Иргэдийн мэдээллээр залуугийн цогцсыг хад асгатай уулнаас олжээ
Дэд ахлагчийг аймгийн Цагдаагийн, Онцгой байдлын, анги нэгтгэл, прокурорынхон нэгдсэн 110 гаруй хүнтэй эрлийн групп алга болсны нь маргааш өдрөөс буюу есдүгээр сарын 8-ны өглөөнөөс хайж эхэлсэн билээ. Эрлийн баг бүтэн арав хоног хайсны эцэст зэргэлдээх аймаг, сумд руу зураг, мэдээллийг нь хүргүүлж эрэн сурвалжилж эхэлсэн юм. Гэвч сураг ажиг гаралгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Гэтэл өчигдөр алга болсон залуугийн цогцсыг оллоо гэсэн мэдээлэл манай редакцид ирэв. Түүнийг энэ сарын 8-ны өдрийн 15.00 цагийн орчимд Ямаат Улаан нэртэй уулнаас олсон гэнэ. Бид мэдээллийн үнэн мөнийг тодруулахаар Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батчулуунтай холбоо барилаа.
-Алга болсон залуугийн цогцсыг олсон гэх юм, үнэн үү?
-Тэгсэн, олсон.
Ямар байдалтай олдоо вэ. Гадны нөлөөтэй нас барсан байна уу?
-Гадны нөлөө гэх зүйл ажиглагдахгүй байна.
-Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг ойлгож байна. Гэхдээ хэргийг нарийвчлан шалгаж байгаа биз дээ?
-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
-Өнөөдрийг хүртэл түүнийг хайсаар байсан уу, эсвэл эрлийг зогсоочихсон байв уу?
-Эрэл үргэлжилж байсан.
-Цогцсыг танай эрлийн групп олсон уу?
-Үгүй ээ, иргэдийн мэдээллээр олсон.
-Иргэдийн гэхээр тэрхүү Ямаат Улаан нэрт ууланд хүмүүс их очдог байх нь ээ. Жимс, мөөг ч юм уу түүхээр очдог юм болов уу?
-Тэр ууланд жимс байтугай өвс ч ургадаггүй юм. Хад асга ихтэй том хар уул бий.
-Тийм үү, залуу гэрээсээ гараад л сураггүй болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр гэр нь тэр хар уулын дэргэд байдаг уу?
-Үгүй, гэр нь бүр аймгийнхаа төвд байдаг юм.
-Тэгвэл залуу яагаад Ямаат Улаан руу гарчихсан юм бол. Та нарт ямар нэг таамаг бий юү?
-Тэгсэн болов уу гэсэн таамаг алга.
Ийнхүү энэ намар ар араасаа алга бологсдоос Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд алга болсон нэг нас зургаан сартай бяцхан хүүгээс бусдынх нь цогцсыг тасралтгүй эрж, хайсны дүнд олов. Харин хөлд ороод удаагүй байсан жаалыг тэгтэл хол явж чадахгүй гэж үзээд ар гэрийнхний нь хүсэлтээр эрлийг зогсоосон билээ.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-11 244)