Ерөнхий сайд Ядууралтай дайн зарласан иргэдтэй уулзлаа
Ц.Элбэгдоржийг гэнэт хараад балмагдсангүй. Гар барьж товаршлаад зогсохгүй, гэрэлтүүлэг муу байгаа тухай алтан хошуу өргөж, хөдөөнийхөн хүртэл телевизийн таван суваг үзэж байхад, хотын бид нар хоёр суваг үзэж байгааг Ч.Сайханбилэг даргад хэлж өгөөрэй хэмээн захиа даалгавар өгч амжив. Гэр санаачилга төслийнхэнтэй танилцаад гарч явсан Ерөнхий сайд бүчээд ирсэн хүмүүсээс зай барьсангүй. За манай улсуудаар сонин сайхан юу байна гээд баахан буу халав. Түүнтэй гар барьж амжсан хүмүүс тэрүүхэндээ тодров. Нэг залуу хажуудаа зогсоо хүүхнүүдэд Ерөнхий сайдтай гар барьсан гарыг барих уу хэмээн наргиа болгож буй нь сонсогдсон.
Нөхөр хүүхэд ч бээлийний хуруу эргүүлэх ажилд дайчлагддаг
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Гэр санаачилга төсөлд хамрагдсан ядууралтай дайн зарлаж байгаа иргэдтэй уулзсан юм. Түүний шинэ танил О.Орлом, Л.Оюунчимэг нар далд фронтын дайчид. Тэд Мөнх-Ундарга оёдлын бүлэгт нэгджээ. Гэр санаачилга төслийнхний тусламжтайгаар Бороо гоулд-аас ажлын хувцасны захиалга авсан гэнэ. Долоо хоногтоо 30 ажлын хувцас гаргадаг гэж О.Орлом ярилаа. Гурван хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон эмэгтэй тэрбээр сард 1000 бээлий оёдог. Түүний хөрш Л.Оюунчимэг хашаандаа жижиг дэлгүүр барьснаа оёдлын жижиг цех болгон хувиргажээ. Түрүүч нь I нүүрт
Бид засгаас юм нэхэж суухгүй, амьдралаа дээшлүүлэх гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа улс. Амралтын өдөр, ажлын цаг гэж бидэнд үгүй гэж тэр ярилаа. Нөхөр хүүхэд хоёр нь ч зурагт үзэнгээ бээлийний хуруу эргүүлэх ажилд дайчлагддаг гэнэ. Тэд сардаа 300 мянган төгрөгийн орлого олж, түүнийгээ тэнцүү хуваадаг. Ажлын хувцасны захиалга авсан болохоор ахиад хоёр оёдолчин элсүүлсэн гэнэ. Бизнесийн талын бүх сургалтад суусан гэж бахархангуй хэлсэн Л.Оюунчимэг Ерөнхий сайдтай үг сольж амжив. Үйлдвэр аж ахуйн газрууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ найдаж байгаасай гэж тэр хүсчээ.
-Танайх биднээр ажлын хувцсаа оёулаач гэхээр Бид гадаадаас авчихдаг гэсэн хариу олонтаа сонсдог. Харин Бороо гоулд-ынхан хятадаас ажлын хувцас оруулж ирдэг байсан. Бид яг тэр загвар, материалаар нь өёод өгсөн чинь тэнцсэн гэж энэ эмэгтэй хуучиллаа. Гэр санаачилга төслийн үр дүнд 99 бүлэг холбоод үүсчээ. Дархан нэхий-ний бүлгийн талаар төслийн менежер Э.Март Ерөнхий сайдад танилцуулж байна лээ. Ажилгүй болсон 55 эмэгтэй нэгдэж, нэхийний өөдсөөр бээлий оёсон нь амжилтад хүрчээ. Тэд мөн 2822 иргэнийг ажилд зуучилж, 406 хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулжээ.
97 ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙ
Ядууралтай зарласан дайн-д амжилт олж буй өөр нэгэн эмэгтэй нь Д.Аззаяа юм. Түүний Ачлал сургууль Баянхошууны гэр хороололд байрладаг. Эмзэг бүлгийн хэмээх хаягтай, сургууль завсардсан 97 хүүхэдтэй бага сургууль. Бага ангид 18 настай сурагч бий. Ийм насны найман сурагч энэ сургуулийг дамжсан гэнэ. Сайн санаат хүмүүсийн буянаар Ачлал сургууль хөлөө олжээ. Э.Энхжин 15 настай ч хоёрдугаар ангид сурдаг. Тэр өмнө нь сурч байгаагүй гэнэ. Аркидтай болохоороо 10 нас хүрч байж хөлд орсон. Болж өгвөл 10 дугаар ангиа төгсөөд мэргэжилтэй болчих юмсан гэж энэ охин ярьсан. Энд бас ээж, аавууд иржээ. Н.Нэргүй ярихдаа 13, 14 настай хоёр хүүхэд маань энд нэг, хоёрдугаар ангид сурдаг. Бид Хэнтий аймгаас шилжиж ирсэн. Хотын иргэн болж чадахгүй байсаар хүүхдүүдээ сургууль завсардуулчихлаа гэж тайлбарлав. Д.Аззаяа хуучирсан сурах бичгээ шинэчилж чадахгүй байгаагаа ярьсан. Гэсэн ч Ерөнхий сайдын богц-ноос зөндөө сурах бичиг гарлаа. Бүх номыг чинь шинэчилж өглөө шүү, сайн сураарай гэж тэр хүүхдүүдэд захина лээ. Ерөнхий сайд бас компьютер, хувилагч машин, чихэр боов ч бэлэглэсэн. Тэр бүхэн сайн санаат хүмүүсийн хандив гэсэн. Ангийнхан нь зочдыг сонирхоод завгүй. Харин найман настай Б.Түвшинжаргал хүү буланд байрлах ширээнийхээ ард суусан хэвээр номоо уншина.
-Танай ангид хэн ирсэнийг мэдэж байна уу?
-Мэднэ.
-Хэн бэ?
-Ерөнхийлөгчийн дараагийн хүн гэж хүү хариулав.
ЭЛБЭГЭЭГИЙН ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн Баянголыг Чингэлтэй дүүрэгтэй холбосон 2.5 км зам ашиглалтад орлоо. Ерөнхий сайдын даалгавараар барьсан зам гэж гүйцэтгэгч нь танилцуулж байсан. 65 дугаар тойргийн иргэдээ Ерөнхий сайд мартаагүй бололтой. 13 хоногт энэ замыг барьж дуусчээ. Энэ хооронд зам байгаагүй учраас энэ хавийн иргэд гэртээ машинаараа очиж чадахгүй, нүүрс түлээндээ хүрч чадахгүй байсан гэж Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү ярьсан. Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны иргэд энэ замыг Элбэгээгийн зам хэмээн нэрлэжээ. Ерөнхий сайд хорооны иргэдийн хамт шинэ замаар алхалж мялаав.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-11 244)