З.ОЙДОВ Дэлхийн аваргаас медаль авсан тамирчинг улсын начинтай зүйрлэж болохгүй
XX зууны манлай тамирчнаар өргөмжлөгдсөн энэ хүний спортын дэвжээнд үзүүлсэн амжилтын зах зухаас дурдахад чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга цолыг 1974, 1975 онуудад дараалан хүртсэн.
1976 оны Монреалийн олимпоос мөнгөн медаль, 1977 онд Швейцарьт болсон ДАШТ-ээс хүрэл медаль авч Азийн аварга /1973/, Азийн тоглолтын аварга /1978/, Дэлхийн оюутан залуучуудын Универсиад тэмцээний аварга /1977/, Монголын бүх ард түмний спартакиадын аварга, улсынхаа долоон удаагийн аварга болсон гээд өчнөөнийг нэрлэж болно. Мөн 1975 онд Ази, Африкийн орны бөхчүүдээс шилдэг бөхөд олгодог цомоор шагнуулснаас гадна Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Сүхбаатарын одонгоор хоёронтоо, МҮОХ-ны Алтан очир одонгоор энгэрээ мялаажээ.
Монголын нэрийн хуудас болсон энэ алдарт тамирчны ид барилдаж байх үедээ өрсөлдөгчөө өчиггүй буулгаж авдаг байсан дархан мэхийг нь өнөө FILA хүлээн зөвшөөрснөөр дэлхийд чөлөөт бөхийн Ойдов гэдэг мэх албан ёсоор бий болоод арваад хонож байна. Түүнтэй хийсэн их спортын талаархи сонирхолтой ярилцлагаа толилуулья.
-Энэ намар чөлөөт бөхийнхний хувьд чамгүй ургацтай байлаа. ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ. Энэ баярт мэдээг Та яаж хүлээж авав?
-Чөлөөтийн дэлхийн аваргыг бид нүд, чих тавин хүлээсэн. Б.Наранбаатарыг хүрэл медаль авлаа гэж сонсоод их баярласан. Учир нь бид олон жил ДАШТ-ээс медаль авалгүй алгассан. Харин О.Пүрэвбаатар маань хошой мөнгөн медаль авч арай өегдүү болж байтал дахиад ганц хоёр жил өнжсөн. Тэгээд энэ залуучууд залгаж авсан болохоор баярлалгүй яахав. Зөвхөн хоёр медаль аваад ирэх бус 2-3 хүн шагналт байрт орсон байна лээ. Энэ бол амжилт.
-Олимп дэлхийн дэвжээнээс медальгүй ирвэл Манайхан ийм шүү дээ гэж басамжилдаг атлаа медаль авчихаар нь чамладаг. Одоо хүмүүс Хүрэл медаль авихаад ямар их хөөрч догдлоно вэ, аварга болчихбол яана гэлцэж байна. Үүн дээр Таны бодлыг сонсъё?
-Бидний үеийнхэн бөхийн барилдааны төлөө зүрх сэтгэлээ өгсөн улс байсан. Багш, дасгалжуулагчид нь чадлынхаа хэрээр ажиллаж төр засгаас ч дэмжсэн шиг дэмждэг байсан. Бид тэр үед За гэдэг ганцхан үг л мэддэг байв. Тэд сурсан мэхээ бидэнд зааж өгдөг байснаас үндэсний бөхийн шилмэл сайхан мэхнүүд өвлөгдөж үлдсэн. Тиймдээ бид оролцсон тэмцээн бүрээсээ медаль авдаг байлаа. Ганц хоёр тэмцээнд ялагдаад ирэх тохиолдол байсаан. Тэр нь жин их хасдаг зэрэг шалтгаанаас болсноос биш, барилдааны арга техник дутсанаас болоогүй гэж би боддог.
Тиймээс бидний урьд үеийн, бидний үеийн барилдааныг мэддэг олон түмэн очоод л дэлхийн аварга болчихдог, очоод л медаль авчихдаг юм байна гэж боддог болсон байх. Сүүлдээ мөнгөн медаль авахад уурладаг болсон. Намайг 1976 оны олимпоос мөнгөн медальтай ирэхэд Наад хүндээ арга хэмжээ төлөвлөөд ир гэж авч явсан албаны хүнийг загнаж хоёронтоо буцаасан байдаг.
-Таныг Монреалийн олимпийн аварга болсонгүй гэж тэр үү?
