Хуучин ба шинэ хэлмэгдүүлэлт
Ийм хэдий ч шавил биетэй шар толгойтой хүүхэнтэй хамтран ажилласан бидний цөөн хүн энэ бүх бэрхшээлийг даван туулахад шударга үнэнийг эрэлхийлэгч уншигч Та бүхний маань дэмжлэг ихээхэн нэмэр болсонд би ихээхэн баярлаж явдаг юм. .
Сонин шинээр гарах болоход шударга ёс, үнэн мөнийн төлөө, авилгал, харгис бурангуйн эсрэг яг урьдынх шигээ эрч хүчтэй, итгэл төгс ажиллана гэсэн залуучууддаа чадлын хэрээр тусална гэж би амласан юм.
Нэгэн суутан Хэлээгүй үгэндээ би эзэн, хэлсэн үгэндээ би боол гэж сургасныг миний уриа, зарчим гэж ойлгоорой, эрхэм уншигчидаа.
Цуст хэлмэгдүүлэлтийн үеийг төр засаг дурссан төдий болж 10 дугаар сард нэг л удаа цэцэг өргөх ганцхан ажил хийж нүглийн нүдийг цаасаар хуурсаар хэдэн жилийн нүүр үзэв.
Гэм зэмгүй орчлонгийн тоос хөдөлгөж яваад аймшигт хэлмэгдүүлэлтэд өртөн төрийн машинд няц даруулсан хөөрхийлөлтэй хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх нь энэ гамшгийг үл давтахын андгай бөлгөө.
Харин ч манай дарга нар үүний эсрэгээр өөрсдийн ганхаж яваа улс төрийн байр суурийг бөхлөх шидмэс уяа болгохын зэрэгцээ шинэ маягийн хэлмэгдүүлэлтийг эхэлж байна.
Тэд хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор, орон сууц, гэр өгснөө баярын хуралд илтгэл тавьж буй мэт бахархан ярина. Нөхөн олговор нэрийдлээр хүний амийг ганцхан сая төгрөгөөр ичих ч үгүй үнэлэх нь шударга хэрэг гэж үү.
Эрх мэдэлтнүүдийн зувчуулж, гулгуулж, луйвардаж байгаа олон зуун саятай харьцуулбал нэг сая төгрөг юу юм бэ ?
Худалдаа хөгжлийн банкны булхай, энэ банкны улсад төлөх учиртай 3 тэрбум төгрөгийн өрийг Н. Энхбаяр Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан хаацайлж төлүүлэхгүй зувчуулсан, их өр төлөхөд дундаас нь алга болсон гэх 50 гаруй тэрбум төгрөг гээд лут лут луйврын урт жагсаалтыг хэлмэгдэгсдийн ар гэрт өгөөд буй нэг саятай, бас ганц өрөө сууц, аяга шиг умгар гэртэй харьцуулаад үз л дээ.
Ийм төрийг сайн төр, ийм засгийг сайн засаглал гэх үү ?
Иргэдийнхээ мэдээллийн эрхийг хязгаарлан хохироодог, төрийн албан хаагчдаар даам идэж байгаа мэт тоглож суудаг энэ хүмүүс зүсээ хувиргасан хэлмэгдүүлэлт явуулж байна гэж би хэний ч өмнө хэлж чадна.
Өнөөдөр хэлмэгдлийн бөөн хар үүл хуралдаж байна. Аянга цахилгаан болон буухдаа хэний толгойг хяргахыг таахад бэрх болоод байна.
Өчигдөрхөн Тантай хамт төрийн албанд тангараг өргөн зүтгэж явсан хүмүүсийг хэлмэгдлийн хуй салхи дайрч эхлээд байна.
Шинэ зууны шинэ хэлмэгдүүллийн шанг Намбарын Энхбаяр татаж байна. Тэр төрийн тэргүүн болмогцоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг төрийн албаны хууль зөрчин хэлмэгдүүлж, цэвэрлэгээ хийж эхэллээ.
Сайд дарга нар сонгуулиар солигдож, төрийн албан хаагчид нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан үргэлжлүүлж, тогтвор суурьшилтай ажиллах хуультай бус уу, бид. Гэтэл төрийн албан хаагчид намар цагийн боргоцой шиг унаж эхэллээ.
