Траншейд хоноглож, тэрэг түрсэн хүүхдүүд
Ингэхээр ирээдүй хойч маань ч бүдэг юм шиг санагддаг. Өнөөдөр хичнээн хүүхэд эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй, халуунд халж, хүйтэнд хөрч яваа бол. Энэ тоо манай улсад бүрхэг. Өөрөөр хэлбэл, бодитой тоо бараг байхгүй. Тэгсэн атлаа хүүхдээр овоглож, хаягласан байгууллага, аж ахуйн нэгж цөөнгүй. Ам уралдуулан гоё юм ярьдаг тэдгээр байгууллага хэдэн тийш хараад, өөр өөр тоо хэлэхээс үр дүнтэй хийсэн ажил байхгүй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, бичиг үсэг мэдэхгүй, сургуульд суралцаж чадахгүй байгаа хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа. Үнэхээр хүүхдийн төлөө ажилладаг бол ядаж тэднийг сургуульд бүрэн хамруулах талаас анхаараад, энэ асуудлыг аль хэдийн шийдчих боломжтой юм. Тэгтэл одоогоор хичнээн хүүхдүүд сургууль завсардаад байгааг хэн ч мэдэхгүй байна. Тэдний олонхи нь ар гэрийн гачигдал, дарамтаас болж сургуулиас гарах болсон гэх.
Өнгөрсөн жил л гэхэд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд сургууль завсардсан 11953 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 11498 нь хөдөө орон нутагт, 455 нь нийслэлд байгаа аж. Чухам тэд юунаас болж эрдмийн өргөөгөө хаяах болсон юм брл. Мэдээж шалтгаантай л байж таараа. Нийт сургууль завсардагчдын 2515 нь ар гэрийн гачигдал, 1832 нь сурах дургүй, 4371 нь тодорхойгүй шалтгааны улмаас ерөнхий боловсролын сургуулиа орхижээ.
Тэд амьдрахын эрхэнд хатуу, зөөлнийг ялгалгүй эцэг, эх, ах, эгчтэйгээ зэрэгцэн бохь, чихэр, ундаа, тамхи ширхэглэн зарж, гутал тосолж, биеийн хүчний ажил хийж байна.
Долоо хоногийн телевизийн мэдээ, шар тор барьсан хүүхдүүд олны хэл бараадан бусдыг царайчлангуй харж, худалдан авахыг гуйх. Үеийнх нь хүүхдүүд сургуульд сурч, чихэр боов бодож явахад тэд яавал хэдэн төгрөгтэй харих вэ гэж шанална. Атигар биедээ ахадсан ачаа үүрч яваа тэдний зарим нь мөнгөний үнэ цэнийг мэдэрч байхад нөгөө хэсэг нь хялбар аргаар халаасаа дүүргэх гэж гэмт хэрэгтэн болох.
Тэдний төлөөлөл болсон зарим хүүхэдтэй уулзлаа.
…Манайх ам бүл арвуулаа. Би 17 настай айлын том хүүхэд. Аав, ээж хоёр тогтож хийсэн ажилгүй л дээ. Надад сургуульд сурах хэцүү байгаагүй ээ. Ар гэрийн шалтгаанаас болж аргагүйн эрхэнд сургуулиа хаях болсон. Би л ажил хийж мөнгө олохгүй бол миний дүү нар хоолтой хонож, сургуульд сурч чадахгүй болоод байсан. Би айлын том хүүхдийн хувьд дүү нарынхаа төлөө юу ч хамаагүй хиймээр санагдсан. Тэднийг зүгээр хараад сууж чадаагүй. Сургуулиасаа гараад нэг хэсэг хөдөө мал маллалаа. Дараа нь барилга дээр туслах ажилчнаар орсон. Цалин мөнгө боломжийн ч манайд хүрдэггүй юм. Заримдаа хоосон хонох өдөр ч бишгүй тохиолдоно. Би хааяа боддог л доо. Залуу хүн байна. Алийн болгон эд нарын төлөө өөрийгөө золиослох вэ гэж. Татлаа байхгүй, ар гэрийн амьдрал боломжийн бол сургуульд сурмаар л байна хэмээн Б.Нэргүй ярьж байлаа. Тэрбээр нийслэлийн захын хорооллын сургуульд сурдаг байсан гэх. Нийгмийн идэвх сайтай сурлагаар муугүй байсан болохоор сургуулиа төгсөөд барилгын инженер болно гэж мөрөөддөг байжээ. Гэвч түүний тэр сайхан мөрөөдөл нь талаар болж, хааяа хааяахан өөртөө гутардаг болсон гэх. Эцэг, эхийнхээ ачаанаас үүрэлцэн яваа түүний буруу ч гэж юу байхав. Балчирхан хүү нь амьдралын их ачааг үүрэлцэн явахад ажилгүй гээд гэртээ суугаа аав, ээж хоёрыг зөвтгөх арга алга.
Гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлж яваа нэгэн байхад өнөө маргаашаа гэдэс цатгалан өнгөрөөх гэсэн ахархан бодолтой өөр нэгэн байх. Түүнийг А.Болдбаатар гэдэг. Түүнд сургуулиа хаяхад нь юу нөлөөлсөн юм бол. Ингээд цөөхөн асуултанд хариулт авлаа.
-Юунаас болж сургуулиасаа гарах болов?