-Тийм. Аварга болоогүй учраас арга хэмжээ ав гэсэн гэж тэр хүн надад хэлсэн. Тухайн үед бид 33-уулаа явсан юм байлгүй дээ. Яагаад гэхээр Нөгөө 32-т нь ямар арга хэмжээ авах вэ гэсэн чинь За, яахав гээд чамайг 6000 төгрөгөөр шагнасан… гэж зодог тайлсан хойно минь ярьсан юм.
-Нэгэн цагт уналтын байдалд орчихсон байсан чөлөөт бөхөд шинэ үе гарч ирлээ гэвэл Та зөвшөөрөх үү?
-Цаг цагт шинэ үе төрдөг. Урьд нь ч шинэ үе төрж л байсан. Ялангуяа Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, жижиг Сүхбат нарын үе бол сайхан үе байлаа. Гол нь зөв сайн дасгалжуулалт, Засаг, төрийн хайр халамж дутсан. Түүн дээр нь клубын системд орууллаа гээд хэн дуртай хүн хаашаа хамаагүй авч явж бэлтгэл хийлгэдэг задарч бутарсан үе нөлөөлсөн. Хоёр мэдэхгүй хүн чинь нэг нь дасгалжуулж байгаагаа, нөгөө нь дасгалжиж байгаагаа мэдэхгүй, дээр нь ойчвол зөв, дор нь унавал буруу гэж явснаас ийм сайхан залуус амжилт гаргаж чадаагүй юм. Хэдийгээр тэд сайн байсан ч, Төр, засгийн бодлого дутсанаас мөнгө төгрөгөөр гачигдаад медаль авч чадалгүй нэгэн үе өнгөрсөн. Энэ үеийг муу гэж хэлж болохгүй.
-Мөнгө төгрөг дутаад гэж хэллээ. Таны үед олигтой мөнгөн шагнал өгч байгаагүй биз дээ. Одоо олимп, ДАШТ-ээс медаль авахад хэдэн сая төгрөг өгдгийг Та харж л байгаа шүү дээ?
-Тэр чинь амжилт гаргаад ирсэн шагналын мөнгө л дөө. Бидний үед Засаг төрөөс хоол, унаа, байрны мөнгийг дутаадаггүй байсан. Тэдэнд тэмцээнтэй. Байранд ор л гэдэг. Хэдэн төгрөг зарсныг нь сүүлд мэдээд их мөнгө заржээ гэж ойлгодог. Ер нь Засаг, төр бодлогоор асуудлыг шийдэж биеийн тамирыг дэмжинэ гэдэг өөр. Пүүс компанийн ч юм уу, таньдаг хүмүүсээс мөнгө хайж явна гэдэг үнэхээр хэцүү. Би бас хэдэн жил хайсаан. Тамирчдаа бэлтгэл сургууль хийлгэх, гадаадад тэмцээнд явуулах гэж. Овоо жаахан бэлтгэл хийлгээд Одоо ч гайгүй боллоо гэсэн үедээ нөгөө хэдээсээ шилж байгаад аваад явах гэхээр мөнгө нь бүтдэггүй. Тусалъя гэсэн компанийн үүдэн дээр хэдэн өдөр хүлээгээд нисэхийнхээ өмнө арай гэж мөнгөө бүтээгээд ганц бэлтгэл хийсэн болоод онгоцонд ухаангүй унтсаар очдог. Тэгээд нөгөө сайхан торгон ир нь алга болоод хүнд байлаа шүү дээ.
-Засгийн газрын тогтоолоор тамирчдын амжилтыг урамшуулж, мөнгөн шагналаар шагнадаг болсон. Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хошой алт, хүрэл, Азийн тоглолт болон тивийн аварга гээд тооцохоор энэ цагт Та хичнээн төгрөг авах байсан бол. Сонирхоод ч юм уу тооцоолж үзсэн үү?
-Би тооцож үзээгүй. Манай найз нар л дэлхийн аварга чинь төдөн сая, олимпийн мөнгө чинь төд, Азийн тоглолт, тивийн аварга чинь төд гэснээ Чи өөрийгөө байтугай, намайг хамт баяжуулчих байж гээд хааяа нэг айраг уухаараа хөхрөлдөж л байдаг юм. Тухайн үед Засаг төрийн бодлого тийм байсан хойно яая гэхэв. Манай Ж. Мөнхбат аваргыг Бид чинь юу ч өгдөггүй үед нь баахан барилдаж түрүүлсэн юм байна. Одоо түрүүлсэн бол амьдрал сайхан байх байж гэж хэлсэн гэж ярьдаг л юм. ОХУ, АНУ, Герман, Болгар зэрэг улсад дэлхий, олимпоос медаль авсан тамирчдадаа тэтгэвэр өгдөг болжээ. АНУ гэхэд Амьдралаа бод гээд 60 сая ам.доллар өгдөг юм билээ. Манайд тэр нь хэцүү л байх. Гэхдээ амжилт гаргаад ирсэн тамирчдадаа авсан медалийн тоогоор нь хэдэн төгрөгийн тэтгэвэр өгчих нь зүйтэй гэж би боддог.
