Эдийн засаг өсч, ажилгүйдэл буурсан, харин ядуурал нь яав?
Сүүлийн лав л найм, арваад жилд тасралтгүй өсөв, Монголын эдийн засаг. Тухайлбал, өмнөх Засгийн газрын сүүлчийн жилд буюу 2003 онд эдийн засгийн өсөлт 10,6 хувьд хүрсэн гэж байсан нь тус Засгийн газрын хамгийн их бахархан ярьсан зүйл байсныг хүмүүс санаж буй бизээ. МАХН энэ тоогоор бүтэн жил шоудаж олон түмний толгойг эргүүлсэн. Энэхүү 10.6 хувь нь хэр бодитой байсан нь одоо сонин биш байж болох ч тийнхүү шоудаж байсан үеэс эхлэн жирийн иргэдийн амьдрал харин ч улам дордсон уу гэхээс дээшлээгүй. Ядуурал хүрээгээ улам тэлсэн. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаас үзвэл өнөө жилийн эхний 9 сарын байдлаар уг үзүүлэлт 10,7-тай байгаа аж. Эдийн засаг өссөн, ажилгүйдэл буурсан, ядуурал бас багассан гэж ярих нь үе үеийн, янз бүрийн Засгийн газруудын тогтсон зуршил гэж болно. Харин байдал эсрэгээр юмуу ер нь л тааруухан байхад бодит байдлыг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хэлж ярих нь барагтай л бол үгүй. Харин энэ засгийн газар ядууралтай дайн зарлана гэж байгаа нь ядуурал нэлээд хэмжээгээр байгааг хүлээн зөвшөөрч буйн тэмдэг биз гэж олон түмэн үзэж байгаа. Эдийн засаг өслөө ч ард түмний амьдрал нэлэнхүйдээ дээшилдэггүйн шалтгаан нь мэргэжилтний ярьж буйгаар бол Монгол жижиг буурай орон гэдэгт байдаг бололтой юм. Өсөлт гарсаар байгаа юм бол үр шим нь иргэдийн амьдралд яагаад тусахгүй байна вэ, ард түмний амьдрал дээшилдэггүй эдийн засгийн өсөлтөөр яах юм гэсэн асуултад тэрээр Энэ 10,7 хувийн өсөлт гол нь тэтгэмжийн гэдэг ч юмуу янз бүрийн хэлбэрээр нийгэмд хуваарилагдаж байгаа. Нийгмийн нэг хэсгийнх нь амьдрал дээшилж байхад дорвитой дээшлэхгүй хэсэг ч байгаа нь үнэн. Гэхдээ өсөлт ард түмэнд хүртэхгүй байна гэж үзэж болохгүй гэсэн хариу өгөв. Өнөө жил мах, бензиний үнэ ихээр өссөн нь нийт иргэдэд үнийн огцом дарамт болсон. Энэ ч эдийн засгийн ерөнхий өсөлттэй шууд хамааралтай асуудал биш л байх. Гэхдээ л улсынхаа аж ахуйн үндсэн өсөлтийг дагаад нийгмээрээ өсөж дэвжмээр сэн гэх ойлголт ямар ч хүний хар ухаанд бууж буй юм. Чухам иймээс л жил бүр тасралтгүй, тогтвортой өсөөд байгаа эдийн засгийн үзүүлэлтүүдийг олон нийт хүлээн зөвшөөрдөггүй, эдийн засагч, жирийн иргэн хоёр, Засгийн газар олон түмэн хоёр хоорондоо тэгтлээ сайн ойлголцдоггүй юм болов уу. Үндэсний статистикийн газраас гаргасан энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг харахад боловсруулах үйлдвэрлэл буурсан болон бараа үйлчилгээний үнэ өссөнийг эс тооцвол сэтгэл гонсойлгомоор зүйл төдийлөн үгүй гэж болохоор. Харин алт, зэс гэх мэт эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт нэлээд хэмжээгээр өссөн байна. Оны үнээр манай улс 988,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсний 520,9 буюу талаас үлэмж их хувь нь гадаад зах зээл дээр борлогджээ. Тэгвэл үүний 67,3 хувийг нь уул уурхай, олборлох аж үйлдвэр эзэлж