Тендерт оролцохын тулд тайлангаа хуурамчаар бүрдүүлж улсыг хуурчээ
Энэ нь төр, засаг өөрийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн компаниудаар гүйцэтгүүлж ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэх, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, гол нь төр, засгийн үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж, ойртуулах зорилготой байдаг. Ингэхдээ Засгийн газар Сангийн яамаар дамжуулан тухайн аж ахуйн нэгжийг тендер зарлан шалгаруулж сонгодог.
Саяхан Засгийн газрын дээрх журмыг Ноён бизнес, Гана интернэйшнл ХХК-иуд зөрчсөн байна. Яаж гэхээр эдгээр компани Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн энэ оны хэрэгцээт дүрэмт хувцас, хэрэглэлийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах яам дундын тендерт оролцжээ. Ингэхдээ тэд өөрсдийгөө санхүүгийн чадвартай болгож харуулах зорилгоор компанийнхаа санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуурамчаар бүрдүүлж, ашигтай ажилласан мэтээр тайлангийнхаа үзүүлэлтүүдийг зохиож энэ хуурамч тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулсан байна. Улсыг хуурсан санхүүгийн энэ хэрэг зөрчил Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн энэ оны есдүгээр сарын 12-ний өдрийн 107, мөн сарын 14-ний өдрийн 110 дугаар шийдвэрүүдээр тус тус тогтоогдоод байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-11 244)