-Спортын цол зэрэгт мөнгө өгдөг байсан шүү дээ?
-Би спортын мастер цолондоо сарын 50 төгрөг авдаг байсан. Гавъяат мастерт сард 100 төгрөг өгдөг байсан юм гэнэ лээ. Түүнийг нь болиулсан хойно би гавъяат болсон юм. Гавъяат болоход нэг дор 3000 төгрөг өгдөг. Спортын мастер, ОУХМ гэдэг чинь том цол. Үүнд мөнгөн шагнал өгч байх ёстой гэж ойлгодог. Мөн Сүхбаатарын одонд 50 төгрөг, Хөдөлмөрийн баатрын Алтан таван хошуу-нд 100 төгрөг өгдөг байсан. Алдарт XX дугаар тогтоол гарснаар Сүхбаатарын одонд сарын 100 төгрөг өгдөг болсон.
-Та авч байгаа юу?
-1990 оноос хойш хэдэн удаа аваад 60 нас хүрээгүй гээд өгөхөө больчихсон.
-60 нас хүрэхээрээ авах юм уу?
-Тийм. 60 хүрсэн хойноо авах юм гэнэ лээ.
-Та машинтай юу?
-Машинтай.
-Уучлаарай! Та өөрөө авсан уу, таны хөдөлмөрийг үнэлж хэн нэгэн спортод элэгтэй хүн бэлэглэсэн үү?
-Анх манай нутгийн зөвлөл, спортыг дэмждэг сайн санаат хүмүүс, ах дүү нар, найз нөхдийн санаачлагаар алдрыг нь тэмдэглэе гээд 1998 онд Их хурд-тай давхцуулан дүү бид хоёрын алдрыг тэмдэглэх ёслол болж УАЗ-469 машин өгсөн юм. Үүнээс улбаалаад унаатай болсон доо.
-Сая таны төрсөн дүү ДАШТ-ний мөнгөн медальт, улсын заан З.Дүвчингийн дэлхийн дэвжээнд сойсон эмэгтэй тамирчин Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ. Та нэг хэсэг НИК клубт дасгалжуулагч байсан. Таны бэлтгэсэн тамирчид хэр яваа вэ? Дасгалжуулагчийн хувьд Таныг дүүтэй чинь харьцуулбал?
-Тэнд нь, энд нь гэж хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь дасгалжуулагчид сурган хүмүүжүүлэх ухаан, хүний анатоми, физиологийг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд үнэн сэтгэлээсээ юманд ханддаг байх ёстой. Спортынхоо төрлийг сайн мэддэг, тамирчдын барилдааны алдааг харж чаддаг, тэр хэмжээгээрээ засч залруулдаг байх хэрэгтэй. Үнэндээ дэлхий нийтэд өнөөдөр сайн тамирчин л сайн дасгалжуулагч болж байгаа.
-Таны нэрээр нэрлэгдсэн мэхийг FILA-гаас албан ёсоор баталжээ. Ойдов гэдэг энэ мэх чөлөөт бөхийн спорт байсан цагт үеийн үед мөнхрөн үлдэх нь. Үүнийг босоо байдлаас шууд цэвэр ялах боломжтой гайхамшигтай мэх хэмээн Алтан шүгэл шагналт шүүгч А.Басхүү үнэлсэн. Энэ мэхний талаар өөрөөс тань сонсъё?
-Тамирчин хүн өрсөлдөгчөө унагах арга мэхээ байнга бодож, олон хувилбараар сэтгэж баяжуулж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол урьдынхаа хийж байсан хоёр гурван мэхтэй дараа жил нь яваад очих юм бол огт амжилт гаргахгүй. Өрсөлдөгч чинь хэдийнэ судалчихсан байдаг болохоор тэр. Олон талын мэхтэй байж л амжилт гаргаж байгаа юм шүү дээ.
