Райкконен гомдлоо тайллаа
Хэдийгээр Фернандо Алонсо дэлхийн аварга цолныхоо болзлыг биелүүлээд буй хэдий ч багийн дүн буюу Зохион бүтээгчдийн цом-д түрүүлэхийн төлөө Макларен Мерседес, Рено багууд ширүүн өрсөлдөж байгаа билээ. Тэр ч утгаараа энэ удаагий гран при чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Гарааны өмнө Макларенчууд Реногоос 2 онооны давуу байлаа.
Байрлал тогтоох уралдаан буюу поул позишны үеэр бороо орж байсан нь нисэгчдийн амжилтанд эерэг, сөрөг байдлаар ихээхэн нөлөөллөө. Өөрөөр хэлбэл борооны ус замыг тийм ч их норгож, халтиргаа үүсгээгүй байхад тойргийг туулсан нисэгчид эхний бйаруудыг эзэлж, харин хамгийн сүүлд тойргийг туулсан лидерүүд жинхэнэ уралдаанд хойгуур гараанаас гарах боллоо. Поул позишнд Тойота багийн Р. Шумахер тэргүлсэн юм.
Гараа. Ердөө эхний тойрогт нэлээд хэдэн мөргөлдөөн, ослууд гарлаа. Эдгээрийн дотроос Монтойяг онцолъё. Багтаа нэг ч гэсэн оноо нэмэрлэх ёстой тэрээр хашлага мөргөж, жагсаалаас гарсан юм. Хамгаалалттай хэсгийг, хойд талаараа мөргөсөн тулдаа Колумб эр ямар нэгэн гэмтэл аваагүй гэхэд болно. Машиных нь зүүн хойд тал юу ч үгүй хоцорсныг харвал Формула-1 гэгч ямар хэцүү, амь өрссөн талбар гэдэг нь мэдрэгдэж байлаа.
10 тойргийн дараах байдлаар Ральф, Физикелла, Баттон нар эхний 3т, Алонсо 8-д, багаасаа ганцаараа үлдсэн Кими Райкконен 9-р байранд явж байв. Кими, Алонсо нар К. Клинийг гүйцэж түрүүлснээр дархан аварга М. Шумахер болон түүнийг залгамжлагчид Алонсо, Кими нарын гурвал хэдэн тойргийн турш 5-7 байрын төлөө ширүүн тэмцэлдлээ. Феррари нөгөө хоёроо бодвол удаан байсан юм. Тийм ч учраас эцсийн дүндээ Шумахер ялагдал хүлээсэн.
Ральф хэтэрхий олон пит стопт зогссны улмаас тэргүүн байрны төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан бол Райкконен оноо бүрийн төлөө тэмцэж, байраа урагшлуулсаар байлаа. Уралдаан дуусахаас 10 гаруй тойргийн өмнө Финланд нисэгч 3-р байранд орж ирлээ. Түүний урд явж бйасан Баттон, Уэббэр нар пит стопт орсноор анх удаа уралдааныг тэргүүж эхлэв. Гэвч дахин нэг пит стопт орж, түлшээ нэмэх ёстой. Питэд орохын өмнөх хэдэн тойргийг маш хурдан туулж, питэд орсны дараа зөвхөн Физикеллагийн л хойно орсон байлаа. Харин Алонсо 3-р бйаранд ороод ирж. Уралдаан дуусахад 4-5хан тйорог үлдсэн байдаг. Рено баг 16 оноо, Макларен 8 оноо энэ гараанаас авч байна гэсэн үг. Гэвч Райкконен бууж өгөхийг хүссэнгүй, тойрог бүрийг Физикеллагаас байнга шахуу 1 секундээр илүү туулж, яг ар шилэн дээр нь очлоо. Тэгсээр ердөө ганцхан тойргийн өмнө шулуун зам дээр Физеикеллаг амжилттай довтлон, бахтай ялалт байгууллаа. Энэ улиралд олон удаа азгүйтсэн тэрээр ийн хоёр Ренотой эрэлхэгээр ганцаараа тулалдаж, хоёуланг нь буулгаж авав. Райкконен 17-р байрнаас эхлээд байр бүрийн төлөө ширүүн тэмцэлдсэн бөгөөд түүнд нэг нь ч гэсэн сул, амархан ирээгүй гэхэд болно. Гараанаас 17-р байраар хөдөлчихөөд барианд хамгийн түрүүнд орно гэдэг супер амжилт бус уу.
Дараагийн гараа энэ ням гаригт БНХАУ-д болж, энд Зохион бүтээгчдийн цом-ын эзэн тодорсноор энэ жилийн Ф-1 өндөрлөх юм.
18 дахь гараа. 10-р сарын 9. Сузука авто тойруулга. 307, 573 км. 53 тойрог. Тойргийн урт 5,807 км
1. Райкконен (Колумб, Макларен) – 129.02,212.
2. Физикелла (Итали, Рено) – + 1,633.
3. Алонсо (Испани, Рено) – +7,456.
4. Уэббер (Австрали, Уильямс) – +22,274.
5. Баттон (В. Британия, БАР) – +29,507.
6. Култхард (В. Британия, Ред Булл) – +31,601.
7. М. Шумахер (Германия, Феррари) – +33,879.
8. Р. Шумахер (Германия, Тойота) – +49,548.
Тойргийг хамгийн хурдан туулсан нисэгч Райкконен – 1.31,540 (44-й).
Хувийн дүн
1. Алонсо – 123 оноо.
2. Райкконен – 104.
3. М. Шумахер – 61.
4. Монтойя – 60.
5. Физикелла – 53.
6. Трулли – 43. 7.
7. Р. Шумахер – 40.
8. Барикелло – 38.
9. Баттон – 36.
10. Уэббер – 34.
11. Хайдфельд– 28.
12. Култхард – 24.
13. Вильнёв – 9.
14. Масса – 8.
15. Монтейро – 7.
16. Вурц– 6.
17. Картикейян – 5.
18. Клин – 5.
19. Альберс – 4.
20. Де ла Роса– 4.
21. Фризахер– 3.
22. Пиццония – 2.
23. Сато – 1.
24. Лиуцци– 1.
Багийн дүн
1. Рено – 176.
2. Макларен – 174.
3. Феррари – 100.
4. Тойота – 82.
5. Уильямс – 64.
6. БАР – 37.
7. Ред Булл – 30.
8. Заубер – 17.
9. Джордан – 12.
10. Минарди – 7.
Спортын цонх