Охидоо ялгахын тулд өөр өөр оймс өмсүүлчихдэг юм

Ихэр гуравт гарсан гаригаар нь бэлэгшээж Б.Анх-Санчир, Б.Энх-Санчир, Б.Мөнх-Санчир гэсэн нэр хайрласан байна. Дөнгөж саяхан эр эм хоёр ханилан суухаар болж хоёулхнаа гэгдэж байсан бол нэг л өдөр ам бүл тав болчихсон нь хэн хүний амьдралд тохиолдоод байх учрал бас биш ээ. Урьд өмнө нь үрийн зулай үнэрлэж үзээгүй өөрсдөө хүүхдээрээ шахуу залуус гурван маамаагаа маллах гэж сандарч байгаа сураг дуулдав. Үнэхээр нялх нэг хүүхдэд ямар их арчилгаа шаарддаг билээ дээ. Нойргүй хонох шөнө тун олон. Ер нь эх хүний зовлон жаргалыг ээж болсон хойноо л сая сайн ойлгодог гэлцдэг. Манай сонины сурвалжлах хэсэг залуу хосод баяр хүргэхээр Дамбадаржаагийн эцэс Бэлх рүү зорив. Гаднаа тахиа шувуу болсон хоёр давхар сууц нүдэнд тусав. Машин засаж байсан залуу хаалга тайлж өглөө. Д.Цагаанхүү гуайнх есөн хүүхэдтэй. Ихэр гурван охин төрүүлсэн Ц.Эрдэнтуяа дороосоо хоёр дахь нь. Сая нярайлсан эхийг эмнэлгээс хараахан гараагүй байхтай нь таарав. Дорнодын Баяндун суманд хөдөө аж ахуйн инженер, бага ангийн багшаар насаараа шахуу ажилласан Д.Цагаанхүү, Л.Доржханд хоёр хөгшинтэй ахуй амьдрал, аж байдлынх нь талаар ярилцаж жаал суув. Эднийх Дорнод аймгаас таван жилийн өмнө Улаанбаатар хотод шилжин иржээ. Зургаан хүү, гурван охинтой. Ц.Эрдэнэтуяагийн дүү охин, бага ахаас бусад нь өрх тусгаарласан. Хэдийгээр өрх салсан ч тусдаа гарсан нь тийм ч олон биш бололтой. Хоёр давхар сууцанд ач зээ нийлсэн арав гаруй хүн аж төрдөг юм байна. Хүүхдүүдээс нь хамгийн турьхан жижигхэн биетэй, бөөр, зүрх өвдлөө гэж байнга өвчин хэлж байдаг ялаа шиг амьтнаас маань гурван ихэр гарчих юм чинээ хэн санах билээ гэж хуучилж байв. Ах эгч нар нь ихэвчлэн ганц, хоёр хүүхэдтэй. Хамгийн олон нь Ц.Эрдэнэцэг охиных нь гурван хүүхэдтэй. Ихрүүдийн ээж нэгэнтээ эгчийгээ зах зээлийн үед ийм олон хүүхэд гаргаад. Яаж тэжээнэ дээ хэмээн уулга алдаж байсан гэнэ. Гэтэл ийм үгийг хэлж байсан хүн өөрөө гурван хүүхэдтэй болчихоод сууна. Хүүхдийн тоогоор манай гэрийн рекордыг эвдсэн хүн гэж гэрийнх нь Ц.Эрдэнэтуяагийн талаар ярина билээ. Ихэр охидын аав Г.Батбаатар энэ жил ТИС-ийн Математик-Инженерийн сургуулийн III дамжааны оюутан. Гэвч охидоо харалцахаар сургуулиасаа жилийн чөлөө авчээ. Үнэхээр сургуулиасаа завсардахаас өөр арга байсангүй. Гурвын гурван нялх амьтныг ээж нь ганцаараа яаж арчилж дийлэхэв. Нэг нь уйлахаар нөгөө хоёр нь дагаад уйлалдана. 22 насандаа аав болсон Г.Батбаатар ихэр охидоо хооронд нь ялгадаггүй гэсэн шүү. Ихэр охид есдүгээр сарын 10-ны өдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд мэндэлсэн. Ихэр охид жингээ гүйцээхээр хуучнаар гурван ихрийн сувилал гэж байсан Нялхсын клиникт эцэг эхийнхээ хамт хэвтэж байгаа аж. Залуу гэр бүлтэй эмнэлэг дээр очиж уулзлаа.

-Ихэр охидтой болсонд баяр хүргэе. Биеийн байдал тань ямар байна?
Ц.Эрдэнэтуяа -Баярлалаа. Биеийн байдал маш сайн байгаа.

-Төрөхөд хүндрэл хэр гарав?
-Гурвын гурван хүүхэд гарч байгаа болохоор жаахан хүндрэлтэй байсан. Гэхдээ хагалгаа хийлгүүлж бариагүй жам ёсоороо төрсөн.

-Охид хэр том болж байна?
-Хамгийн бага нь 1 кг 550 грамм, 1 кг 850, 2 кг төрсөн. Гарсан жингээсээ бас багассан. Одоо овоо хөөрхөн том болцгоож байгаа. Өнөөдөр хамгийн том охин маань 2 кг 100 грамм, бага нь 1 кг 680 грамм болоод байна.

