Mонголын исламчууд Рамадан сарыг тэмдэглэж эхэллээ
Монголын мусульманчууд эл өдрүүдэд мацаг барихаас гадна бие биедээ Рамадан сар-ын баярын мэндийг хүргэж, бэлгэдэлтэй үг хэлэлцэж ерөөл айлддаг юм байна. Энэ талаар Монголын мусульман нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, тэргүүн имам Х.Батырбекээс тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ, Ислам шашны таван том тулгуурын гурав дахь нь жил бүр хижра тооллын есдүгээр сар буюу рамадан сард 30 хоног мацаг барьдаг. Энэ сард дэлхийн ислам шашинтай мусульман хүн бүр дээрх зан үйлийг үйлддэг. Үүний тулд тэд үүрээр эртлэн босч, нар мандахаас өмнө хооллочихоод дараа нь мөргөл үйлддэг заншилтай. Мацаг барьж буй үедээ ариун цэврийг чандлан сахихын зэрэгцээ орой нар жаргах хүртэл хоол иддэггүй. Түүнээс гадна архи, тамхинаас хол байж хараалын үг хэлэх, худал ярьж, хулгай хийх зэрэг муу муухай зүйл хийхийг хатуу цээрлэдэг. Гэхдээ ор тас хоол идэхгүй байна гэсэн үг бас биш. Хоол идэх үеэрээ мацаг барьсан мусульманчууд бие биенийгээ дайлах учиртай. Үүнийг ифтар гэнэ. Энэ нь цаад утгаараа нэг нь нөгөөдөө буян үйлдэж байгаа хэрэг. Рамадан сар ирэх сарын дөрөвнийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр зөвхөн мацаг барихаас гадна хөрөнгөтэй чинээлэг баячууд амьдралын боломжгүй ядуу хүмүүст зекет буюу хишиг түгээдэг. Зекетийг өглөг ч гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, энэ нь ислам шашны дөрөвдүгээр том тулгуур хэмээн тооцогддог.Баячууд тийн өглөг өгөхдөө өөрийнхөө хөрөнгөний 40 хуваасны нэгтэй тэнцэх хувийг тэдэнд хүртээдэг уламжлалтай аж. Тэгэхээр мацаг барих нь нэг ёсондоо Аллах тэнгэрийн өмнө мусульманы үүргээ биелүүлж буй явдал болой. Мусламчууд өдөрт 13 цаг өлсгөлөн байдаг ч үүнийгээ эрүүл мэндэд тустай хэмээн үзэх нь бий. Сүүлийн үед анагаах ухааны шинжлэх ухаанд хүнийг өлсгөлөнгөөр эмчлэх болсонтой холбож тайлбарладаг. Харин нөгөө талаар ядуу, тэр тусмаа өлсөхийн зовлонг тухайн хүн өөрийн биеээр мэдэрч түүнд туслах тусч сэтгэлийг бий болгодог гэж үздэг. Буддын шашинд Бурхан багшийн их дүйцсэн өдөр хийсэн буян арван мянга дахин арвиждаг гэдгийн адил ислам шашинд ч Рамадан сард хэн нэгэнд үйлдсэн буян бусад үеийнхээс 73 дахин илүү арвиждаг хэмээн Аллах тэнгэрийн элч Мухамед хэлсэн байдаг гэлээ.
Сонирхуулахад, Рамадан сард Мухамед элчид коран судрын анхны аят буюу Аллах тэнгэрийн үг буусан гэж ярьдаг байна. Энэ утгаараа Рамадан сард ислам шашин төрсөн хэмээн бэлгэшээдэг аж. Мацаг барих зан үйлийг өвчин зовлонтой, хөл хүнд эхчүүдээс бусад нь, 13-аас дээш насныхан үйлдэх ёстой байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор Монголын мусульман нийгэмлэгийнхэн мусульман шашинтай байгууллагуудтай хамтарч Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч буй мацаг барьсан сүсэг нэгтнээ өнөөдөр оройн зоог буюу ифтар хийлгэхээр түрк зоогийн газарт хүлээн авах гэнэ. Тиймээс мусульман хэн бүхэн энэ зоогоос хүртэх эрхтэй аж. Рамадан сар дууссаны дараагийн сарын эхний гурав хоногт тэд Рамазан айт нэртэй баярыг тэмдэглэдэг уламжлалтай . Энэ үеэр цагаан сарын баярын адил залуучууд нь буурлууддаа очиж золгох, өвчтэй нэгийгээ эргэх, айл саахалтындаа зочлох зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.
Ч.АННА
(өдрийн сонин 2005-10-07 241)