Түүний үйл ажиллагааг дан хараар будаж болохгүй
2005 оны аравдугаар сарын 10-ны өдрийн № 243 /2064/ дугаарт нийтлэгдсэн Ийм хүн Монголын шүүхийг дахин удирдах гэж үү, Зууны мэдээ сонины 2005 оны аравдугаар сарын 10-ны өдрийн № 242 /2065/ дугаарт Яаж чадаж байна аа! Ерөнхий шүүгч байх ёс суртахууны эрх Ч.Ганбатад байхгүй гэх нийтлэл нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын ажил хэргийн нэр хүндэд илтэд халдсан, түүний өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг бүхэлд нь харлуулж, үгүйсгэсэн үндэслэл муутай мэдээлэл байна.
Ч.Ганбат 1999 оноос Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө, Шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал зэрэг шүүхийн шинэчлэлттэй холбоотой чухал баримт бичгийг дотоод, гадаадын холбогдох байгууллага, эрдэмтэд, шүүгч, хуульчидтай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн.
Энэ бүхэн нь шүүхийн ажиллах эрх зүйн орчинг шинэчлэх, хараат бус бие даасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх, шүүгчдийн сургалт, давтан сургалтын тогтолцоог буй болгох, шүүгчээр сонгон шалгаруулах, томилуулах журамд шинэчлэл гаргасан ач холбогдлыг нь үгүйсгэх аргагүй юм.
Тэрээр эрүү, иргэн, захиргааны олон тооны хэрэгтэй танилцаж, 55 эсэргүүцэл, 33 дүгнэлт гаргаж, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг 117 удаа зарлан хуралдуулж, эрүү, иргэн, захиргааны 1839 хэрэг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, шүүхийн практикийг нэг мөр зөв тогтооход анхаарч иржээ.
Монгол Улсын Шүүхийн, Прокурорын болон Өмгөөлөх байгууллагын тухай хуулиуд, Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай зэрэг хууль тайлбарласан нийт 32 тогтоолыг Улсын Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, нийтлүүлсэн нь төр, засгийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэдээс хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд ач холбогдлоо өгсөн нь дамжиггүй.
Тэрээр шүүхийн гадаад харилцааг хөгжүүлэх, Монголын шүүхийн шинэчлэлд гадаадын улс орон, олон улсын байгууллагууд, тэдгээрээс хэрэгжүүлж буй төслийн дэмжлэг туслалцааг авахад ихээхэн анхаарч АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагийн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төсөл, мөн улсын Техас муж улсын Уэслианы Их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайдел-ийн сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хуульчдын сургалт, давтан сургалт төсөл, Дэлхийн банкны Шүүх, эрх зүйн шинэтгэл төсөл, Японы Жайка, БНСУ-ын Койка зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын нийт шүүхүүдийг компьютер, бусад техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэж, Дээд шүүх, Нийслэлийн болон Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн шүүх, дүүргийн шүүхүүдийн шүүх хуралдааны танхимыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохижуулж, техник, тоног төхөөрөмжөөр ханган, шүүгч албан хаагчдын ажиллах таатай орчинг бүрдүүлж, хот хөдөөгийн шүүхүүдийг холбосон мэдээллийн сүлжээг бий болгох, интернетэд холбох, улмаар төр, засаг, хуулийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох мэдээллийн Нэгдсэн сүлжээнд холбох ажлыг эхлүүлээд байна. Энэ бүхэн нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн цогц арга хэмжээний нэгэн хэсэг юм.
Энэ ажлын хүрээнд Хууль зүйн Үндэсний төв, өмнө дурьдсан гадаадын байгууллага, төслүүдтэй хамтран шүүхийн шийдвэрийг нийтлэх замаар олон түмэнд нээлттэй болгох ажлыг эхлүүлснээр захиргааны болон иргэний хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрүүдийн эхний эмхтгэлүүд нийтлэгдэн гарч, цуврал байдлаар хэвлэгдсэн Монгол Улсын шүүхийн сүүлийн гурван жилийн ажлын тайланг судалбал шүүхийн талаарх ойлголт үнэн зөв, бодитой байх болно.
Мөн хүний эрхийг захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас хамгаалах эрх зүйн баталгаа болж буй Захиргааны хэргийн шүүхийг байгуулах, төлөвшүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үгүйсгэх аргагүй билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Улсын Дээд шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэдэг тул Ерөнхий шүүгч дээрх нийтлэлүүдэд өгүүлсэн шиг хэрэг маргааныг дангаар, дур зоргоор шийдвэрлэдэггүй, шийдвэрлэж байгаагүй, нийтээр мэдэх захиргааны нэгэн хэргийн шийдвэрт дүгнэлт гаргах эсэх асуудлыг хуулийн хүрээнд, хараат бусаар бие даан шийдвэрлэснийх нь хувьд түүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, түүний үйл ажиллагааг дан хараар дүгнэж бичсэн нь бодит байдлыг гуйвуулсан явдал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Улсын дээд шүүхийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-10-12 245)