Би сургуульд ортлоо даахьтайгаа явсан
Түүнийг монголын ард түмэн, яруу найрагт хайртай олон хөдөөгийн малчид бүр ч андахгүй.1989 онд Малчин шүлгээрээ Болор цом авч, арван жилийн дараа 1999 онд гурван ес давхсан жил Элсэн тасархай шүлгээрээ ахин цом хүртсэн нэгэн.Ер нь түүнд ес- ийн тоо их ээлтэй байдаг шиг санагддаг. Тэр Дундговь аймгийн Дэрэн сумынх. Тиймдээ ч Дэрэнгийн хар азарга гэж өөрийгөө бнчсэн юм шиг сайхан шүлэг бий. Өдгөө 26 дахь жилдээ Монголын радиогийн Малчин нэвтрүүлгийг бэлдэж явна. Тэр яруу найргийнхаа уяанд олон цэрэв татан морьд уяж, зэлэн дээрээ хэдэн азарга адуу багшруулсан. Энэ утгаараа түүнийг Адуу гэх нь олонтаа. Хэдэн жилийн өмнө нэг сонинд эхнэрээ Дэрэнгийн хар азаргатай харддаг гээд ярилцлага өгснийг нь үзээд маш их гайхаж билээ. Тэр ийм л сонин хүн. Ингээд түүнтэй бага насных нь талаар болон уран бүтээлийнх нь тухай цөөн хором хөөрөлдлөө.
-Дэрэнгийн хар азарганы дэл сүүл шингэрч байна уу. Би өөрийг чинь л гэж бодоод байгаа?
-Уул нь энэ шүлгээ ус хонхрынхоо дуучин Н.Норовбанзад гуайд зориулж бичсэн. Тэр хүн уртын дуугаа дуулсаар, морин хуурчаа дагуулаад дэлхийг тойрсон. Хуурынх нь хялгас манай Дэрэнгийн адууных гэж би сонссон. Ерөнхийдөө миний язгуур санаа энэ. Харин сүүлдээ хүмүүс тэр хар азаргыг намайг гэх болсон. Одоо ч үс гэзэг минь шингэрч, он жилийн уртад бууралтаж байгаа хэдийч дотроо бол омголон хэвээрээ шүү.
-Омголон гэснээс залуудаа өөрийгөө азарган үрээтэй зүйрлэж байв уу?
-Засуулчихаагүй л бол азарга юм байгаа биз дээ.
-Таныг багадаа даахиа үргээлгээгүй, бүр сургуульд орох жилээ үсээ авахуулсан гэж сонссон. Тэгэхээр нэлээн эрх танхи өсч дээ?
-Би чинь хүний ганц хүү. Өргөмөл ганц эгчтэй. Ижийтэйгээ гурвуулаа л байдаг. Наим хүрээд сургуульд орох боллоо. Ижий минь дагуулаад бүртгүүлэхээр очтол захирал Ойдов гэж нэг их том алаг нүдтэй сүртэй хүн ширээнээсээ машин гаргаад ирдэг юм. Тэр усд соёлын довтолгоо гэж айхтар юм байсан. Тэгээд ээж миний ганц хүү, торгон даахиа үргээлгээгүй байгаа ёс төртэй авмаар байна гэж гуйгаад арай ч үсээ авахуулчилгүй буцсан.
-Тэр том болтлоо даахьтайгаа явсан болохоор хүмүүс эмэгтэй хүүхэд гэж андуурч байсан уу?
-Тиим тохиолдол олон бий шүү. Манай тэр хавийнхан бол Цэндийн мань гэзэгт гээд бүгд мэднэ.Би чинь Чимэддрож гэсэн нэр байхгүй бүгд л мань гэзэгт гэдэг. Харин хаяа айлын ах эгч нараа дагаад жаахан холхон айлаар буувал торгоны өөдөс юм оёдог утас зэрэг дандаа эмэгтэй хүүхдийн бэлэг өгнө.
Мөн нэг явдал санаанаас огт гардаггүй юм. Би морь унаад Говь-Угтаалд очдог юм байна. Усан бороо цутгасан өглөө азарга мордох болтол миний саарал азарга уяан дээр хэвтээд оосохоо байлаа. Өвгөн уяач хурдны хүүхдүүдийг хоёрын битонд шээлгэтэл нэг нөхөр намайг харчихаад эмэгтэй хүүхэд байж яагаад босоогоороо шээгээд байгаа юм бол гэсэн гэж байгаа юм.
-Тэгэхээр та сургуульд ороогүй байж. Ер нь хэдтэйдээ хурдны морь унасан бэ. Энэ тэндхийн наадамд олон түрүүлэв үү?
-Анх дөрвөн настайдааа морины нуруун дээр гарсан. Ерлөг хүрэн гэж явуут дундаа өвс хазаж бөхийгөөд ирж яваа нь яг хүн шиг харагддаг, магнай руугаа сүү урссан юм халзан ажнай байлаа. Тавтай байхад минь айлын найран дээр уралдуулахаар Авирмэдийн хар гэж уургын агсан морины нуруун дээр ганзагаар минь даруулаад мордуулсан байгаа юм. Мөн бөх зүрхтэй хүмүүс шүү. Тэгээд морьд эргэтэл нус нулимстайгаа холилдоод жаахан юм чинь хийсчихгүй юу. Ээж ганц хүүг минь алчихлаа хэмээн тэнгэр газаргүй хашгираад тэнд байгаа хүн амьтныг айлгаж бөөн юм болтол би шалбараа ч үгүй зүв зүгээр босож ирсэн гэсэн. Ингээд л дараа жилээс нь жинхэнэ хурдны морь унаж эхэлсэн. Хэд хэдэн удаа айрагдсан, түрүүлж байгаагүй. Харин шүлэг уншаад хоёр ч удаа түруүлчихсэн шүү.
