Адилхан аялгуутай дуунууд ар араасаа хөвөрсөөр
Дуунаас хүн ухаарч , дуугаар бид сэтгэлийнхээ цангааг тайлж байдаг. Мэдээж, дууны төрөл дотроо маиголон янз. Одоогоор дууны урлагийг рок, поп, хип хоп, зохиолын гэсэн үндсэн дөрвөн зүйл ангид хуваарилсанаар нь хүмүүс ихэвчлэн мэддэг. Гэтэл сүүлийн үед зохиолын дууны ертөнцөд аялгуу нь нэгэн хэмнэлд орж, сунжирсан найрын дугараа аятай гэнгэнэсэн дуу олшрох боллоо. Тэгвэл зохиолын дууны аялгуу гэгчийн талаарх олон нийтийн сэтгэгдэл болон Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын үзэл бодол, байр суурь ямар байдгийг сонирхлоо.
Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Сүүлийн үед зохиолын дуу бусад төрлийгөө бодвол харьцангуй дээгүүр байр суурьтай байгаа ч часхийсэн дорвитой уран бутээл гарахгүй байна. Яагаад гэвэл авьяастай хөгжмийн зохиолч төрөхгүй байгаа гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй. 70,80-аад оны сэтгэлд шингэсэн аялгуутай дуу яагаад тиим олноор төрдөг байсныг судлахад, тухайн үед гадны хөгжмийн нөлөө бага байсан учраас үндэсний хэв шинжээ илүү их хадгалдаг байсантай холбоотой. Гэтэл одоо улс орон хөгжихийн хажуугаар урлаг соёлын мэдээлэл хаанаас ч гэсэн нэвтрэх бүрэн бололцоотой болчихоод байгаа энэ үед харин ч бүр тасархай хөгжмөөр юм. Мэдээж урлаг юм хойно үндэсний хэв шинжээ хадгалалгүй яахав. Аялгууны өөрчлөлт хийх тал дээр шинэчлэлтэй бүтээл огтхон ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Яахав, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын Монголын үнэртэй салхи дуу гунигт хэмнэл-ийг арай жаахан эвдсэн шинжтэй болсон. Мөн 1968 онд хөгжмийн зохиолч З.Хангалын Аяны шувууд, 1966 онд хөгжмийн зохиолч Алтанхуягийн зохиосон Дуунд дуртай болов оо, би дуунууд тэр үедээ л шинэчлэл хийсэнд тооцогддог байсан. Бас миний зохиосон Сэвтээ нь үгүй сэтгэл, Чандмань эрдэнэ зэрэг дуу ч бий. Ер нь ямарваа нэг зүйл өрсөлдөгчгүйгээр урагш ахихад төвөгтэй. Түүнчлэн урлагийн ертөнцөд зохиолын дуу хэмээх энэ төрөл ямар ч өрсөлдөгчгүй байх. Тиймээс л нийгмийн сэтгэл зүйг дагаад давтагдах шинжтэй болсон юм болов уу гэв.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав Ус мөрөн ч гэсэн эргээсээ халихаар үер болдог гэдгийг хэн хүнгүй мэдэх байлгүй. Уран бүтээл гэдэг маань өөрөө их утга учиртай үг. Энэ нь аливаа бүтээл унэхээр уран байж чадах юм бол сая дөнгөж бүтээл болдог. Тэгэхээр уран бүтээл гэсэн нэр томъёондоо дуйцэхүйц бүтээл, туурвил гаргах ёстой болж таарах нь. Чихээ дараад сонссон ч хоорондоо ижилхэн юм шиг санагдах нэгэн хэмнэлтэй аялгууг халах цаг болсон баймаар. Үүнд анхаарлаа хандуулж, урлагийн шалгуураар цэгцлээд өгдөггүй юмаа гэхэд ядаж арай өөр хэлбэрээр буюу шинэчилсэн хэмнэлттэй дуу бүтээх талаар урлаг судлаач, хөгжмийн зохиолын онолчид үг дуугарах мөч үүдэнд тулаад байдаг. Гэтэл тэдгээр хүмүүс өдгөө мэргэжлийн ажлаа хийж явдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч байсан даруухан царайлж, зүгээр суугаагүй байлгүй дээ. Юутай ч энэ талаар ярилцаж, шийдвэртэй алхам хийхгүй байгаад нь нэлээд сэтгэл дундуурхан явдаг даа. Зохиолын дууны хөг аялгууг шинэчилж, өөрчлөх зэрэгт хөгжмийн боловсрол, мэдрэмж маш чухал. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Дууны уран бүтээлчдийн холбоо гээд л дурьдаад байвал гарын хуруунаас давчих дөхсөн олон холбоод байдаг. Тэдгээр байгууллагууд ч гэсэн чухам ямар үйл ажиллагаа явуулдаг хэрэг вэ? хэмээн ярьсан.
Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Яг зохиолын дууны аялгуу тал дээр ярих юм бол өчнөөн л зүйл байна. Яагаад гэвэл үүнийг маш олон талаас нь авч үзэх хэрэгтэй байх. Нэг хэмнэлд орсон гэх юм бол энд олон шалтгаанууд байдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нийгэм маань өөрөө зохиолын дууны аялгууг хүлээн зөвшөөрчихсөн тиим л байдалтай байгаа шүү дээ. Бид аль болохоор шинэлэг өнгө аяс оруулахыг хичээж дуугаа бүтээдэг гэсэн юм.
Р.МӨНГӨНЦЭЦЭГ
(өнөөдрийн монгол 2005-10-12 113)