Энэ мэхийг 1974 оны Данколовын тэмцээнд Ираны бөх Кармашахтай барилдаж байхдаа олсон юм. Хийчихэж болмоор мэх байна гэж бодсон ч ашиглалгүй ирсэн. Дутуу сурч хэрэглээд нэг дор гурав дөрвөн удаа хариулгачихсан мэх эзэндээ хэрэг болдоггүй. Тиймээс энэ мэхийг төгс болгоогүй байж хүнд хариулгахгүй гээд тус тусынх нь хөдөлгөөнөөр өчнөөн давтаж өөрийн болгосон. Ер нь би аливаа мэхийг тэгж байж сурдаг. Энэ мэхний тухайд байрлал бий болбол хийж болдог. Байрлалаа бий болгохын тулд хүнд гараа өгчихдөг л болно. Тэр үед Баянхонгорт УАШТ болсон юм. Нэгийн даваанд Архангайн Оросоо гэдэг хүүхэд ухасхийгээд л яг тэр байрлалд ороод ирэхээр нь хамгийн анх түүнд хийсэн. Тэр ч ухасхийсэн, би ч зөрүүлээд мэхээ хийж долоон секундэд цэвэр ялсан юм даг.
Ингэж миний гарын мэх болсон юм. Энэ мэхийг би их олон жил нуусан. Яагаад нуух болсон бэ гэхээр хариулгыг нь би өнөөдрийг хүртэл 30 жил бодоод олохгүй байгаа юм. Хариу мэхийг нь олчихоороо дэлгэх гээд байсан хэрэг. Харамсалтай нь, олоогүй, олох ч үгүй юм шиг байна. Тэгэхээр нэгэнт хариулгагүй мэхийг чинь хүнд хийвэл л цэвэр дарна.
-Энэ хугацаанд өөрийнхөө дархан мэхийг хариулах мэхийг л эрэлхийлээд байсан гэсэн үг үү?
-Тийм. Хэрвээ хариулгыг нь олчихвол өөрсдийнхөө бөхчүүдэд зааж өгөх гээд байхгүй юу. Миний хийж байсныг ганц хоёр хүн харчихаад буруу зөрүү хийж л байдаг юм. Уг нь их амархан л даа. Хамгийн гол нь манайхан чинь өөрсдөө сураагүй байж өөр гадны улсад очиж хэлж өгдөг. Тэгээд дараа нь өөрөө түүндээ цэвэр ялагддаг дутагдалтай. Иймээс би олон жил нуусан. Тэгээд одоо өөрөө өвгөн боллоо. Манайхан ч олимпоос медаль авахгүй нь шиг байна даа гэж санаад, энэ мэхээ баталгаажуулж авбал яасан юм бэ гэж бодоод МЧБХ-нд санал тавьсны дагуу манайхаас FILA-д бичиг явуулсан. Аливаа юманд эсэргүүцэл гарч ирдэг жамаар өөр орны бөх хийж байсан гэсэн гэнэ лээ. Энэ 30 жилийн хугацаанд хэн нэгэн тийм мэх хийх гэж оролдолгүй яахав. Тэгээд хоёр жилийн дараа сая баталгаажуулсан нь энэ.
-Та энэ мэхээ дэлхийн дэвжээнд анх хэзээ хэрэглэсэн бэ? Туркийн Станбулд анх дэлхийн аварга болохдоо хийсэн үү?
-Үгүй. Нэгэнт миний бие тухайн үед дэлхийн бөхчүүдэд хүрэлцэж байсан учраас ашиглаагүй. Тийм гайхамшигтай мэхийг хаана дуртай газраа хийж болохгүй шүү дээ. Гэхдээ Монголд хийж байсан, ЗХУ-ын бөхөд нэг удаа хийсэн. Дээшээ хартал 15 секунд үлдсэн байхаар нь суугаа байдлаас гарцаагүй хийгээд цэвэр дарсан. Түүнийг харсан улсын заан Мягмар 15 хоромд дайрч мэх хийгээд цэвэр дарж байхыг чинь харахад сайхан байсан шүү гэж байсан. Тэгэхдээ энэ мэх гэж мэдээгүй. Ираны Навой гэдэг бөхөд 1973 оны дэлхийн аваргын тэмцээнд ялагдаж медалиа алдчихаад дараа жил нь цэвэр дарна гэсэн занаатай очиж энэ мэхийг хийж цэвэр дарж байлаа.
