Yсгийн дүрмийн баримталбал үеийн үед маргасаар байх болно
Үүнээс үүдэн бид чинь төрөлх хэлээ орчин цагийн хийсвэр сэтгэлгээгээр сольж юм байгаа биш гэх хар төрөх боллоо. Энэ үүднээс МУИС-ийн Монгол хэл, Соёлын сургуулийн захирал Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Бадамдоржтой уулзаж ярилцлаа. Тэрбээр Өөлд аман аялгууны онцлог, Монгол хэлний утгазүйн шаталсан тогтолцоо сэдвээр эрдмийн зэрэг цол хамгаалсан бөгөөд монгол хэлний утга судлалын судалгааг анхлан үүсгээд өдгөө үргэлжлүүлж яваа нэгэн болой.
-Хоёулаа монгол хэлний зөв бичгийн дүрмээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ. Учир нь сүүлийн үед манай энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид өөрсдийн баримталж буй үзэл бодлоосоо улбаалж хоёр хуваагдахад хүрээд байгаа?
-Монгол бичгийн үсгийн дүрэм, кирилл бичгийн үсгийн дүрэм хоёрыг хооронд нь хутган ойлгож болохгүй. Кирилл бичгийн хувьд Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон толийг баримтлах ёстой. Нөгөөтэйгүүр, хэл бол түүхэн хөгжилтэй учраас зарим тохиолдолд орчин цагийн аясыг даган хувьсах нь зүйн хэрэг. Тодруулбал, уламжлалт үгийг одоогийн хэлж буйгаараа бичнэ гэсэн үг. Өмнөх Засгийн газрын шийдвэрээр академич Д.Төмөртогоо гуай хэлний бодит байдалд ойртуулсан үсгийн дүрмийн төсөл боловсруулж, түүнийгээ Засгийн газарт өргөн бариад байгаа.
-Тэгэхээр ойрын үед зөв бичгийн дүрмийн шинэ тольтой болно хэмээн ойлгож болох нь ээ?
-Үнэн хэрэгтээ асуудлыг гацаанаас гаргая гэвэл ойрын үед зөв бичгийн дүрмийн шинэ толийг буй болгох шаардлагатай. Тодруулбал, өнөөдөр үгийн хэлбэрийн толь байхгүйн улмаас асуудал ийм дээрээ тулсан хэрэг. Гэхдээ толь бүтээх дээрээ хүрвэл мэргэшсэн судлаач, эрдэмтдийн хэсгээс бүрдсэн багийг татан оролцуулах хэрэгтэй. Бидэнд нөөц бололцоо бүрэн дүүрэн бий. Гагцхүү санаачилга л дутагдаад байгаа юм. Энд онцлон тэмдэглэхэд, одоогийн үсгийн дүрмийг баримтлах юм бол уг асуудал үеийн үед маргаантай хэвээр байна.
-Та үгийн хэлбэрийн толь байхгүй нь маргаан гарах шалтаг болсон гэж хэллээ. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Манай эрдэмтэн судлаачид хэл зүйн үсгийн дүрэм, авиа зүйг судалж байснаас бус үгийн хэлбэрийг утгатай нь холбож, тэр бүр судалж байсангүй. Тодруулбал, түүх талаас нь судалж ирж. Гэвч үгийн гүн бүтэц, утга нь өнөө цагт чухал байна шүү дээ. Үүнээс үүдээд авиалбар, бүтээвэр, үг, холбоо үг, өгүүлбэр, цогцолбор, эхийг гүн гүнзгий авч үзэх хэрэгтэй болно.
Авиалбар нь утга ялгаруулж, бүтээвэр нь утга илтгэнэ. Үг нь утга илтгэдэг бол холбоо үг нь утгыг ялгаж байдаг. Харин өгүүлбэр, цогцолбор, эх нь утга санааг нь нэвтрүүлж байдаг юм.
-Үгийн хэлбэрээс гадна үгийн утга гэж бие даасан том зүйл байх биз ээ?
