Д.МОЛОМЖАМЦ Чёрт хэзээ ийм нам байсан юм
Д.Моломжамцтай манай сурвалжлагч уулзаж МАХН-д өрнөөд буй өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцлаа.
-МАХН-ын Удирдах зөвлөлд хандсан өргөх бичигт та гарын үсэг зурсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэе?
-Бидний хэдэн хөгшин Энхтүвшин гэдэг нөхрийг хотын намын хорооны даргаар тавих саналыг дэмжих бичигт гарын үсэг зурцгаасан. Тэд намын Удирдах зөвлөлд хандсан өргөх бичиг бичээд бидний хэдэн хуучин нөхдөөс санал авах гэж ирсэн юм. Миний нэрийг бүүр хамгийн эхэнд нь бичсэн байхад нь Хүүхдүүдээ та нар намын гишүүн бус хүний нэрийг яах гэж түрүүнд нь бичээ вэ гэж би хэлсэн.
-Та чинь тэгэхлээр МАХН-ын гишүүн биш болж байна уу?
-Тиймээ, намайг намаас хөөгөөд эргүүлж элсүүллээ гэж л лав хүн ирж хэлээгүй. Надад намын батлах ч байхгүй. Гэхдээ би МАХН-ыг дэмждэг ээ. Намаас аятайхан хүн сонгуульд нэр дэвшсэн байвал би дэмждэг, бас надад таалагдаагүй хүн байвал би дэмждэггүй. Анх намайг намаас хөөхдөө намын хянан шалгах хорооны дарга байсан Ц.Өөлд Намын эрх ашгийн үүднээс, намын нэр хүндийг хамгаалж авч үлдэхийн тулд таныг намаас хөөж байна гэж хэлсэн нь санаанаас ер гардаггүй юм.
-Өргөх бичиг гээд юм ярьж байсан, яриагаа үүгээр үргэлжлүүлье…
-Би гарын үсэг зурсан. Энхтүвшин тийм ч больчихсон нөхөр биш байгаа юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд хотын намын дарга болоод цаашдаа хотын дарга ч болно уу ямар хамаа байх вэ. Би Энхтүвшинг танихгүй, Хөвсгөл нутгийн хүү л гэж дуулддаг юм. Тэрнээс биш тэр жигүүрийг нь сайн мэдэхгүй ч хүмүүсийн ярихыг сонссон, ам хэлээ олж л байгаа дуулддаг юм.
-Намд жигүүр байснаараа хяналт илүү сайн болно гэж та бодож байна уу?
-Жигүүр нь эрх биш шүүмжилж чаддаг байвал хяналттай байх байлгүй дээ. Дотоод шүүмжлэл өрнөх зэрэг сайн талтай. Гэхдээ хоосон маргаанаас аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Үр дүн муутай шүүмжлээд байлгүй ажлаа сайн хийгээд байвал жигүүр гэдэг бас ч дэмий зүйл биш гэж бодож байна.
-МАХН-ын тухай шүүмжлэл сүүлийн үед сонин хэвлэлээр их гарах боллоо. Энэ талаар таны бодлыг сонсъё.
-Ер нь сонсож суухад намын дотоод ардчилал байхгүй болчихлоо л гэж яриад, бичээд байгаа бололтой юм билээ. МАХН ерээд оноос хойш бараг тасралтгүй засгийн эрхийг барьж байна. Намын нөхдүүд хоорондоо эв эетэй хагарахгүй л байгаасай гэж боддог хүн. Би одоо засгийн эрхэнд МАХН нь байна уу, Ардчилсан нам нь байна уу огт хамаагүй гэж боддог. Одоо цагт намын эрх ашиг гэдэг асуудал огт дэмий зүйл. Улс орноо яаж хөгжүүлэх нь гол болохоос нам бүлгийн эрх ашиг гэж ярьж маргалдах нь дэмий. Жигүүр, намуудын хоорондох маргаан гагцхүү улс орны хөгжлийн тухай л байна уу гэхээс өөр зүйл дээр байхыг дэмий зүйл гэж бодож байна.