байгаа нь манай эдийн засгийн гол салбарын гадаад зэх зээлээс олох ашиг багагүй хэмжээгээр нэмэгдэж буйг илтгэх таатай мэдээ юм. Дэлхийн зах зээлийн ойрын үеийн прогнозоос үзэхэд энэ хоёр баялгийн үнэ багагүй өсч буй. Цаашид ч өссөөр байх болно гэсэн шинжээчдийн таамаглал байгаа. Энэ үүднээсээ манайд эдгээр баялгийн олборлолт, үйлдвэрлэлээс төсөвт өнөө жил нэлээд орлого орох төлөвтэй гэж болно. Хүмүүст хамгийн ойроор нь хэрэглээний бараа үйлчилгээний үнийг харья. Үүнийг 2000 оны суурь үнэ буюу арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 39,6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11,6 хувиар, харин өнгөрсөн оны жилийн эцсээс 9,5 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээнээс хамгийн гол гэж болох бидний өдөр амьдралд шууд нөлөөлдөг хоёр бүлгийн бараа үйлчилгээний үнийн өсөлт ямар байсныг одоо хүргэе. Хүнсний барааны үнэ бүлгийн дүнгээрээ 15,6 хувь өссөн гэж байгаа. Энэ юунаас болов? Өнөө жил зах зээлд махны нийлүүлэлт хийгдээгүйгээс мах, махан бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр буюу бараг дөчөөд хувь өссөн, мөн төмс хүнсний ногооных 12,6 хувиар, саахар, чихэр, цайны үнэ 5,4 хувиар өссөн зэргээс шалтгаалсан гэнэ. Дараа нь орон сууц, түлш, цахилгааны үнэ 6,4 хувиар өссөн нь халаалтын үнэ хориод хувиар, халуун усны үнэ мөн төдий чинээ хэмнээгээр, цахилгааны үнэ 8,5 хувиар, нүүрс, түлшний модны үнэ 13 хүртэлх хувиар өссөнөөс болсон аж. Харин сүүлийн ганц хоёр жилээс бага зэрэг амь орж, сонирхолтой болж эхлэх гэж буй манай үнэт цаасны зах зээл дээр 22 удаа үнэт цаасны арилжаа явагджээ. Өндөгний томоохон нийлүүлэгч Бөхөг ХК-ийн хувьцаа 81 мянга гаруй ширхэг арилжагдсан нь хамгийн их, хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасаар тодорч байна. Тэгвэл хувьцааных нь үнэ хамгийн их өссөн нь Улаанбаатар ЗБ ХК-ийнх 200 төгрөгт хүрчээ. Валютын ханш есдүгээр сарын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1215 төгрөг байгаа нь өмнөх наймдугаар сарынхаасаа 0,8 хувиар суларсан гэж үзжээ. Манай улсын хувьд нийгмийн хуримтлагдсан олон асуудлын томоохонд орж буй ажилгүйдлийн түвшинг төрийн бус байгууллагуудаас судалж үзэхдээ ажилгүйдэл маш өндөр үзүүлэлт хэлдэг. Тэгвэл Үндэсний статистикийн газраас гаргасан судалгааны дүн эерэг мэдээллийг байнга өгч байдаг. Энэ нь судалгааны аргачлалтай нь холбоотой гэж тус газрынхан хэлсэн. Мэдээж албан ёсны бүртгэлтэй ажилгүйчүүдийн байдалд үндэслэж эдний мэдээ гарч буй. Үүгээр бол энэ оны эхний есөн сарын байдлаар ажилгүйдэл өнгөрсөн оныхоос 6,2 хувиар буурсан аж. Энэ мэтчилэн 2005 оны эхний есөн сарын нийгмийн болон эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нэг их нүүр улайхааргүй гарчээ. Харин иргэдийн амьжиргааны түвшин, хуримтлагдаад байгаа нийгмийн асуудал нь тайвшраад байх хэмжээнд очтолоо нэлээд хугацаа орох биз.
Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-10-12 245)