Тамгын газрынхаа гуч, дөчөөдхөн хүний эвийг олоод ажиллачихаж чадахгүй бол юуных нь Ерөнхийлөгч байхав дээ, чааваас
Н. Энхбаяртай хамт ажиллаж ирсэн хүмүүс цаг ямагт айж, түгшиж байдгийг би сайн мэднэ. Түүнээс гадна Н.Энхбаяр хүний гараар могой бариулж дадсан үндэсний удирдагч билээ. Хаа газрын дарангуйлагчийн нийтлэг араншин ийм л байдаг. Энэхүү бохир ажлаа үгийг нь ацаг шүдний зөрөөгүй дагах морь унасан толгойгүй хүн-ээр гүйцэлдүүлдэг нь ёс.
Мэдлэг боловсрол муутай, хий гэснийг нь үг дуугүй дагадаг, хэн үүрэг өгснийг нь гадагш чалчдаггүй, долигонох бялдуучлахаас гадна дүйнгэ царайлж чаддаг хүмүүс түүний хувьд хамгийн шилдэг боловсон хүчин. Н.Энхбаяр өөрөөсөө илүү чадвартай хүнийг ойр байлгах дургүй, удаан ажиллуулах бүр ч дургүй.
Н.Энхбаяр Үндэсний удирдагч учраас бүхнээс илүү мэдэж, бүхнийг захирч, бүхнээс илүү чадаж байгаа инээдмийн дүрд тоглож, тэрхүү бохир жүжгээ өдөр бүр айл болгонд үзүүлэх өвчин гэмээр хоббитой болсныг хүн бүр мэднэ.
Тэр хийгээгүйгээ хийсэн болгож, хийсэн өчүүхнээ дөвийлгөн өсгөж, хүний хийснийг өөрийн болгон сурталчилж, хүний хийхийг өөрөө хийх мэт хөндлөнгөөс нь дайрч хууль зөрчин, бүхэнд оролцох шуналт хүсэлдээ хөтлөгдөж, авгайнхаа зааврыг алдалгүй дагаж, таалалдаа нийцээгүй хэнийг ч болов үтэр өшиглөн хөөж байсан дарангуй арга барилаа үргэлжлүүлж төрийн тэргүүний албыг завхруулах нь. Н. Энхбаярын түншүүрт мөн олон хүн боргоцой болон унана даа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Н.Энхбаяр багаар ажиллана гэж улигладаг. Багийн тоглолт бол зөвхөн намд буюу улс төрийн албан тушаалд л байдаг юм. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд түүний багийн гишүүд биш, монгол төрийн албан хаагчид юм.
Миний бие тэдэнтэй хэдэн жил хамт ажиллаж, хүнийх нь хувьд ч, албан хаагчийнх нь хувьд сайн мэдэх нэгэн билээ.
Н.Энхбаярын тавьсан эхний суманд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Очирбат оногджээ. Б.Очирбат намайг ч гэсэн ажлаас халж байсан хүн. Н.Энхбаяр – МАХН-ын Удирдах Зөвлөл-Б.Батхишиг гэсэн сүлжээгээр энэ ажил хийгдэж зөвхөн тушаалыг нь л энэ хүн гаргасныг би сайн мэдэх учраас түүнд өширхөх үндэс надад байхгүй юм. Төрийн албаны талаас бол энэ нь тун харамсалтай бөгөөд жудаггүй хэрэг. Өнөөдөр түүн шиг зохион байгуулагч тун ховор доо.
Түүний араас олон нийттэй харилцах албаны дарга С.Одхүү ажлаас хөөгдөв. МАХН –ын олон удаагийн их хурлын төлөөлөгч, намдаа үнэнч, Н.Энхбаярын сонгуульд морь нохой мэт зүтгэсэн тэрээр өчиггүй таягдан хаягдав. Ростов-Донд их сургууль дүүргэсэн, өндөр боловсролтой, бичгийн өндөр соёлтой, төрийн ажлын ихээхэн туршлагатай энэ хүнтэй дүйцэх хүнийг олох нь тийм ч амар хэрэг биш.
