Ашигт малтмалын хууль яаж өөрчлөгдөх гэж байна вэ?
Үүнийг нэг талаас баялаг ихтэй Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэсэн гадаадынхан бидэнд ямар таатай хөнгөлөлт чөлөөлөлт байна вэ, энэ бүхнийг тусгасан өмнөх хууль хэвээр үлдэх болов уу хэмээн хүлээж байхад нөгөө талаас монголчууд эх орны баялгаас иргэд, улс орон хэр хэмжээгээр хүртэх болоо хэмээн горьдож сууна.
Засгийн газар татварын багц хуулийг өөрчлөхдөө 1996 онд батлагдаж арваад жил болж буй Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй, гол нь эндээс төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр гарна гэж үзэж байна. Тэгэхдээ энэ хуульд өөрчлөлт оруулах тухай хууль одоогоор өргөн баригдаагүй, энэ талаар Үйлдвэр, худалдааны яам ажиллаж байгаа аж.
Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт орох гэж байна вэ? Уул уурхайн салбарт нэг га газарт авсан хайгуул болон ашиглалтын лицензийн төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй байна гэж Засгийн газар үзэж байна. Лицензийн наймаа хийгддэг болж энэ нь сул чөлөөтэй болсон учир эндээс татвар авах ёстой. Иргэд нэг өрөө байраа худалдаад татвар төлдөг байтал лицензийг шилжүүлэхэд ямар нэгэн татвар төлөхгүй байна. Манай газар нутгийн 40 хувь нь лицензлэгдсэн. Тиймээс улсын төсөвт эндээс тодорхой хэмжээний хөрөнгө орж ирэх ёстой гэсэн байр суурийг Үйлдвэр, худалдааны болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс барьж байна. Иймэрхүү маягаар өөрчлөгдөх гэж буй Ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан иргэдийн сонирхсон зарим асуултад ҮХЯ, Сангийн яамны албаны хүмүүс Засгийн газрын нээлттэй вэб сайтаар дамжуулан хэрхэн хариулсаныг үзье.
-Алт олборлож буй компаниуд газраа нөхөн сэргээхгүй байна. 250 мянган төгрөгийн торгууль төлөөд өнгөрдгийг нэг сая төгрөг болгож болохгүй юу?
-250 мянган төгрөгийн торгууль гэдэг бол торгууль биш. Иймд энэ торгуулийн хэмжээг бодит байдалтай нийцүүлэн нэмэгдүүлж болох юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах хүрээнд авч үзэх асуудал.
-Манай аймаг ашигт малтмал ихтэй, ихээр олборлоод байдаг, гэтэл ард иргэдэд унах унац бага байна. Үүнийг яаж өөрчлөх гэж байна вэ?
-Монгол Улс нэгдмэл улс. Баялаг нь тухайн орны иргэн бүрт тэгш хамаарах ёстой, тухайн орон нутгийн иргэд илүү их ашиг орлого хүртэх нь зүй ёсных. Ашигт малтмалын хуулийн хүрээнд энэ асуудлыг ярьж байгаа. Иргэд өөрсдөд ирэх хувь хэмжээгээ 50 хувь гэж өндөр ярьдаг. Үүнийг бид судалж байна. Өмнө нь хөрөнгө оруулбал гадаадын компанид хөнгөлөлт үзүүлж, гааль, НӨАТ-ыг арилгаж байсан бол одоо хэн ч байсан хөрөнгө оруулсан бол гадаад, дотоод гэлтгүй хөнгөлөлт эдлэхээр төсөлд тусгасан.
ТОДРУУЛГА
Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх татварын хуулиудын өөрчлөлтийн хүрээнд төсвийн орлого 40 орчим тэрбум төгрөгөөр буурахаар байгаа аж. Энэ жил төсөвт 743 тэрбум төгрөг цугларч 811 тэрбум төгрөг зарлагдахаар төлөвлөж байгаа аж. Манай улс олсноосоо илүүг зардаг учир төсвийг зарлагаас салгаж үзэж болохгүй, иймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэмээн ҮХЯ, Сангийн яамны албаны хүмүүс хэлж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-10 243)