МАХН-ынхан Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болжээ
Бүлгүүдийн хурал болохоос өмнөхөн МАХН-ын Удирдах зөвлөл яаралтайгаар богинохон хугацаанд хуралдлаа.
Удирдах зөвлөлийн хэлэлцсэн асуудал нь УИХ-д АН-ын бүлэг байгуулагдсан нь хууль зөрчсөн эсэх талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах уу, эсвэл хүлээн авахгүй байх уу гэдэг талаар байж. Энэ удаад Удирдах зөвлөлийн хурал тун ч удаагүй. Удирдах зөвлөлийн гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байсан тул нэг их удаад байх ч шаардлага байгаагүй аж. Тэд алийн болгон бид зөвшилцсөн нэртэй хуйвалдан хуулиар дээгүүр шийдвэр гаргах юм вэ гэлцэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Түрүүч нь I нүүрт
Үүнийгээ УИХ дахь бүлгээрээ баталгаажуулан АН-ыг УИХ-д бүлэггүй болгох нь зөв гэсэн байна. Тэгээд ч АН-ын нөхдийн толгойг илээд байх нь зохимжгүй, дээр нь бүлэгтэй байсан байгаагүй намтай нь хамтран ажиллах гэрээ байгуулсан тул санаа зовоод байх зүйлгүй гэлцсэн аж. Ийн ярилцаж тохироод УИХ дахь бүлгийнхээ хурлыг хийлгэж, гишүүдээрээ уг шийдвэрээ баталгаажуулахаар яаран сандран Төрийн ордныг зорьцгоосон байна.
Удирдах зөвлөлийн шийдвэрийг өвөртөлсөн гишүүд нь УИХ дахь бүлгээрээ асуудлыг шийдүүлэхээр бүлгийн хурлаа эхлүүлсэн аж. Гэвч тус намын УИХ дахь гишүүд нь тэдний үгийг дагаагүй гэдгийг зарим эх сурвалж баталж байна. Гишүүд бид дандаа та бүхний үгээр явах юм уу гэж өөдөөс нь эсэргүүцсэн сурагтай. Гэхдээ Цэцийн дүгнэлт буруу зөвд бус үргэлж хүний үгээр яваад байх уу гэдгээс үүдэлтэй гарсан маргаан гэнэ. Өөр нэг эх сурвалжийн ярьж байгаагаар гишүүд нь Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг санал нэгтэй хүлээн авсан гэх. Ямар ч байсан Цэцийн дүгнэлтийг МАХН-ынхан хүлээн авсан бололтой. Тэд уг дүгнэлтийг хүлээн авснаар УИХ-д АН-ыг бүлэггүй болгож хүчийг сулруулах сайхан боломж гарлаа гэдэг дээр санал нэгджээ. Дээр нь энэ асуудлаар нь шантаачилж байгаад зарим нэг тохироогоо хийж ч болох юм гэсэн мэргэн төлөвлөгөө гаргасан бололтой.
УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлаар Цэцийн дүгнэлтээс гадна Сонгуулийн болон Татварын багц хуулийн талаар хэлэлцжээ. Татварын багц хуулийн тухайд тус намынхан ард түмэн хүсэн хүлээж байгаа хууль тул саатуулалгүйгээр шуурхайхан шийдчих нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж. Тус намын бүлгээс энэ хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийнхний дүгнэлтийг ч энэ хурлаараа сонсон байна. Гишүүд ажлын хэсгийнхний дүгнэлтийг дэмжин сайшаасан сурагтай. Харин сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр сонгуулийг томсгосон тойргоор мажоратор системээр явуулах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн байна. Хэрвээ хуулийн төсөлд тусгасан шиг холимог системээр явуулбал МАХН шиг том намд хохиролтой тул хүлээн зөвшөөрч болохгүй гэж тэд үзжээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд хамгийн гол асуудал нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудал байсан гэнэ. Гишүүд уг дүгнэлтийг яав ч хүлээн авч болохгүй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн сурагтай. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд тус намынхан төсөлд тусгаснаар буюу холимог системээр явуулах нь зүйтэй гэж үзжээ. Үүн дээр ч санал нэгдсэн байна.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-11 244)