-Утга судлалын асуудлыг хөндөхөөс өмнө юуны учир судлахад хүрэв гэдгээс эхлэх нь зөв байх. Манайхаас түрүүлж өрнө, дорнын хэл шинжлэлд утга судлалын салбар буй болсон учраас тэдний судалгааны туршлагыг бид хэрэглэх ёстой боловч монгол хэлний өөрийнх нь онцлогийг анхаарах нь зүйтэй. Жишээ нь өдгөө бид уялга үг хэмээх сайхан үгийн оронд өмнөтгөл, өмнөх үг гэх мэтийн орчуулгын үгийг хэрэглэх болсон. Үнэн хэрэгтээ өмнөтгөл гэдэг нь хятад хэлний үгийн орчуулга, өмнөх үг гэдэг нь орос хэлнээс орчуулж авсан гэх мэт. Бас монгол хэлэнд утга соёлын олон сайхан үг байдаг. Та бүхэн Андлай гэж чухам юуг хэлж буйг мэдэх үү. Энэ нь саахалт айлын хүүхдүүд өөр хоорондоо гэрлэж, эцэг эх нь харилцан бэр авсан худ ураг болохыг хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл, Даваагийн хүү Батын охинтой, Батын хүү Даваагийн охинтой тус тус гэрлэсэн тохиолдол. Ийм гэрлэлт зөндөө бий. Үгийнх нь утгыг аваад үзвэл, Анд-нөхөрлөл, Лай-хосолсон гэсэн үг. Иргэний бүртгэл мэдээллийн албаны ажилтнууд эл үгийг хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна.
Бас наран хайнаг гэх үг мал аж ахуйн салбарт хэрэглэгддэг. Энэ нь монголын бух эцэгтэй, сарлагийн үнээ эхтэй эрлийз үхрийг хэлж буй хэрэг. Бас саран хайнаг гэх үг сарлагийн бух эцэгтэй монгол үнээ эхтэй эрлийз үхэр болно. Үүнээс гадна танин мэдэхүйн утга зүйн үг гэж бий. Тухайлбал, Нохойн хуш гэж сонссон байх. Эл үгийг монголчууд самрын боргоцой лугаа адил мөртөө жижигхэн боргоцой ургадаг модыг ийн нэрлэжээ. Үнэн хэрэгтээ тэрхүү жижиг боргоцойг цөмж үзвэл дотор нь идээ байдаггүй шүү дээ. Тэгэхээр заавал яагаад нохой гэдэг үгээр тодотгов гэх асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Мэдээжийн хэрэг нохойтох гэх шилжмэл утга бүхий үгтэй холбоотой гэдгийг хэлэх байна. Бид явган заль гаргасан нэгнийгээ битгий нохойтоод бай гэдэг шүү дээ.
-Танай Монгол хэл, Соёлын сургууль байгуулагдсаны ойн өдрүүд тохиож байгаа юм байна.
-1945 онд МУИС-ийн дэргэд Хэлбичиг, Утга зохиолын факультетийг БНМАУ-ын Засгийн газар, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлын тогтоолоор байгуулсан түүхтэй. Энэ нь өдгөөгийн Монгол хэл, Соёлын сургууль болон өргөжжээ. Манай сургуульд академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг гарамгай эрдэмтэд түүний шавь нар багшилж, багшлах боловсон хүчний хувьд улам бүр бэхэжсэн юм.
Тус сургууль монгол хэл, уран зохиолын багш, зохиолч, сэтгүүлч, дуун хөрвүүлэгч зэрэг 3230 гаруй мэргэжилтнийг бэлтгэж, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Монгол хэл, Соёлын сургууль нь мэргэжлийн есөн тэнхимтэй бөгөөд 60 гаруй эрдэмтэн багш нар багшилж, 900 орчим оюутан, магистрант, докторант суралцаж, оюутны бие даах төв, цахим тооцоолуурын төв үйл ажиллагаагаа явуулж сургалт, эрдэм шинжилгээний сайхан орчин бүрдсэн гэдгийг энд онцлоход таатай байна.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-10-07 241)