-Тэгэхээр чинь 1974 оны ДАШТ-д хэрэглэсэн байх нь ээ?
-Азийн тоглолт дээр Навойд хийсэн. Тэр жилийн ДАШТ-д Ираны бөхчүүд ороогүй юм.
-Тэгвэл Минскт болсон ДАШТ-д аварга болохдоо ч дархан мэхээ хийгээгүй хэрэг үү?
-Хийгээгүй. Тамирчин хүний хамгийн өндөр амжилт гаргавал зохих ганцхан наадам бол олимп. Миний хувьд 7-8 мэхийг дэлхийн тэмцээнд гаргалгүй нууж явдаг байсан. Гэтэл эдгээрийг чинь хэзээ хаана гаргах юм бэ, одоо л гаргахгүй бол гэж бодсон. Тэгэхдээ тэр чинь гаргая гэсэн тоолонгоор гараад ирдэггүй. Барьц нь, тал нь, байрлал нь болохгүй гээд явдалтай. Тэгээд би 1976 оны олимпод Яанжумод 2-3 удаа хийсэн. Тэр тоолондоо дээш нь харуулсан. Харин цэвэр ялж чадаагүй. Тэр хүнийг энэ дэлхий дээр хэн ч цэвэр ялаагүй байх. Үнэхээр мундаг мосттой бөх. Би яарсан ч байж магадгүй, гэхдээ цэвэр ялаагүй юм. Ингэж л анх олимпод хийсэн мэх дээ.
-FILA дүрмээ саяхан өөрчилсөн. Одоо барилдаан ихэвчлэн босоо байрлалаас явагддаг болсныг манайханд ашигтай гэлцэж байна…?
-Хамгийн сүүлд батлагдсан энэ дүрмийг манай монголчуудын дүрэм гэж бид ярьж байгаа. Үе үеийн шигшээ багийн дасгалжуулагчид тухайн үеийнхээ дүрмэнд зохицуулж ажилладаг байсан. Миний хувьд хэвтээ барилдаанд тэртэй тэргүй хүүхэд байхаасаа барилдаад 10, 20 жил болчихсон гадныхныг бид нар хэвтээгээс дийлэхгүй юм байна. Босоогоос дээш нь харуулаад хаядаг үндэсний бөхийн сайхан мэхтэй байж, дассан сурсанаараа л барилдъя. Хүний чаддаг юманд өөрийнхөө чаддаггүй юмаар дийлдэж байх ямар хэрэгтэй юм бэ гэж бодож дандаа босоогоос барилддаг байсан. Манай үндэсний бөхийн барилдаан гэдэг чинь гайхамшиг. Өвдөг тохой юм уу, хоёрдугаар үе газар шүргэхэд унасанд тооцдог. Ганцхан наадмаар цол олгодог болохоор бүтэн жил бодож байгаад хойтон нь очдог. Олон сайхан мэхтэй барилдааны дунд өсчихөөд бид нар чинь тэр гайхамшгаараа барилдалгүйгээр нокат эргэж байгаа нь гээд далан дээрээ өнхөрч байж болохгүй шүү дээ. Би өөрийгөө ийм аргаар дэлхийн аварга болсон хүн гэж боддог.
-Дөрвөн жилийн өмнөх ярилцлагадаа энэ тухай дурссан. Гэхдээ шинэ юм гэдэг мартагдсан хуучин зүйл байх нь олонтаа гэсэн мэргэн үг бий. Олимпийн алтан медаль тун ойрхон байсан гэдэг дээ?
-Ойрхон байсаан. Энэ тухай би өөрийнхөө номонд ч бичсэн. Яагаад тийм ойрхон байсан бэ гэхээр би урьд нь дэлхийд хоёр түрүүлчихсэн, одоо хэнд ялагдах вэ, тийм үү. Жиндээ зодоглох дэлхийн бүх бөхчүүдийг мэднэ. Олимпийн тоглолтод сайн барилдахын тулд биеэ жаахан тордсон болохоор бие их сайн байсан. Бие сайн болохоор жин буурдаггүй нэг аюул бий.
