Ерөнхий сайд хөгшдийг АИХ-ын танхимд урьж, гомдол бухимдлыг нь сонслоо
Буурал үс, бөгтөр нуруу нь Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх болжээ. Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн бүх настнуудыг АИХ хуралдаж байсан том танхимд залав. Товлосон цагаас 15 минутын өмнө танхимын нэгдүгээр давхар дүүрч, хоёрдугаар давхарт хөгшдийг урьж суулгасан. Тэднийг харж зогссон хэн нэг нь Халуухан юм болно доо гэнэ. Үнэндээ хамгийн дэггүй эмээ, өвөө нар ордны гадаа биш дотор байсан юм чинь. Ерөнхий сайд өөрөө ярих биш настнуудын үгийг сонсохоор ирсэнээ уулзалтын эхэнд хэлсэн.
Хөгшдийг үгээ хэлэхийг урихад хамгийн түрүүнд Б.Баасан гэдэг эмэгтэй боломжийг ашиглав.
Өөрийнх нь танилцуулснаар бол Дөнгөж 45 нас зооглож яваа ч ахмадуудын нүд чих болж яваа гэнэ. Ахмадын холбооны байранд анх түүнийг харж байсан сан. Баахан хөгшдийн өмнө зогсоод Та нар тэмцлийн хурц хэлбэрийг сонгох хэрэгтэй. Ийм байж болохгүй хэмээн зааварлаж байсан энэ эмэгтэй Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн хэмээх тодотголтой болжээ.
Тэрбээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд ахмадын тэтгэврийг буруу бодож байгаа тухай ярилаа. Мөн Нийслэлийн ахмадын холбооны байрыг Чөлөөт ахмадын холбоонд өгөөч ээ гэв. Бага тэтгэвэртэй ахмадын тэтгэврийг нэмэхэд өндөр тэтгэвэртэй ахмадууд барьцахгүй байх аа гэнэ. Чөлөөт хэмээх тодотголтой ахмадууд чөлөөтэй загнаж байлаа. Бидний буянаар Ерөнхий сайдтай уулзаж байгаагаа бүү март гэж Б.Баасан үе үе томорч, цэргүүд нь микрофон дээр давуу эрх эдлэхийг хичээснээс хөгшид үе үе би, чи-дээ тулж, Ерөнхий сайд индрээсээ мөргөлдөөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэснийг яана.
Томоотой эмээ, өвөө нарын зарим нь энэ үеэр танхимаас дайжив. Сонгинохайрхан дүүргийн XIҮ хорооны иргэн Г.Цэдэв Зарим нь бүдүүлэг загнаад байх юм гэсээр гарч явна. Бага тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмээд байвал дундаж тэтгэвэр авагчид нь хохирох гээд байна гэж тэр ярилаа. Бага тэтгэвэртэй хүмүүсийн зарим нь ажил хийгээгүй хүн байдаг. Ажилласан жил, албан тушаалаар тэтгэвэр нь ялгавартай байх ёстой. Тэтгэврийн зөрүү арилгана гэдэг буруу гэж тэр боджээ. Харин Засгийн газрын тэргүүн гурван цагийн турш индрийн ард зогсоод хөгшдийг тэвчээртэй сонслоо. Цаадуул нь харин ёстой л амандаа орсныг урсгав. Ерөнхий сайдтай улаан нүүрээ хараад ярих завшаан тохиолдсоных гэж ирээд л бүгд үгээ хэлэхийг хүснэ.
Сүхбаатар дүүргийн ахмад В.Нямаа Төрийн гурван өндөрлөг бүгдээрээ энд ирсэн бол сайн сан. Ерөнхий сайд хэзээнээсээ ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй хүн болохоороо л биднийг хүлээж авч байна. Өнгөрсөн дөрвөн жил хээл хахууль дэндүү ихэссэн. Тэтгэвэр тэтгэмжээ хэрээрээ нэмнэ биз. Бид үеэ өнгөрөөсөн улс, хойч үеийнхнээ бодох минь гэнэ. Тэгээд хөгшид яриад л байлаа. Ерөнхий сайд сонсоод л байлаа. Ярианы гол сэдэв мэдээж тэтгэвэр, тэтгэмж. Хувийн байгууллага амралтгүй ажиллуулж залуус биегүй болж байгаа тухай, хөдөөнөөс орж ирж байгаа нүүдэл энэ тэрд санаа зовнисон хөгшид ч зөндөө.
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Г.Батаа УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайдын хэлсэн үгийг нийтэлсэн Өдрийн сонин гартаа барьжээ. Сониноо харж байгаад тэр Ашигт малтмалын орлого дээр суурилсан хөгжлийн сан байгуулах саналыг дэмжиж байна гэж хэллээ. Үгийг нь нямбай нь аргагүй уншиж, зарим өгүүлбэрийн доогуур харандаагаар зурсан харагдана.
Хороо хорин харж үздэггүй, гэр ч үгүй, хоол ч үгүй байна гэж эрхэлсэн эмээ ч байна. Хувьчлалыг зогсоо гэсэн хүн ч байна. Би 82 хүртлээ нэг ч төрийн удирдагчтай уулзаж байгаагүй. Ц.Элбэгдоржтой нүүр тулж уулзаж байгаадаа баяртай байна гэж урт сахалтай өвөө ярилаа. Анх удаа Засгийн газрын ордонд орж үзлээ гэж өөр нэг эмээ хуучилна. Ц.Тамара гэдэг эмэгтэй Засгийн газрын ядууралтай зарласан дайныг дэмжиж ажиллахаа илэрхийлж, бас нэг өвөө Ногоон хэрэм хөтөлбөрт ахмадын хүчийг ашиглахыг уриалав. Ц.Элбэгдорж Засаг төр гэдэг та нарын дарга биш хамтрагч гэж тодорхойлов. Хөгшдийн үгийг сонсоод тэр бүхнийг болгож бүтээнэ гэж амалсангүй. 11 сард тэтгэвэр нэм гэж зарим хүн шаардаж байна. Ийм боломж бидэнд байхгүй гээд Монгол Улсын эрхийг барьдаг газар нь УИХ.Харин Засгийн газар түүний баталсан хуулийн дагуу ажилладаг газар гэж тайлбарласан.
Ширүүхэн эхэлсэн уулзалтын уур амьсгал дулаарч эхлэв. Хөгшид Ерөнхий сайдыг бүчиж, ерөөл талархлын үгээ хэлцгээнэ.
Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Баттөмөр Яахаараа Н.Энхбаярын явсан газар хүмүүс Амьдрал сайхан байна гэж яриад, Ц.Элбэгдоржийн явсан газар Амьдрал болж бүтэхгүй байна гэдэг юм бэ. Н.Энхбаяр дандаа баячуудтай уулздаг бол Ц.Элбэгдорж ядуусын бухимдлыг сонсч явдаг болохоор тэр гэж оношилсон.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-07 241)