ЗАХИРАЛ С.НЯМЗАГД ОЮУТНУУДАА ТУРХИРАВ
Тус сургуулийн менежментийн хувьчлал УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоол, Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан,ТӨХ-ны 2003 оны 437 дугаар тогтоолоор явагджээ. Гэтэл энэхүү хувьчлалд оролцсон иргэн С.Буднямын ахалсан багт олгосон шинжээчдийн багийн дүнг ТӨХ-ны 2003 оны арванхоёр дугаар сарын 04-ний хуралдаанаар хэлэлцээд батлах үндэслэлгүй гэж үзжээ. ТӨХ-ны уг шийдвэрийг иргэн С. Будням хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан байна. Дээрх маргааны талаар Чингэлтэй дүүргийн болон Дээд шүүхийн шийдвэр гарсан байна. Дээд шүүхийн 564 дүгээр тогтоолд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгалтын шинжээчдийн дүгнэлт гаргах ажиллагааг дахин хийлгэж, иргэн С.Будням, менежментийн Эрдэм багийн материалыг хамруулахыг ТӨХ-нд даалгасугай гэсэн байна. Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн энэ оны ес дүгээр сарын 30 -ны өдөр шинжээчийн багийн нэгдсэн дүгнэлтийг дахин хийжээ. Ингэснээр Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг иргэн С.Буднямын ахалсан баг менежментийн гэрээгээр авах болж.
Гэхдээ гэрээнд зааснаар хагас жил тутамд БСШУЯ,ТӨХ хамтран байнгын хяналт тавьж ажиллах аж. Иргэн С.Буднямын баг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд хоёр жилийн дараа зохих төлбөрийг төлж хувьчлан авах эрхтэй болно. Тэднийг ийнхүү мэдээлэл хийж байх хооронд ТӨХ-ны үүдэнд дээрх сургуулийн оюутнууд жагсаж ирсэн байв. Энэхүү менежментийн хувьчлалд оролцсон Эрдэм багийг тус сургуулийн захирал С.Нямзагд ахлан оролцсон юм байна. Түүний ахалсан баг шалгаруулалтад тэнцээгүй учир оюутнуудыг турхирч жагсаав гэж хэлэх хүн байв.
Оюутануудын жагсаалын талаар ТӨХ-ны албаны хүмүүс Оюутнууд бусдын гар хөл болох вий . Энд бол хууль зөрчсөн ямар ч үйлдэл болоогүй. Хэрэв захирал С.Нямзагдын баг ялсан бол, тэр хүн оюутнуудаа загсаахгүй байх байсан болов уу гэж байлаа. Захирал С.Нямзагдад ТӨХ бие төлөөлөгч болон шуудангаар шинжээчдийн багийн дүнг хүргүүлсэн боловч тэрбээр хүлээн аваагүй байна. Гэхдээ улс төр хийгээд ажив бололтой.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-10-07 241)