Харин би арав гаруй кг хасдаг байсан юм. Тэгээд Магсар багш, Мөнхбат багш хоёрт нэг санал тавьлаа. Тэр нь юу гэхээр Би жин өгсч 68 кг-д барилдъя. Тэгвэл би олимпийн аварга болно. 62 кг-д маш хэцүү байна гэж. Тэд зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь тухайн үед 68 кг-д зодоглох гэж байсан Ц.Нацагдорж гуайгаас Хоёулаа тохиръё. Та 62-т барилдчих. Би 68-д барилдъя. Тэгвэл би түрүүлэх байх. Та медаль авна. Танд 68-д зодогловол хэцүү, би 62-т барилдах хэцүү байна гэж гуйсан. Нацагдорж гуай бас зөвшөөрөөгүй.
Миний авсан бүх медалиудын 90-ээд хувь нь 68 кг-ын жинд түрүүлсэн алтан медаль байдаг. Тэгэхээр 68 кг-ын жингийн бөх гэдэг нь ойлгомжтой.
-Домог болсон тэмцээнүүдээс чинь хаанахын хэнтэй зодоглосон барилдаан хамгийн бахархалтай санагдаж, сэтгэлд чинь үлдсэн бэ?
-Өрсөлдөгч ихтэй байхад барилдаан болгон бахархалтай, гайхамшигтай байдаг юм шүү. 1975 онд Германд болсон олон улсын тэмцээнд 68 кг-ын жинд өрсөлдөхдөө найм барилдаж, бүгдэд нь цэвэр дарж түрүүлж байсан. Энэ бол 1976 оны олимпод 68 кг-д барилдвал түрүүлж магадгүй гэсэн дохио байсан хэрэг. Тэгэхэд сайхан ч юм шиг санагдаж байсан.
Мөн 1973 онд манайд зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Японы бөхтэй таарсан. Манай жинд таван бөх барилдсан л даа. Ер нь М. Хойлогдорж бид хоёрын жинд хоёр айхавтар хүн ирсэн гэж яригдаж байсан. Урьд нь би ядарна гэж, манай тамирчдын яриагаар хялайна гэж мэддэггүй байлаа. Бэлтгэлээ сайн хийдэг, тэр хэмжээгээр ядардаггүй байсан юм. Харин тэр Японы бөх намайг үнэн голоос минь ядраасан даа. Би уг нь үе тэнгийнхнээ Чи юундаа ядраав. Ядраад үхэх нь үү гэж ирээд загнадаг байсан байхгүй юу. Өөрийнхөө биеэр мэдэрсэнээс хойш би ядарч байгаа хүнийг хараад загнахаа больсон.
-Тэгэхдээ та Азийн аварга болоо биз дээ?
-Болсоон болсон. Тэгэхэд чинь арван жинд манайхан арвуулаа аварга болсон. Надад харамсдаг барилдаан ч бий. Тухайлбал, 1972 оны Мюнхений олимпод нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Дэвисийг мордоод цэвэр дарчих гэсэн чинь өөр дээрээ татаж унаад цэвэр даруулчихаж билээ.
-Олимпийн дэвжээнд зодоглох, манай зүлэг ногоон дэвжээн дээр барилдах хоёр асар өөр юм шүү. Монголдоо нэртэй байх, дэлхийд танигдсан байх гэдэг өдөр шөнө шиг ялгаатай гэдгийг дэлхийд данстай хүн нь өөрөө тайлбарлахаар сонин юм билээ?
-Манай үндэсний бөхийн барилдаан эрийн гурван наадмын гол бахархал уу гэвэл яалт ч үгүй мөн. Энэ утгаараа ард түмэн нүд баясган үзэж, цол авсан бөхчүүдээ хайрлаж явдаг нь үнэн. Харин дэлхийн дэвжээ гэдэг амаргүй даваа. Одоохондоо дэлхийгээс том газар байхгүй байна л даа. Хэзээ нэгэн цагт нээгдэх л байх. Монголын наадам жил бүр болно. Түүнд нэг хүн түрүүлэх нь тодорхой. Харин дэлхийн наадам гэдэг бол үнэхээр том наадам. Тийм учраас энэ ярилцлагын далимд дэлхийн аваргаас медаль аваад ирж байгаа тэр дундаа олимпийн төрөлд амжилт гаргаад ирж байгаа тамирчдыг монголчууд маань улсын начинтай зүйрлэж болохгүй гэж би зориг гаргаад хэлчихье.