-Охидынхоо нэрийг хэн өгсөн бэ?
-Бид хоёр хоёулаа ярилцаж байгаад гарсан гаригтай нь холбож нэр өгсөн. Хамгийн эхэнд гарсныг том нь гэж үзээд Б.Анх-Санчир гэж нэрлэсэн. Удаах хоёр нь Б.Энх-Санчир, Б.Мөнх-Санчир.

-Их сайхан нэртэй юм. Харсан хүн хооронд нь ялгахааргүй адилхан муухай амьтад байна шүү дээ. Та ихэр охидоо хооронд нь андуурч байна уу?
-Би л ганцхан ялгадаг юм. Том нь арай ондоо. Бага хоёр нь хоорондоо аягүй адилхан. Аав нь охидоо ялгадаггүй гээч.
Г.Батбаатар -Нээрээ бага хоёр нь хоорондоо ямар адилхан гээч. Өчигдөр ээжийг нь унтаж байхад сувилагч орж ирээд хүүхдүүдийнхээ тариаг хийлгэ гээд. Нэг, хоёр гуравдугаар хүүхэд гэж эмч, сувилагч нар нэрлэчихсэн. За, нэгдүгээр хүүхдээ аваад ир гэсэн чинь би тэднийгээ хооронд нь ялгадаггүй. Ямар сайндаа л Сувилагчаа би ээжээс нь асуучихаад ирье гэсэн чинь намайг Хүүхдүүдээ ялгадаггүй аав гэж шоолж байсан. Охидоо ялгахын тулд өөр өөр оймс өмсүүлчихдэг юм. Одоо бол оймсоор нь таньж байгаа. Гадаа салхилуулж байгаа орж ирээд орон дээр тавихдаа хананы зургийн тэр талд нь тэр охиныгоо тавилаа гэх мэтээр цээжилж байж ялгадаг.

-Гурвын гурван охин зэрэг хөхөж байгаа болохоор сүүндээ хэр цадаж байна?
Ц.Эрдэнэтуяа -Гурвуулаа болохоор хөхөндөө сайн цадахгүй байх шиг байгаа юм. Саяхнаас нэмэлт тэжээлд орсон.
Г.Батбаатар -Nestle сүү өгч байгаа. Нэмэлт тэжээлд орсноос хойш ээж нь хэсэг зуур ч гэсэн унтаж чадаж байгаа. Шөнө аав нь босож нэмэлт тэжээл өгнө шүү дээ.

-Хамгийн анх хэзээ ихэр гурван хүүхэдтэй болох нь гэдгээ мэдсэн бэ. Энэ мэдээг тухайн үед хэрхэн хүлээж авч байв?
Ц.Эрдэнэтуяа -Анх гэдсэндээ дөрвөн сартай байхад нь эхо-д харуулсан чинь ихэр юм уу гэж эмч асуухад нь Үгүй, ихэр биш гэж хариулж байсан. Гурван ихэр гэдгийг сонсоод гурав байхдаа ч яах вэ дээ гэж бодож байсан. Манай нөхөр энэ мэдээг их баяртай хүлээж авсан.
Г.Батбаатар -Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эхнэр маань эхо-д харуулахаар орчихсон. Би гадаа нь хүлээгээд сууж байтал эмч гарч ирээд Та хамт яваа хүн нь мөн үү гэхэд нь яасан юм бол оо гэж маш их сандраад дотогш ортол эмч Ихэр хүүхэд байна гэхэд нь би Үгүй байлгүй дээ гэж хэлээд инээсэн юм. Эмч Ихэр ихэртээ гурван ихэр байна шүү дээ гэхэд Үгүй байлгүй дээ гэж хэлээд миний инээд бүр хүрээд байсан. Анх гурван ихэр гэдгийг сонсоод яагаад ч юм учиргүй их инээд хүрсэн. Эмч бүр сүүлдээ яагаад намайг инээгээд байгаа юм бол доо гэж гайхсан байх.

-Та хоёр анх танилцаж байсан үеэ дурсахгүй юу. Ихэр охидын аав, ээж хэрхэн танилцсан нь манай уншигчдад сонирхолтой санагдаж байгаа байх?
Ц.Эрдэнэтуяа -Арван жилээ нэг ангид төгссөн. Намайг есдүгээр ангид байхад манай нөхөр аймгийн төвөөс шилжин ирж байсан. Бид хоёр хотод ирээд оюутан болсныхоо дараа үерхэж эхэлсэн.
Г.Батбаатар -Арван жилд байхдаа би эхнэртэй хайртай байсан юм. Анх шилжиж ирээд нүдэнд шууд туссан. Тэр үед би эхнэртээ сайн гэдгээ хэлдэг байсан ч манай хүн нэг их тоож үздэггүй байсан. Харин арван жилээ төгсөөд оюутан болсны дараа бид хоёр үерхэж эхэлсэн.