Удаа нь Тамгын газрын албаны дарга Ж.Баярхүү гэгч ажлаас өөр юм мэддэггүй, боддоггүй, дуугай томоотой нь хэтийдсэн, өсч яваа залуу ажилтныг өчиггүй халав. МАХН-ын хүнд үед намын залуучуудын нэгэн байгууллагад туйлын идэвхитэй ажиллаж, намдаа чамгүй тус болж байсан энэ залуу Н.Энхбаярт зуугдах юм хийгээгүй байлтай. Гаднаа ялимгүй хямсгар мэт харагдах энэ даруухан залуу ажлын өндөр чадвартай, ойр ажиллахад түшигтэй, өр зөөлөн, толгой сэргэлэн нэгэн билээ. Лав л Н.Энхбаярыг дагалдан багширсан залуучууд дундаас үүн шиг залууг олох нь юу л бол.
Хамгийн хачирхалтай нь халагдсан эдгээр хүмүүс бүгдээрээ Завханыхан байгаа юм. Үндэсний удирдагч экс Ерөнхийлөгч Н.Багабандиас ийм маягаар өш хонзон авч байгаа мэт санагдмаар Бүр байчихаад аймгаар нь ялгаварлан халдаг шинэ туршлага нэвтрүүлж байна.
Тэдний араас Б.Даш-Ёндонгийн төрсөн дүү Б.Монхоон адлагдаж, хаалгаа зөөлөн хааж одлоо. С.Баяр, Ө.Энхтүвшин нартай нэг нутаг усных учир халагдав уу даа.
Үүнийг тэрлэгч би бээр гурван үеэрээ нийслэл хүрээний хүү билээ. Иймээс надад манай улс төрчдийн аймагчлах хэмээх хоцрогдсон үзэл, үйлдэл үнэхээр харш. Супер угсаатан хүртэл бий болж байгаа шинэ зуунд овгийн байгууллын үзэл санаагаар ажилд хандана гэдэг нь сэтгэхүйн хоцрогдлын хамгийн бүдүүлэг доод хэлбэр билээ.
Н. Энхбаяр бүтцийн өөрчлөлт гэх улигт бөгөөд гамшигт нэр томъёог духан дээрээ нааж, энэхүү шинэ хэлмэгдлээ тайлбарлахыг оролдох нь лавтай. Гэхдээ энэ бол мөсөн уулын харагдах орой нь. Цаана нь Н.Энхбаярын цэвдэг сэтгэл, арилсан дотор нуугдаж байгаа.
Төрийн албанаас чөлөөлөгдөж буй хүмүүст төр ажил олгож өгөх үүрэгтэй. Н.Энхбаяр ажлаасаа үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүст ажил олго гэж хуулийн дагуу үүрэг өгнө гэдэг нь гонжийн жоо гэдгийг би сайн мэдэж байна.
Ийнхүү Монголд шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ. Төрийн шинэ тэргүүн Тамгын газрынхаа ажилтнуудыг хууль зөрчин ажлаас нь халж, хэлмэгдүүлэн ажил амьдралгүй болгож байна.
Төрийн машин бяц няц тастаж цөвүүн цагийг санагдуулан ажиллаж эхлэв. Өнөөдөр Таны танихгүй хүн, маргааш танил чинь, нөгөөдөр өөрөө, удаалаад үр хүүхэд чинь ийм дарааллаар дарангуйлагчийн араа шүдэнд няцлагдан ажил амьдралгүй болохгүй гэх баталгаа алдагдаж эхэлж байгааг би онцлон сануулж байна.
Хүн ардаа сонор соргог байгтун, болгоомжлогтун.
Эдгээр халагдсан хүмүүсийн оронд Үндэсний удирдагч ёстой хээрээс олсон мэт хөгийн амьтдыг цуглуулж буй тухай хожим тодорхой өгүүлэхээ уншигчиддаа амлаж байна.
Судлаач Д.Ганхуяг. 2005 оны IX сарын 31
(улстөрийн сонин 2005 10 сар 01)