Өнөөдөр Монгол Улсын заан цолыг авч байна. Энэ сайхан цол. Үүнд хүрэх гэж олон жил зүтгэсэн байж таарна. Тэгээд таван өрөө байраар, машинаар шагнуулж байгаа нь маш гайхамшигтай хэрэг. Тэгэхэд О.Пүрэвбаатарыг ДАШТ-ээс мөнгөн медаль аваад ирэхэд нь манай холбооны тэргүүлэгч хэдэн хүн хуруу хумсаа хугалчих гэж байж 500, 500 мянган төгрөг өгье, хүүе хаая гэсээр машинаар шагнаж байсан юм. Уг нь энэ хоёр амжилт тэмээ ямаа шиг зөрүүтэй юм шүү дээ. Эверестийн оргилд гарсан Г.Өсөхбаяр гэдэг залуу байна. Энэ бүхнийг улсын наадамтай зүйрлэж арай боломгүй.
-Танд зориулж төрсөн нутагт чинь хөшөө босгосон гэдэг. Амьддаа хөшөөгөө босгуулахад ямар сэтгэгдэл төрөх юм бэ?
-Анх миний алдрыг тэмдэглэхэд манай нутгийн Дамдинбазар гэж залуу Ахдаа зориулж хөшөө босгож өгнө гэсэн байхгүй юу. Тухайн үедээ баярлалаа гэж хөхрөлдөөд л өнгөрсөн юм. Тэгээд гурван жил огт чимээгүй байсан. Тэгсэн нэг өдөр За, хөшөө босгоход бэлэн. Ямар материалаар хийх вэ. Энэ хугацаанд би хөшөө гэж ямар юм байдгийг судаллаа гэдэг юм байна. Яг тэгээд хөшөө босгуулахдаа тулахаар эвгүй юм билээ. Нэгд, болдог ч юм уу, болдоггүй ч юм уу гэж бодогдоод, хоёрт, амьд хүнд хөшөө босгож байна гэж сонсоогүй учраас эвгүй санагдаад хэллээ. Тэгтэл болно гэж байна шүү. Тэгээд л яах ч аргагүй болов. Өнөөх чинь юу юугүй эхэллээ. Үүнийг сонсоод Чиний хөшөөг босгож байгаа гэнэ. Нэрийг чинь тавиад он сарыг нь биччихвэл болох юм байна даа гэж дооглож хөхөрсөн хүн ч бий. Миний дуулснаар Цэдэнбал дарга, маршал Чойбалсан хоёрын хөшөөг л амьдад нь босгосон гэх юм билээ. Улсууд айхавтар болохоор Та гурав л хөшөөгөө амьддаа босгууллаа гэсэн. Эрэл компанийн нэг салбарынх нь захирал байсан Авирмэдийн Дамдинбазар гэдэг залуу санаачлагаараа босгосон юм. Тэдний компанийн нийт хүмүүсийн хүчин зүтгэл, хөрөнгө мөнгө орсон байж таарна. Би бүгдэд нь баярлаж байгаа.
-Ямар хүн барьсан юм бэ?
-Уран бүтээлч нь барималчин Гүрсэдийн Энхтөр гэж Бээжинд сургууль төгссөн залуу байсан. Уран удамтай хүн билээ. Бас л манай нутгийн хүүхэд.
-Хөшөөнийхөө нээлтэн дээр л та өөрийгөө харсан уу?
-Бүтээл болоод ирэхээр өөрөө оролцохгүй бол болохгүй юм билээ. Анх цагаан гипсээр барьж байх үедээ Та хүрээд ирээч гэхээр нь очтол намайг барьчихжээ. Тэгсэн чинь Өө, энэ чинь болохгүй юм байна гээд л өрөөсөн хацрыг нь сүхээр юу юугүй цавчаад уналаа шүү. Эвгүй ч юм шиг. Нэг нь цавчиж унагаад, нөгөөх нь шаваад байх юм. Тэгж дор дор нь цавчиж унагаад, наагаад адилхан болгож засаад явчихдаг юм билээ. Сүүлдээ цавчихад нь оролцоод Эндээс нь цавч, тэндээс нь цавч гээд л хамаагаа алдсан.
-Зориулж барьсан хөшөөг тань нураана гээд байгаа гэсэн яагаад тэр вэ? Та Сталин ч юм уу, Саддам Хусейн биш шүү дээ?
-Харин тийм. Хөшөөгөө зөө л гэж байна лээ. Надад тэнд алгын чинээ газар өгчихөд болохгүй нь юу байхав гэж ч бодогдох шиг. Нэгэнт ийм юм хийчихсэн байхад зөөлгөх ямар хэрэгтэй юм гэж цухал төрөөд. Амьтнаас ичих л юм. Манай уран ухаант архитекторууд түүнийг тойруулаад хот төлөвлөлт хийчихэж болох байлгүй, төрийн удирдлагууд тэнд нь хийлгэчихэд болохгүй нь юу байхав гэж бодоод л сууж байна даа, ах нь.