-Дахин хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
Ц.Эрдэнэтуяа -Одоогоор бодсон юм алга.
Г.Батбаатар -Дахиад хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа. Би бага байхдаа 10 хүүхэдтэй болно гэж тоглож ярьж байсан. Гэтэл эхний хүүхэд маань гурав гарчихлаа.

-Ойр дотнын хүмүүс хэр баяр хүргэж байна. Та хоёр хоёулаа оюутан. Ангийнхан чинь эргэж ирсэн үү?
-Таних, танихгүй олон хүн бид хоёрт баяр хүргэж байгаа. Хүүхдүүдээ салхинд авч гарахаар танихгүй хүмүүс ирж баяр хүргээд байдаг юм. Их сургуулийн болон арван жилийн ангийнхан маань ихэр хүүхдүүдтэй болсон гэж одоогоор сонсоогүй байгаа болов уу. Юутай ч гурван ихэр охинтой болсондоо тун баяртай байна. Гурван хүүхдээ эх орондоо хэрэгтэй, аав ээждээ нэмэр тустай хүн болгон өсгөж хүмүүжүүлнэ ээ хэмээн залуу хос баяр бахдлаар дүүрэн хэлж байв. Тэд өдөр өдрөөр өсч буй бяцхан үрсийг маань асарч сувилж буй Нялхсын клиникийн сувиллын хамт олонд баярлаж талархаж байгааг маань дамжуулж өгөөч гэж хүссэн юм.

Би ажил хийхгүй бол бид тавыг хэн тэжээх билээ
ТИС-ийн Нийгмийн халамжийн ангийг дүүргэсэн Ц.Эрдэнэтуяа дипломаа гардаж авч амжихгүй л явна. Гурван хүүхэдтэй ээжид яаж ч сургууль соёлоор явах зав гарах вэ дээ. Тэрээр энэ жил 23 настай. ТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.Батбаатар хичээлийнхээ хажуугаар Бридж группын Eүeryday дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг байсан ч ам бүл нэмээд тэр үү ажилдаа явалгүй жаахан удчихжээ. Гэтэл түүнийг шалтгаангүй ажлаа тасалсан хэмээн ажлаас нь халчихсан юм байх. Бүрмөсөн ч ажлаас нь арай халчихсангүй бололтой. Түүнийг барилга дээр ажиллавал ажил гэсэн ч Г.Батбаатар хэдэн жилийн өмнө бөөрний дутагдалд орж байсан бие муутай нэгэн гэнэ. Тийм учраас хүнд ажил хийж чадахгүйгээс одоо ажилгүйчүүдийн эгнээнд орж буй бололтой.
Би ажил хийхгүй бол бид тавыг хэн тэжээх билээ гэх оюутан залуугийн үг санаанаас ер гарахгүй чихэнд сонсогдсоор байв. Г.Батбаатарын аав хэдэн жилийн өмнө нас барсан, харин ээж нь түүнийг багад нь орхиод явчихсан хоёр эгч, нэг дүүгийн хамт амьдардаг эцэг эхийн өмөг түшиггүй түүнд өөрөөс нь илүү хэн туслах билээ. Сайн хань, сайн хадамтай байхад алзахгүй байлгүй гэх энэ залуу хурдан л ажилд орж гэрийнхнийгээ тэжээх хүсэлдээ автан байх шиг ээ.
Урьд нь гурван ихрийг гурван нас хүртэл нь улсын асрамжинд халамжилж, байр сууц өгдөг байсан ч одоо ямар нэгэн тэтгэлэг, тусламж байхаа нэгэнт больжээ. Д.Цагаанхүү гуайнх арван тав, зургаан ач зээ гээд хүүхдийн хөлд дарагдсан бужигнасан айл. Эдэн дээр одоо гурван ихэр нэмэгдэж очно. Г.Батбаатарын сургууль болох ТИС-ийн Математик-Инженерийн сургуулийн захирал нь Гурван ихэр охидын эцэг эхийн орон байрны асуудлыг сонирхоод сургуулийнхантайгаа ярилцаж байгаад тусалж дэмжих юм бодно хэмээн залуугийн эгчид хэлсэн нь залуу хосод Орон байртай болох найдварын очийг асаажээ. Эднийхэн ажилсаг улс болох нь илт харагдаж байв. Хашаандаа худаг гаргасан, төмс, байцаа, лууван, манжин, улаан лооль, өргөст хэмх гээд тарихгүй ногоо байхгүй. Гэрээрээ дүүрэн цэцэг тарьсан. Д.Цагаанхүү арван жилийн сургуульд саяхан манаачаар ажилд оржээ. Түүнд ажлын газраас нь өндөр настны баяраар 10 мянган төгрөг өгсөн юм байх. Бөөн баяр болчихсон гаднаас тор дүүрэн хүнсний зүйл цуглуулаад ирж байхтай нь таарсан юм. Тэрбээр хамгийн хямдаар нь адууны мах авчихлаа гэсээр хөгшиндөө есийн тос зэргийг нэг нэгээр нь гаргаж өгсөн юм. Д.Цагаанхүү гуай ихэр охидоо очиж харъя хэмээсээр халуун сав цай, хоол болсоор гарч одов.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-10 243)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button