Монгол баатруудын өлгий нутаг булингартжээ
Монголын нууц товчоо-н дахь нэр ус, газар нутаг баримтаар үлдсэн газар бол Хан Хэнтийн нуруу. Одоо удахгүй тэр цагийн үүх түүхийг эргэн дурсахуй их тэмдэглэлт ой Монгол Улс -800 жил 2006 онд болно. Ойн арга хэмжээний гол цөм нь Хан Хэнтийн их хөвчид ч өрнөх байх. Ихэс дээдсийн онгон төрх газар дээрээ ямархуу бол. Ямар нутаг болохоороо дэлхийн талыг дайлдаг хөвгүүд төрүүлдэгийг дотоод гадаадгүй нүдээр очиж үзэхийг хүснэ.
Тэгсэн чинь яваад очсон нь Ичиж үхмээр байдал харагдах вий. Бурхан халдун уул явах зам дээр өөрсдийгөө Юань гээд нэрлэх хэдэн хужаа алт ухаад зогсож байна. Тэд Шануун мужаас иржээ. Залгуулаад Находка гэх Оросын тэнэмэл компани арзайсан олон трактор тараагаад хаячихсан Хан Хэнтийг сэжлэж мугуйдлана. Саяхнаас Солонгосчууд тийш нүүж эхэллээ. Тэд Юу яасан Чингис хаан ба. Энэ чинь манай газар. Бүр 60 жилээр авсан шүү. Олон юм ярилгүй зайл ва гээд сууж байна.
Тун-Юань компанийн Монгол талын геологич Д.Батмөнхтэй таван үг сольж үзэв.
-Яагаад танай дотор иргэн манай дархан нутагт алт олборлоод байна?
-Ланд Сервис компани энд ух гэж хатуу цэг зааж өгсөн. Дархан газар юм уу ёстой мэдсэнгүй.
-Битгий худлаа яриад бай. Наана чинь Дархан газар эндээс эхэлнэ гээд самбар байгаа юм биш үү.
-Хамгаалалтын захиргааныхан сүүлд нь ирээд хадчихсан шүү дээ.
-Сүүлд нь хэзээ?
-Өө нээрээ тийм. Биднийг хөрс хуулахаас өмнө тийм самбар байсан байх шүү.
-Тэгвэл танай хүн хууль зөрчиж дээ. Гурван саяар торгож алт олборлохыг чинь зогсоох гэж бид явна. Энд гарын үсгээ зурчих.
-Үгүй зурахгүй. Бид хууль зөрчөөгүй. За яахав, түр хуулсан газраа энэ жил амжвал буцаагаад булчихая. Хойтонгоос өөр ам руу орохоос.
-Энэ олон хятадуудыг нааш нь авчирч байхаар ядаж монгол хүнээр хийлгэж болдоггүй юм уу?
-Хятадууд ажилд сайн. Манай компанид биш манай улсад их хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэднийг Монголд байлгасан тохиолдолд улсад сар бүр 80 мянган төгрөг төлдөг юм.
-Одоогоор хэр их алт олборлов?
-Шалиагүй. Одоогоор олборлолтоо зогсоосон. Бид ба манай Тун-Юань компани байгаль дэлхийг туйлын их хайрладаг. Энэ өдрөөс хойш дандаа л нөхөн сэргээлтийн ажлаа хийгээд эхэлнэ. Нөхөн сэргээгээд л, булаад л, мод тариад л, алт бол ерөөсөө авахгүй.
-Яг ш дээ. Урьд нь тэгж байхгүй юугаа хийж байсан юм.
-Хай тэр яахав. Сайхан хоол идваа. Холоос яваа улс ядраа байлгүй.