-Та намаасаа тойрон хүрээлэгчдийн нэг гээд шийтгэл хүлээсэн байдаг, тэр чухам юу болсон юм бэ?
-Тойрон хүрээлэгчид гээд нэлээд хэдэн хүн байдаг. Бидний долоон хүнийг намаас хөөж байсан. Лувсан, Рагчаа, Гомбожав Майдар, Дэжид, Лхамжав бид хэд. Шийтгэгдсэн гол буруу нь улс орны хөгжлийг саатуулсан гэсэн. Бидэнд дутагдал байсан уу гэвэл байсан. Гэхдээ асуудлын гол юу байсан бэ гэвэл тэр нь системийн гажуудал байгаа юм ш дээ. Манайд ч байсан, хуучин Зөвлөлтөд ч байсан. Системийн дутагдлыг бидэнд тохсоныг буруу гэж боддог. Шинэ Үндсэн хууль дөнгөж баталчихаад байсан үед болсон явдал. Харин сүүлд биднийг дуудаж уулзаад цагаатгах гэх зэрэг зүйл яриад байсан. Цагаатгах гэдэг байж болохгүй, яагаад гэвэл бид хэрэг хийгээгүй учраас. Үнэхээр цагаатгах гээд байгаа бол тойрон хүрээлэгчдийн тухай Улс төрийн тогтоолоо хүчингүй болгох хэрэгтэй гэж боддог. Биднийг шийтгэсэн улс төрийн дүгнэлт хүчингүй болоогүй байхад ямар юмаар цагаатгах вэ дээ?
-Наяад оны дундуур социализм үл ялиг сулрахад монголчууд социализмаасаа ухарч, арай өөрчлөх гэх ч юмуу, одоо энэ зах зээлд шилжих гэх мэт санаа бодол гарч байсан уу?
-Тэр үед энэ нь ухаан санаанд багтамгүй хэрэг байлаа. Хэрвээ социализмаасаа татгалзвал нөгөө СЭВ-ийн (социалист системийн орнууд харилцан бие биендээ тусалдаг ЭЗХТЗ гэсэн байгууллага) тусламж, нөгөө ЗХУ-ын тусламж яах билээ. Энэ бүгд зогсохоор улс орон яаж оршин тогтнох билээ. Бид тэр системээс салж хүч хүрэхгүй байсан. Манай улс социализмаас салаад явах зам үнэндээ байхгүй гэж үздэг байсан.
-Та нар дээрээ том дарга нарын хүрээнд социализмаа буруу байна гэж бодож байсан уу?
-Үгүй дээ, хэзээ ч тэгэж бодож байгаагүй. Харин бид системээ улам боловсронгуй болгох үүднээс шүүмжилдэг байсан. Тэрнээс өөр системд Монгол Улс байна гэж огт бодож байсангүй.
-Ерээд он гараад та бүхний шүтээд байсан бүх тусламж чинь зогссон шүү дээ?
-Социалист систем бүхлээрээ байхгүй болсон юм чинь хэн бидэнд туслах билээ дээ.
-Та МАХН-ыг шинэчлэгдэж байна гэж үздэг үү? Намын шинэчлэлийг та юу гэж үздэг вэ?
-Нам бол шинэчлэлийн төлөө их юм хийж ирсэн. Хуучнаасаа зарчмын их өөрчлөлт хийснийг бид бүгдээрээ мэднэ. Харин дотооддоо ямар байдгийг би сайн мэдэхгүй. Нам улс төрийн талаар их өөрчлөгдөж урагш хол явжээ гэдгийг харж байна. Харин үр дүн нь тийм ч сайн байхгүй байна. Улс орон хөгжөөд өөрчлөгдөж дээшилсэн юм байхгүй байна шүү дээ. Ерээд оны хүрсэн түвшингээс дээш гараагүй байна. Үйлдвэрүүд зогссон, ажил олдохгүй, ард түмний амьдрал ядуу зүдүү хэвээрээ л байгаад байхад намын шинэчлэл хэнд хэрэгтэй юм бэ? Иргэн хүний хувьд намын шинэчлэл нь амьдрал сайхан болж улс орон нь улс орон шиг болж байвал шинэчлэлт мөн. Би яагаад МАХН-ын шинэчлэлтийг улс орны хөгжилтэй уялдуулан авч яриад байна вэ гэвэл энэ нам сүүлийн 15 жилд бараг дангаараа төрийн эрхийг барьсаар ирлээ. Монгол түмний итгэлийг даасан энэ том намын шинэчлэл улс орны шинэчлэлд хэрэгтэй. Түүнээс бус энэ нам дотооддоо яах ийх нь иргэн хүнд ямар хамаатай билээ.
