Засгийн газрын ээлжит хуралдаанаар юу хэлэлцэв
Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Конвенцийн тухай хэлэлцэв
Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын Конвенц-ийг энэ оны 8 сард Улаанбаатар хотноо хэлэлцэн тохирч, үзэглэсэн юм.
Конвенцийн төслийг тохиролцохдоо Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын татварын гэрээний үлгэрчилсэн загвар, нийтлэг зарчмыг үндэс болгон Монгол-Тайландын харилцааны онцлогийг харгалзан тодорхой чиглэлүүдийг баримталсан байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд энэхүү конвенцийг байгуулснаар уламжлалт эдийн засгийн харилцаагаа олон улсын хэм хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр цаашид явуулах, давхар татвар ногдуулахгүй байх, татварын орлогыг шударгаар хуваарилах үндэс бий болж, Монгол, Тайландын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх хууль зүйн үндэс тавигдах юм.
Энэ тухай хэлэлцээд, Конвенцийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв. Мөн УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дараа Конвенцид гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Чойр-Сайншандын хэсгийн авто замыг хөгжүүлэх төслийн зээлийн гэрээг өргөн барина
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулагдсан Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх /Чойр-Сайншандын хэсэг/ төсөл-ийн зээлийн гэрээг хэлэлцэж, УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын 2005 оны долдугаар сарын 21-ний хуралдаан, мөн сарын 27-ны өдрийн УИХ-ын холбогдох байнгын хороодын хамтарсан хуралдааны протоколыг үндэслэн дээрх төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарч, энэ оны наймдугаар сарын 17-нд Сангийн дэд сайд Ч.Ганзориг гарын үсэг зурснаар уг гэрээ байгуулагдсан юм . Энэхүү зээлийн гэрээ нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар УИХ-аар соёрхон батлуулах гэрээ аж.
Чойроос Замын -Үүд чиглэлийн 454 км хатуу хучилттай замын ажлыг Азийн хөгжлийн банк, БНСУ, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ замыг барьснаар Монгол улс Орос, Хятадтай авто замаар холбогдож, олон улсын болон дотоодын ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Улс орны дэд бүтэц хөгжихөд уг зам чухал нөлөөтэй төдийгүй, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд ач тусаа өгөх юм.
Монгол Улсын Засгийн газар Чойроос Сайншанд хүртэлх 176 км хатуу хучилттай замыг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх /Чойр Сайншандын хэсэг/ төсөл болвсруулан АХБ болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.
Орон нутгийн зам сайжруулах төслийн зээлийн гэрээний тухай хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Орон нутгийн зам сайжруулах төслийн зээлийн гэрээний тухай хэлэлцлээ.
Энэ гэрээг 2005 оны 7 дугаар сард байгуулсан бөгөөд хуралдаан уг асуудлыг хэлэлцээд, УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барих нь зүйтэй гэж үзэв.
Засгийн газрын 2005 оны дөрөвдүгээр сарын 13-ны хуралдаан, мөн УИХ-ын холбогдох байнгын хороодын хамтарсан хуралдааныг үндэслэн энэхүү зээлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарчээ. Сангийн сайд Н.Алтанхуяг 2005 оны долдугаар сарын 26-нд уг гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд зээлийн гэрээг УИХ-аар заавал соёрхон батлуулах гэрээ юм.
Орон нутгийн зам сайжруулах төслийн гол зорилго нь Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа төвлөрч буй бүс нутгууд болох Дархан-Уул, Сэлэнгийн дүүрэг, Завхан аймгийн зарим сумдын нутаг дэвсгэр дэх хамгийн хүндрэлтэй, яаралтай засварлах шаардлагатай замуудыг сайжруулахад чиглэж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр эдгээр замыг бүтэн жилийн турш ашиглах боломжтой болохын зэрэгцээ тээврийн хэрэгсэл явах нөхцөл сайжирч, зам ашиглагчдын зардал багасана. Замтай болсноор бүс нутгийн эдийн засгийн хөгжил ч урагшлах боломж бүрдэнэ. Уг төслийн нэг онцлог нь орон нутгийн замын салбарын хувьд анхны гадаадын хандивлагчийн тусламж юм байна.
Цэвэрлэх байгууламжийн төхөөрөмжийг сайжруулах зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив
Монгол Улсын Засгийн газар, Испанийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулах Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн тоног, төхөөрөмжийг сайжруулах II төсөл-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн тухай хэлэлцлээ.
Хуралдаан уг зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гарсан саналыг тусган, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв. Мөн төсөлд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон байна.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах нэгдүгээр шатны төслийг Испани улсын хөнгөлөлтэй, урт хугацааны зээлээр 2002-2004 онд амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Төслийн дүнд цэвэрлэх байгууламжийн 60- аад хувь шинэчлэгдэж, цахилгаан эрчим хүчийг 15 хувь, засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна. Төслийн нэгдүгээр шатны зээлээр үндсэн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, Европын дэвшилтэт технологиор шинэчилсэн боловч нийт тоног төхөөрөмжийг хамарч чадаагүй тул нэмэлт зээл авах шаардлагатай байгаа ажээ.
Ерөнхий сайдын баруун аймгуудад ажилласан дүнгийн тухай хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Ховд, Увс, Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан юм.
Хөдөө орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл хангах, Баруун бүсийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа нь доголдож байгаа эрчим хүчний үйлдвэрүүдийн байдалтай газар дээр нь танилцах болон нутгийн иргэдтэй уулзалт хийж санал бодлоо солилцох зорилгоор Ерөнхий сайд дээрх аймгуудад ажилласан болно.
Эдгээр аймагт ажилласан дүнгийн тухай болон хийх ажлын төлөвлөгөөний төслийг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажилласны мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж мөрдөхөөр тогтож, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Ховд, Увс, Баян-Өлгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллий н алба 2005.10.05