Хан Хэнтийн дархан цаазтай газрынхан, Байгаль орчны яамныхан энэ тухай мэдээллийг аль ноднин уржнангаас сонссон гэнэ. Тэгээд тухай бүрт нь шаардлага тавьж хориглон учирлаж яджээ. Эцэст нь уг алтныхан Хэрлэн багийн ахлагч Байгаль орчны хяналтын байцаагч Б.Баяндэлгэрийг үндэслэлгүйгээр матаж ажлаас нь халуулжээ. Б.Баяндэлгэр нэр төрөө сэргээлгэх, үнэн мөнөө олох гээд шүүх цагдаагаар явж явж саяхан эргээд ажилдаа орсон байна. Харин энэ хооронд Находка, Тун-Юань нар самбаачилж Захарын давааны өвөр, Дагналтайн нурууны ам руу шургалан орцгоож хууль бусаар алт олборлоод байгаа нь энэ юм. Байгаль орчныхон цөхрөлтгүй араас нь явахдаа хэвлэл мэдээлэл, цагдаагийнхныг хүч хавсарч газар дээр нь очихыг хүссэн юм.
Находка компани дээр очиход Ч.Мөнхсайхан гэх нэг манаач үлдээгээд хаашаа ч юм нүүгээд явчихсан. Тэнд 13-16 хүнд даацын гинжит тракторуудыг орхиж ойр орчмын газрыг ёстой яйлаад өгсөн харагдана. Ухаад хаячихсан шороон дундуур Зүүн Тэрэлжийн гол бөөн булингар татуулан урсаж Хэрлэнтэй нийлнэ.
Хэнтийн нурууг сэтэлж ухсан байдлыг харахад хоёр төө хэрийн ширгэн хөрстэй. Түүнээс доош цул хайрга бүхий маш эмзэгхэн газар бололтой. Сул чулуунуудын ихэнх нь занар, билүү гэнэ. Билүү мөддөө тунгалагшихгүй бал гарч гол дагуух амьтан ургамлыг билүүднэ.
Загаснууд нь үхэж, үхэр амсаад мөөрөлдөх юм. Дархан цаазат орчны бүс болохоор энд айл амьтан ховор. Ийм эзгүй байдлыг далимдуулан гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай гэх компаниуд зохих газраас нь зөвшөөрүүлээд ороод ирцгээж. Нэг нь зөвшөөрчихөөд дээр нь сум орон нутаг өөгшүүлээд байхад хэдэн байгаль хамгаалагч нар аргагүй хүчин мөхөсддөг нь тэдний ярианаас мэдрэгдэнэ.
Находка компанийн хаяад орхисон бүх техник хэрэгсэл уландаа төмөр чаргатай нь анхаарал татна. Тэд өвөл болохоор цасан дээгүүр гулсан цаашаа Захар, Ар Минжээр дамжин шууд хил давдаг, эсвэл хилээс орж ирдэг байж болзошгүй. Түүнээс Багануурын хар зам дээгүүр чаргатай Ёонкос чирээд давхихыг харсан хүн байхгүй байдаг.
Хан Хэнтийн дархан газар тийм аймшиггүйгээр тухалсан дээрх хоёр компани тун сэжигтэй ноцтой харагдсан.
Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ц.Сэнгээ, ЦЕГ-ын хэрэг бүртгэгч ахмад Д.Батбаатар нар эдгээр техникийг лацдаж битүүмжлэв. Дараа нь Улаанбаатар орж холбогдох эзэдтэй нь уулзаж асуудлыг нэг тийш шийдэх байх.
Харин хаа очиж Монголын алтны магнатууд Хан Хэнтийд хөл тавиагүй байх юм.
Гүржав гэдэг нөхөр гадаадын компаниудыг энд дуудан авчирч гар хөл болдог гэнэ. Энэ геологич хувьдаа гарснаас хойш эндхийн бүх л газрыг чичин зааж шан авдаг бөгөөд өдгөө хэдэн солонгос дагуулчихсан яваа сурагтай.
Монгол төрийн нүд чих энтэй зүүн хойд хязгаарт дөнгөн данган хүрч ядаж байна. Явах зам хэцүү, учрах хүмүүн хэрсүү. Нэг л өдөр нөгөө яриад байдаг Чингисийн онгон гэдгийг онгичоод хаячихсан оронд нь хэдэн хүүдий алт тэвэрсэн гадаадынхан зогсож байх вий.
Хан Хэнтийгээс олон гол эх авдаг.
Урсгал дөлгөөн Хэрлэнг газар дээр нь нам авахад алтны ганцхан компани ганцхан жил начигнуулахад хангалттай. Тийм эмзэг дулаарлын цагт бид амьдарч байна
Ж.ГАНГАА
(өдрийн сонин 2005-10-11 244)