Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
Эл зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, дэд сайд С.Мэндсайхан болон холбогдох албаны дарга мэргэжилтнүүд оролцсон. Мөн ОХУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг 20 гаруй орны төлөөлөгч, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Засгийн газраас баталсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр-өө энэ үеэр танилцуулж, ойрын болон хэтийн зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2010 он гэхэд эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувь, 2020 он гэхэд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар Засгийн газар зорилт дэвшүүлжээ. Мөн олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар боломж байгаа талаар харилцан ярилцсан юм. Түүнчлэн эл өдрийн зөвлөлдөх уулзалтад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчид танилцууллаа. Дулааны улиралд цахилгаан болон түлээ түлшинд зарцуулах зардлаа хэмнэх боломжийг нарны зуух олгох аж. Уг зуух нь олон талын ашигтай бөгөөд гурван литр усыг 15-20 минутад буцалгадаг байна. Тэгээд ч ихэвчлэн цэлмэг нартай байдаг Монголд гурваас наймдугаар сард ашиглах боломжтой гэнэ. Солонгосын бага салхин цахилгаан станц, Монгол-Германы хамтарсан Тосонцэнгэлийн Идэрийн голын усан цахилгаан станц зэрэг олон төслүүд энэ үеэр танилцуулагдсан. Энэхүү зөвлөлдөх уулзалт өнөөдөр мөн үргэлжлэнэ.
Мөн өчигдөр Төрийн ордны А танхимд Эрүүл мэндийн салбарын санхүүгийн бодлого, эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх стратеги сэдэвт үндэсний зөвшилцөх уулзалт болсон. Үндэсний зөвшилцөх уулзалтад салбарын төлөөлөгчдөөс гадна Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Сангийн сайд Н.Алтанхуяг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа зэрэг албаны хүмүүс оролцов. Эрүүл мэндийн сайд салбарынхаа тулгамдсан асуудлууд, цаашдын чиг хандлагаар илтгэл тавьсан бол Сангийн сайд тус салбарын санхүүжилтийг хэрхэн боловсронгуй болгох талаар илтгэл тавьсан юм.
М.БАТ
(өдрийн сонин 2005-10-07 241)