-Одоо МАХН-д дахиад нэг хүний дарангуйлал бий болчихлоо гээд л ярьж бичих боллоо. Энэ талаар та юу хэлмээр байна?
-Тэр дарангуйлагчаа аваад л хаячихгүй юу. Та ажлаа хийж чадахгүй байна гээд. Тэгээд л гүйцээ. Ю.Цэдэнбалыг аваад л хаячихсан туршлага бий шүү дээ. Одоо чинь өөр цаг шүү дээ. Ардчилал, иргэний нийгэм байгуулж байгаа үед нэг хүний дарангуйлал ч гэх шиг ийм юм ярж болохгүй. Дахиад хэлье, биднийг аваад хаячихсан шигээ аваад л хаячихгүй юу, иргэний хувьд ийм л бодолтой байна.
-Намын нэрийг өөрчлөх яриа байсхийгээд л гарах юм, та үүнийг дэмжиж байгаа юу?
-Намын нэрийг одоогоор өөрчлөх хэрэггүй.Би намын нэр солихын эсрэг байдаг хүн.
-Одоогоор гэдэг чинь хэзээ хүртэл гэсэн үг вэ?
-Ямар ч гэсэн МАХН гэсэн нэр ард түмний дунд нэр хүндтэй байгаа. Энэ намд итгэх итгэл тийм ч буурчихаагүй байгаа үед нэрээ өөрчлөх нь харалган алхам болно. Нэрээ өөрчилвөл нам хагарах аюулд хүрнэ. Нэг хэсэг нь хуучин нэрнээсээ салах дургүй байгаа.
-Одоогийн намын амьдралд ямар зүйл ажиглагдаж байх юм?
-Манай нам хуучны арга барилаасаа салах дургүй байна. Гол дутагдал гэвэл заавал хэн нэгнийг харлуулж муулж байж санаа амардаг тийм зантай. Үүний нэг жишээ МАХН-д 60-70 нарийн бичгийн дарга байлаа. Нэг ч бүтэн нэртэй гарсан хүн байдаггүй. Чёрт хэзээ ийм нам байсан юм. Энэ арга барил намд одоо ч байсаар байна. Санал бодлын зөрүүтэй бол засах хэрэгтэй л дээ. Харин хоорондоо тэгж хоосон маргаад, сонин хэвлэлээр бичүүлээд байх хэрэг юу байна. Нуугаад хаагаад бай гэсэн үг биш л дээ, хоорондын тэр хоосон маргаан МАХН-ын нэрийг ихээр гутааж байна. Хов хөөсөн чавганц шиг байдагаа болимоор юм. Улс төрийн намын гол ажил үйл хэрэг нь төр засгаа тогтвортой байлгах, улс орноо хөгжүүлэх шүү дээ. Үүнийг заримдаа намууд мартчихсан мэт байх юм даа.
-Өнөөгийн улс төрчид нэг үг хэлчихээд хэд хоногийн дараа тэр үгээ буцаачихсан байх юм. Та нарын үед тэгдэг байв уу?
-Буруу үг хэлчихээд л буцаж байдаг байхдаа. Маний үед систем солигдож байж л бидний үг буцсан. Харин систем дотроо бол үгүй гэдгийг та бүхэн мэднэ дээ. Гэхдээ одооны улс төрчид шиг дураараа хэлж ярьдаггүй байлаа. Хамтын хариуцлагын өмнөөс л үг хэлдэг байсан учраас тэгж хамаагүй юм амлах гэх мэт зүйл огт байхгүй байсан.
Ярилцсан Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-10 243)