Польш дахь ардчиллын үйл явц Монголд давтагдах нь
Энэ талаар бид тус улсад боловсрол эзэмшсэн манай улс төрчийн нэг, МСДН-ын дарга А.Ганбаатараас тодрууллаа. Польшийн Сеймийн буюу парламентын сонгуульд хуучин ардчилсан хүчнийхэн буюу манайхныхаар бол Ардчилсан холбоо эвсэл болох Эв санааны нэгдэл хөдөлгөөн-ий суурин дээр байгуулагдсан Хууль ба шударга ёс-ны нам 28 хувийн санал авч ялалт байгуулсныг хүмүүс мэдэж байгаа. Үүний хажуугаар Иргэний платформ нам 24 хувийн санал авсан. Харин тус улсад сүүлийн найман жил засгийн эрх барьж байсан Зүүний хүчний холбоо 11 хувийн санал авч үнэмлэхүй ялагдлаа. Энэ нь манайхаар бол хуучин коммунист намын суурин дээр байгуулагдсан нам юм.
Зүүний хүчний холбоо яагаад ялагдав гэвэл энд Эв санааны нэгдэл-ээс урваж хуучин коммунистуудтай нийлсэн нөхөд манай улс төрийн зарим хүчин, нөхөд шиг суудал булаацалдан ийм холбоо байгуулснаар өөрсдийгөө ч, нөгөө экс коммунистуудаа ч гутааснаар ард түмэн анхнаас нь зарчимч, шударга явж ирсэн хүчнийхэнд ялалт өглөө. Ингэснээр Польшийн Дээд танхим буюу Сенатад Хууль ба шударга ёс, Иргэний платформ хоёр нам нийлээд бараг 100 хувийн ялалт байгууллаа. Зүүний хүчний холбоо-ны хувьд эхний дөрвөн жилд дангаараа, дараагийн дөрвөн жилд нь урвагчидтай нийлэн засгийн эрх барьсан юм. Энэ жилүүдэд Польшийн төр, засаг ялзарч, хууль ёс завхарсан, авилга хээл хахууль гаарсан, сандал ширээний төлөөх тэмцэл ид өрнөсөн, наймаа хуйвалдаан хавтгайрсан, улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд засагласан зэрэг манайд зарим талаар ажиглагдах болсон үйл явц явагдсан юм.
Зүүний хүчний холбоо жилийн өмнө мөнгөтэй бүлэглэл сонгуулийг зохион байгуулж чаддаг хэмээн сайрхаж байсныг санаж байна. Манай МАХН хүртэл сонгуулийнхаа ажилд тэднээс заавар зөвлөгөө авч туслуулж байсан юм. Яагаад үүнийг өгүүлэх болов гэвэл 1990 оноос хойшхи Польш, Монголын сонгуулийн түүх төстэй явагдаж ирсэн. Дээр хэлснээр Польшид тэр үед Эв санааны нэгдэл эрх барьж байгаад дараа нь хоорондоо хагаралдаж бутрах хооронд хуучин коммунистууд хүчээ авч засгийн эрхэнд гарсан юм. Дараа нь коммунистууд бараг ялагдсан боловч Эв санааны нэгдэл-ээс хүмүүс урваж тэдэнтэй нийлснээр сандал ширээ хуваах замаар засгийн эрхийг дахин барих болсон юм. Харин Эв санааны нэгдэл-ийн суурин дээр Хууль ба шударга ёс, Иргэний платформ гэсэн хоёр нам бий болсноор өнөөдөр засгийн эрхийг эргэн авлаа. Энэ хооронд Эв санааны нэгдэл түүхэн үүргээ нэгэнт гүйцэтгэсэн учир 2001 оноос хойш сонгуульд оролцохоо болж үйлдвэрчний эвлэлийн чиглэлээрээ ажиллаж байна. Польш дахь улс төрийн энэ үйл явц, үзэгдэл өнөөдөр манай улсад давтагдахгүй гэх зүйлгүй.
Польштой зүйрлэхэд манайд анхны чөлөөт сонгууль 1990 онд болсон бол Польшид удаахь буюу 1991 онд, бид шинэ ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталсан бол Польш дөнгөж 1997 онд шинэ Үндсэн хуультай болсон тал бий. Гэхдээ Польшийн Эв санааны нэгдэл-ийн коммунист дарангуйллыг нуран унагсан ардчилсан түүхэн үүргийг мартаж болохгүй, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг юм. Берлиний хана нурсан, Чехийн хилэн хувьсгал, цаашлаад Унгар, Румын, Болгар зэрэг социалист орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгалууд, ЗХУ-ын их гүрний задрал, Балтийн орнууд болон хамгийн сүүлд Украин ардчиллын замд орсныг Эв санааны нэгдэл-ийн түүхэн үүрэгтэй холбон үздэг. Хэдийгээр манай улс Европод хамаардаггүй ч Азиас Монголын ардчилсан хувьсгалыг энэхүү цуврал үйл явцын нэг хэсэг гэж үздэгээрээ Монгол, Польшийн улс төрийн амьдрал холбоотой, төстэй зүйл олонтой, нэг системд хамаарагдаж явснаар нэг хувь заяагаар холбогддог.
Б.БИЛГҮҮН
(өдрийн сонин 2005-10-10 243)