-Та Боловсролын их сургуулийн харъяа Биеийн тамирын дээд сургуульд багшилж байгаа. Танай сургуулийн 50 жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Цаг цагийн спортын алдартнууд энэ сургуулийг төгссөн байдаг. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Боловсролын их сургуулийн 12 салбарын нэг нь манай сургууль. Биеийн тамирын салбарын бүх боловсон хүчинг энд бэлтгэсэн. Спортын олон сайхан одууд гарсан. Дэлхийн аварга болсон тамирчдаас Х.Баянмөнх аварга байна. Улсын шилдэг дасгалжуулагчид, хүндэт шүүгч нар, олон гавъяат, баатруудыг төрүүлсэн П.Цэрэндагва багш маань энд төгссөн. Хамгийн шилдэг тэргүүний Алтан шүгэл шагналт шүүгч А.Басхүү төгссөн. Ч.Дамдиншарав багш, Д.Сэрээтэр гавъяат, Ц.Нацагдорж гуай, олимпийн мөнгөн медальт Даваажав гээд бүгд энэ сургуулиас гарсан хүмүүс. Олон алдартнуудаас толгойлон нэрлэж байгаа нь энэ шүү дээ. Сая ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Наранбаатар энэ сургуулийг хоёр жилийн өмнө төгссөн байх жишээтэй. Ингээд бодохоор энд багш нь ч төгсдөг, тамирчин нь ч суралцдаг гайхамшигтай өлгий. Миний хувьд 1974 онд энэ сургуулийн биеийн тамирын ангид элсэж ороод дөрвөн жил суралцахдаа дэлхий, олимпоос дөрвөн том медаль авсандаа баярладаг.
Ингээд сургуулийнхаа 50 жилийн ойг тохиолдуулан бидэнд зааж сургаж байсан үе үеийн багш нартаа урт удаан наслахыг, сургуулийнхаа хамт олон, оюутнууддаа, манай сургуулийг төгсөөд Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа бүх багш нарт, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Чөлөөт бөхийнхөн ДАШТ-ээс нийт 29 медаль авсан. Түүний гурав нь алт. Тэр гурван алтан медалийн хоёрыг нь та эх орондоо авчирсан. Нөгөө нь хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын 1975 оны ДАШТ-ээс 100 кг-ын жинд хүртсэн медаль. Дэлхийгээс гурван медаль авсан Монголын хоёрхон тамирчин нь бас та хоёр. Тэгэхээр аваргын буухиаг хэн нэг нь залгамжлаасай гэж боддог байх. Ойрын үед дэлхийн аварга төрөх болов уу?
-Алтан медаль аваасай гэж бодолгүй яахав. Хэн ч тэр араасаа алдар суутанг дагуулахыг бодно. Олимпийн төрлөөс ДАШТ-ий алтан медальтай гуравхан төрөл л байна шүү дээ, манайд. Байт харваа, буудлага, чөлөөт бөх гээд л болчихно. Тэгэхээр ДАШТ гэдэг чинь дуртай хүн нь оролцоод амжилт гаргах хэмжээний босго биш гэдэг нь харагдаж байгаа байх.
Ийн ярилцаж дууссаныхаа дараа хөдөлмөрийн баатар маань гэргийнхээ захиасыг авахаар замдаа 100 айлын барилгын дэлгүүрийн дэргэд түр саатаж, баатрын таван хошуу, гавьяатын тэмдэг хоёроо санжигнуулан дэлгүүр рүү гүйж одсон. Төдөлгүй силкен цавуу, 10-ын өрөм барьчихсан гүйсээр буцаж ирсэн. Харин пиджакныхаа энгэр дэх хоёр тэмдгийг давхар атгачихсан байв. Уначихаж магадгүй хэмээн болгоомжилсон нь тэр гэнэ. Өдгөө 56 настай эгэлээс эгэл энэ алдартай тамирчин надаас л лав хамаагүй хурдан гүйнэ лээ. Тэгмэгцээ Яагаад энд машинаа тавьсан юм бэ гэж ШТС-ын түгээгчээс зэм хүртэнгүүтээ уриалгахан аргагүй уучлалт гуйж буруугаа хүлээгээд машинаа асааж хөдөлсөн.
Ярилцсан Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-10-10 243)