-Сурна гэдэг чинь там ш дээ. Надад сургуульд сурах сонирхол ерөөсөө байхгүй. Тэгээд ч багшийн заасан хичээлийг ойлгодоггүй юм чинь.
-Сургуульдаа явахгүй болохоор аав, ээж чинь юу гэх юм бэ?
-Манай аав, ээж хоёр надад юу ч хэлдэггүй. Би гуравдугаар ангид орох жйлээ сургуулиас гарсан. Одоо 14 настай.
-Чи тиим эрх юм уу. Одоо юу хийж байна?
-Дээрээ нэг ах, доороо нэг дүүтэй. Аав, ээж хоёр ажилгүй болохоор надад дэвтэр, ном авч өгдөггүй байсан. Тэгээд ч намайг загнах юм бол би гэрээсээ гараад л явчихдаг. Хэдэн хоногоор ч хамаагүй. Өдөрт нь зах болон хэл хөдөлгөөнтэй газраар явж ачаа зөөдөг.
-Өдрийн орлого чинь хэд вэ?
-Шалихгүй ээ. Арван мянга л гарна. Хааяахан л 20 мянга хүргэдэг.
-Иим мөнгө олох ажил олддог юм уу?
-Олдохгүй яах юм бэ. Мөнгийг яаж л бол яаж олно ш дээ.
-Олсон мөнгөө яадаг вэ. Гэртээ аваачиж өгдөг үү?
-Талыг нь л. Бусдыг нь өөртөө үлдээдэг.
-Юу хийдэг юм бэ?
-Хоол, тамхи авна. Хааяа арҗи ч авдаг.
-Насанд хүрээгүй хүүхэд архм ууж болдог юм уу?
-Уухгүй яадгийм. Тэгээд ч танд ямар хамаатай юм бэ. Надаас ярилцлага авсан юм чинь мөнгө өг гэсээр бидний яриа өндөрлөв. Тэрбээр гурвуулаа явж байлаа. Царайг нь дарсан шар өнгөөр үсээ будсан түүний өмссөн хувцас нь сэмэрч урагдаад хирэндээ дарагджээ. Насандаа баймгүй хэгжүүн яриа нь түүний гэр орны хумүүжилтэй холбоотой биз. Хэдийгээр эцэг, эх нь байгаа ч хүүхдээ сургууль соёлгүй, харилцааны доголдолтой нэгэн болгох гэж. Түүнд ирээдүйд хүний зэрэгтэй амьдрах хүсэл эрмэлзэл баймаар сан. Тэгтэл бүх зүйл өнөөдрөөр дуусч байгаа юм шиг өчүүхэн бодол тээж явах.
Харин Н.Цогбаяр эцэг, эхдээ туслах гэж Бөмбөгөр зах дээр 50 төгрөгийн шар тор зардаг аж. Түүний өдрийн орлого нь 500-1000 төгрөгийн хооронд л байдаг гэх. Аав нь тус зах дээр ширхэгийн бараа зардаг. Харин ээж нь дүүг нь хараад гэртээ тэднийгээ хүлээнэ. Цогбаяр хоёрдугаар ангиасаа гарсан. Түүнд сургуульд сурах гоё байсан ч аав нь гаргачихжээ. Тэгэхдээ тэр ямар ч байсан сургуульд сурах гэнэ.
Сургуульд сурдаггүй хүүхдүүдийн төрх ийм. Сургууль завсардагчдын олонхи нь зах дээр тэрэг түрэх, бараа зөөх гээд биедээ ахадсан ажил хийнэ. Зарим нь бүр нүүрс, алтны уурхай руу орж, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг. Энэ бүхнийг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ зохицуулаад өгсөн нь бас үгүй. Үүний сацуу сургууль завсардагчид гэмт хэрэгт өртөх нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өсөөд байгааг цагдаагийнхан сэтгэл эмзэглэн ярьдаг. Гэлээ ч тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, буруу зам руу оруулахгүй байх талаас авч байгаа цогц үр дүнтэй ажил бас л байхгүй. Гэр орноосоо дайжсан, траншейгаар хоноглож явдаг хүүхдүүд гэмт хэргийн ертөнц рүү л хэл тавьдаг. Тэгэхээр гэмт хэргийн, том арми, бүлэглэл бидний нүдэн дээр бэлтгэгдэн, өсч өндийж байна. Үүнд санаа тавьж, цэгцлэхэд төрийн бодлого хэрэгтэй. Гадаадаас хүүхдийн нэр дээр, тэдний хаягаар авч байгаа зээл, тусламжийг хүүхэд асрах, байрлуулах, сургах зориулалтаар ашиглаасай билээ. Эс тэгвээс буяны бамгууллагаар дамжюк ирсэн хэдэн хуучин хувцсыг тарааснаа бас шашныхны түгээсэн хоолыг өгенөөрөө хүүхдийн төлөө их зүйл хийсэн мэтээр ярьдаг, тайлагнадаг байгууллага, хүмүүс нэгдэж, хүчээ төвлөрүүлээд арай өөр арга барилаар ажиллаасай. Ирээдүй болсон хүүхдээ траншейгаар хүмүүжүүлэхээр Монголын ирээдүй юу болох билээ.
Ц.ХАТАНХАНДМАА
(өнөөдрийн монгол 2005-10-12 113)