-Та ээжээрээ овоглосон хүн. Харин аавынхаа тухай огт яриад байдаггүй?
-Би бүр хожуу 35 хүрч байж эцгээ мэдсэн.
-Өө тиим үү ээж чинь хэлсэн үү?
-Ээж юу ч дурсаагүй. Би нэг сэжүүр олчихоод л нэлээдгүй хугацаанд араас нь хөөцөлдсөн. Сэтгүүлчийн ажил их тус болсон. Өвгөд хөгшидтэй уулзаж, өөд уруугуй явж байж аавыгаа олсон.
-Тэгээд хаана ямар хүн байх юм?
-Их газрын чулуунд Жанчив гэж том лам хүн байсан. Нутгийнх нь Жаниа гэж авгайлдаг, хөөрөг-ний наймаа хийдэг тиим л хөгшин байсан. Эхдээд ерөөсөө янз бүрийн юм ярьдаггүй тойруулаад л байдаг. Архинд жаахан дуртай юм. Би тойруулехийгээд Ээж маань надад хэллээ. Юм мөнх байх биш. Би ч төрсөн эцгээ мэдэж авья таны ч нас дээр гарлаа гээд яргаад асуутал Тэр жил би Их газрын чулуу, Ерлөг хавиар хэдэн тэмээ эрж яваад танайхаар орой буучихсан юмаа миний хүү наадхаасаа нэг хийчих гэсэн. Өөр юм хэлээгүй. Би ч цааш нь лавшруулж асуугаагүй.
-Тэр хүн гэр бүл үр хүүхэдтэй байсан болов уу?
-Нас дээр гарсан хойноо нэг хөгшинтэй нийлсэн юм билээ. Харин өөрийн гэсэн хүүхэдгүй өргөмөл хоёр хүүхэдтэй байсан. Тэгээд л хойтоң жил нь 82-тойдоо өнгөрсөн дөө. Би эцгийгээ Мандалговийн хойно наран ургах зүгт Их газрын чулуу, Ерлөг хайрхан нь харагдахаар нутаглуулсан. Дараа нь ээжийгээ өнгөрөхөд дэргэд нь нутаглуулсан.
-Манай ээж насаараа усанд ороогүй гэж та ярьж байсан. Ер нь ээжиинхээ талаар ярихгүй юу?
-Манай ээж насаараа усанд ороогүй хүн. Говьд шавартай нууранд орохгүй л бол орох ус ч байхгүй. Багаасаа бие нь дархлагдчихсан. Усанд орвол өвчин тусах ч байсан юм бил үү. Тоотой л нэг гар нүурээ угаадаг. Хэрдээ зөрүүд, бичиг үсэгт муу нэрээ л бичихээс цаашгүй хүн байсан. 1915 онд төрсен гэхээр эртнийх байгаа биз. Харин их наргианч, улсыг хөгжөөж чаддаг. Хорь гаруй насандаа Норовбанзад гуайг тэмээн дээр суулгаад айлын наран дээр дуулуулаад явж байсан гэдэг.
-Танайхыг их олон шагайтай гэж дуулсан. Мэдээж багадаа шагайгаар тоглож өесөн биз дээ?
-Бүр багадаа тоглож байсан шагайнуудаа хадганд ороож сүслэн дээдэлдэг. Үнэрлэхэд хүртэл өвгөд хөгшдийн минь гарын тос, ухаан билэг оюун нэвчсэн байдаг. Ер нь шагай надад их ээлтэй. Анхны маань ном Морь буусан шагай, том хүү маань Мэргэншагай, дунд хүү маань
Мөнгөншагай. Мөн хонь малын шагайнаас гадна хандгай, баавгай, гахай, зээр, чонын шагай бий. Миний хөлд ч бас морин шагай байна. Манайх цуглуулсаар байгаад 1000 орчим шагайтай болсон шүү.
-Удахгүй таны ном гарах гэж байгаа гэсэн. Энэ талаар юу хэлэх бэ?
-Сүүлийн үед бичсэн шүлгүүдээ эмхтгэж Есөн намрын зээргэнэ гэж ном гаргах гэж байна. 1991 онд гаргасан Долоон бурхан-аас хойш ийм томоохон хэмжээний яруу найргийн ном гаргаагүй. Морьдын тухай дагнасан Тэнгэрийн наадам, Хазаар дарсан шүлгүүд гэж хоёр ном гаргажээ. Яагаад Есөн намрын зээргэнэ гэж нэрлэв гэхээр зээргэнэ бол тагтад ургадаг мөнх ногоон ургамал. Ес дэх намар дээрээ бүх л шим шүүс нь бүрддэг. Тэгээд хэлэхэд хүртэл сонсголонтой юм гэж бодоод номоо тэгэж нэрлэлээ. Яруу найрагч Д.Цоодол эх барьж аван оршил үг бичсэн.
Н.ГАНТУЛГА
(өнөөдрийн монгол 2005-10-10 111)