал, Соёмбо, Хүрээ, Спорт цогцолбор, Багануур илч, Алтан горхи, Суварга, Бууралхаан, Ирвэс, Американ, Скандинов, Экзотик, Алкес, Мөсөн уул зэрэг 17 буудлын зэрэглэлийг хүчингүй болгож, 141-д нь албан шаардлага хүргүүлж, 34 буудлыг бүр болоод түр хугацаагаар хаажээ. Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Сүхбаатар дүүрэг дэх Хонгор жинст уул ХХК-ийн Заан, Цасан цэнгүүн ХХК-ийн буудал, Баянзүрх дүүрэг дэх Монгол ёотон ХХК-ийн, Баянгол дүүрэг дэх Ням-Оргил ХХК-ийн, Хан-Уул дүүрэг дэх Хан бэлчир зочид буудлуудыг түр болон бүр хаагаад байгаа юм байна. Хөдөө орон нутгийн буудлуудын хувьд Хөвсгөл аймгийн нэг, Архангай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн зургаа, Өмнөговь аймгийн 24 буудлаас 23 нь огт шаардлага хангахгүй дүнтэй гарчээ. Харин зэрэглэл өндөртэй томоохон газруудаас 2003 онд банга хүртэж байсан Улаанбаатар зочид буудал 220 саяын хөрөнгө оруулалтаар өнгө төрх, үйлчилгээгээ сайжруулж алдаагаа зассан байна. Түүнээс гадна зочид буудлуудад стандарт тогтоож, нэр хаягийг өөрчлөх хэрэгтэй байгааг хяналтынхан онцлов. Өөрөөр хэлбэл, зочид буудал, дэн буудал, гэр буудал гэхчлэн тус бүрт нь ялгаж, стандарт тогтоох нь өнөөдрийн нөхцөлд ойртсон хэрэг болох гэнэ. Түүнчлэн 156 саунд шалгалт хийхэд чийглэг дулаан хэмжигчгүй, цагаан хэрэглэл угаах ариутгах өрөөгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг дүрэм, зааврын дагуу хийдэггүй, цагийн хуваарь барьдаггүй, саунд орж болохгүй гэх өвчний заалтуудыг бичиж, мөрддөггүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдалтай байжээ. Түүгээр ч үл барам архи согтууруулах ундаагаар замбараагүй үйлчилдэг, биеэ үнэлэгч охид хүүхнүүдийг массажист, өрөөний үйлчлэгч нэрийн дор ажиллуулж байгаа нь илэрсэн байна. Тиймээс эл байдлыг зогсоож, асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэж, хамтарсан шалгалт хийх талаар Цагдаагийн ерөнхий газарт УМХГ-аас албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Гэхдээ энэхүү түвшин тогтоох шалгалтын үеэр яаралтай шийдвэрлэхээр зөрчилтэй 36 саунд албан шаардлага өгч, Чингэлтэй дүүргийн Цог, Баянзүрх дүүргийн Монгол такси, Бөхөд, иргэн Одгоосүрэн, Баяраа, Тэмүүжин нарын саун, Хан-Уул дүүрэг дэх Бэр од, Ноён уул Эрдэнэ, Цайны зам трэйд, Дээж булаг компаниудын саун, халуун усны газрын үйл ажиллагааг түр зогсоожээ. Үйлчилгээний газрууд ийнхүү ихээхэн зөрчилтэй байгаагийн нэг шалтгааныг өмнө нь Ахуйн үйлчилгээний яам гэсэн бүхэл бүтэн яамны хэмжээнд бодлого явуулдаг байсан нь өдгөө Үйлдвэр худалдааны яамны нэг ажилтанд дайварлан хариуцуулдаг болсноос ийн бодлого дутагдаж, эл салбар нэгжүүд хямарч буй нь энэ хэмээн зарим мэргэжилтэн дүгнэж байна. Түүнчлэн шийдвэр гаргагчдын сонорт зайлшгүй дуулгах ёстой нэг асуудал нь халуун усны асуудал гэнэ. Учир нь зөвхөн нийслэлийн хэмжээнд гэр хороолол зэрэг усгүй нөхцөлд амьдрагч 500 мянган хүн байхад халуун усны газар нь ердөө 37 байгаа аж. Тэгэхээр зөвхөн ганц халуун усны газарт 17-18 мянган хүн усанд орохоор ногдож байгаа юм байна. Гэсэн хэрнээ өнөөдөр тэдгээр газраар үйлчлүүлдэг иргэдийн тоо хэдхэн хуруунд тоологдом гарч. Үүнийг халуун усны газрын үйлчилгээ муу, түүнээс нь хүмүүс сэжиглээд ордоггүй гэсэн дүгнэлт хийж болох гэнэ. Харин жуулчны баазуудын хувьд ундны усны эх үүсвэртээ хамгаалалтын бүс тогтоогоогүй, ус нөөцлөх сангийн ариутгал цэвэрлэгээг хийдэггүй, бохир усны цооног, энгийн бие засах газрын ариутгал цэвэрлэгээ нь шаардлагын түвшинд хүрээгүйгээс 69-д нь албан шаардлага хүргүүлж, 11 жуулчны баазынх нь үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. Тэдгээрээс бидний олж мэдсэнээр Улаанбаатар хотын хувьд Налайх дүүрэгт оршдог Өгөөдэй жуулчны баазын ажиллагааг түр хаасан байгаа аж.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-07 241)