Монголын хөгжлийн гарц хаана байна вэ?
Монгол Улс ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, Монгол Улсын шилжилтийн үеийг туулахад туслах зорилготой донор орнуудын хамтлагыг бий болгож чаджээ. Гэвч энэ нь хэр удаан үргэлжлэх эсэх нь чухал зүйл.
Манай орны гадаад харилцаанд гарч буй шинэ зүйл бол АНУ, Япон зэрэг Ази номхон далайд төдийгүй дэлхийд нөлөөлөх орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Їүний үндсэн шалтгаан нь Монголд гарсан ардчилсан өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг Їндсэн хуулиндаа тусгаж, баталгааг хангах механизмыг бүрдүүлж эхэлсэн явдал юм.
Энэ ч үндсэн дээр донор орнууд хоёр хөршид маань ардчилсан тогтолцоонд шилжсэн орон хэрхэн хөгжидөг болохыг жишээ болгон үзүүлэхийг зорьсон бололтой. Гэвч үнэн чанартаа АНУ Монголыг сонирхон алдан, сонирхон алдан байнд ч биш, банзанд ч биш гэдэг шиг, авч ч болохгүй, хаяж ч болохгүй тууштай бус бодлого явуулж, өрнөдийнхөн болон бусад холбоотноо хамруулан татаад байгаагийн гол гогцоо нь ОХУ-БНХАУ хоёрын хэт ойртолтыг сэрэмжлэх зорилгын үүднээс л хийгдэж буй ажиллагаа гэж ойлговол зохино. Гэсэн хэдий боловч уг цус ойртолтыг сэрэмжлэх стратегийг санаачлагчид одоохондоо төрийн эрхээ гардан авч чаддаггүй, эрх баригчдаа итгүүлэн бодлого болгон боловсруулж амжаагүй л яваатай холбоотой болов уу. Бас бус хүчин зүйл хүйсийн хэв маяг, мэдрэмж ч нөлөөлдөгийг үгүйсгэх аргагүй. Харин нэгэнт төсөөлөгдчихсөн энэ бодлогыг өргөжүүлэх, өөрийн ашиг сонирхолоо түүнд уялдуулан шургуулж, хэрэгжүүлэх бололцоог хангахад өөрийн гадаад бодлогынхоо нэг том дэд хэсэг болгон авхаалжтай ажиллаж чадах эсэх нь манай төр засаг, үндсэндээ ГХЯ-ны том шалгуур байх ёстой. Гэхдээ ийн ажиллах завсартаа тэрхүү гүрнүүдийн эдийн засгийн том ашиг сонирхолыг нутаг дэвсгэртээ зохиомлоор ч атугай бий болгох ёстой. Энэ нь бат бэх суурь дэвсгэр болж, хөөргөн хөгжингүй орны харцыг татахад нөлөөлж магадгүй болов уу. Түүнээс биш Монгол Улс энэ бүс нутагт өөрийн хүндтэй байраа эзэлтэл нилээн зай бий.
Мөн Японы хувьд Азийн орон манай орныг сонирхох газар зүйн шалтгаан бас бий.
Эдгээр зүйлээс шалтгаалан манай гадаад харилцаа Япон, АНУ-аас хамааралтай болох төлөвтэй байна. Гэвч нөлөө нь өсөж буй БНХАУ-ын АНУ-тай харилцах харилцаанаас мөн адил хамаардаг болох төлөв ажиглагдаж эхлээд байгаа. Энэ нь умард, өмнөд хөршийн баланс алдагдаж өмнөд хөршөөс үзүүлэх нөлөө, ашиг сонирхол улам нэмэгдэх байдалтай холбоотой. Түүнчлэн манай засаг төрөөс гадаадтай харилцах бүхий л цонхоо сүүлийн арван жил Бээжинд төвлөрүүлэн түүгээр дамжуулан шийдвэрлэдэг болоод байгаа нь үүнд нөлөөлөх суурь болоод байж болох юм. Хэдийгээр үүнд газар зүйн байрлал шууд хамааралтай ч зарим тохиолдолд бас бус хүчин /агаарын тээвэр, транзиттээвэр, нутаг дэвсгэр түрээслэх, энхийг сахиулах хүчин байрлуулах/ зүйл, эдийн засгийн чадавхиа золиослон байж илүү үр дүнтэй харилцаа, хамаарлыг бий болгодог шүү дээ.
Түүнчлэн Ази-Номхон далайн тэр дундаа Зүүн ази манай гадаа харилцаанд тэргүүлэх нөлөөтэй гэж үзэж байна. Энд дэлхийн АНУ, Япон, ОХУ, Хятад гэх мэт томоохон гүрнүүдийн ашиг сонирхол төвлөрч байдаг, тэгээд ч Монгол Улс тэдний ашиг сонирхолын хүрээнд багтаж байгаа юм.
Иймд энэ бүс нутагт олж авсан байр сууриа бататгах хэрэгтэй. Їүний тулд
Монгол Улсын цаашид баримтлах зарчим
Юуны өмнө далайд гарцгүй Монгол орон дэлхийн улс төр, зах зээлийн харилцаанд татагдан оролцохдоо чухам аль бүс нутгаар дамжин орох вэ гэсэн асуудал хурцаар тавигдаж байгаа. Їүнд ойрын болон дунд стратегийн зорилтын хүрээнд Ази-Номхон далайн бүс, Зүүн хойд ази /Япон, Солонгос, ОХУ/ хамгийн ирээдүйтэй болох нь тодорхой боллоо.
Харин цаашдаа алс хэтдээ ойрын болон дунд хугацаанд дэвшүүлсэн стратеги түншлэл, бодлого, үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтэцлэг байдлаа бэхжүүлэх үүднээс евроазид бодлогоо чиглүүлэх нь илүү байх аа. Гэхдээ энэ нь ойрын 25-30 жилийн дараа яригдах асуудал гэж ойлговол зохилтой. Тэгэхгүй бол одоогийн энэ гарцнаас адилхан шахуу гэж хэлэхэд ч болохоор буй шашин шүтлэг, хүчирхийлэл нүүрлэсэн орчинд чигээ л алдахаас өөрөөр хожих нь тун хомс болов уу. Нөгөөтэйгүүр технологийн дэвшил, үйлдвэрлэлийн чиг баримжааг олох хугацаа нь болоогүй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан бүс нутаг нь газар зүйн хувьд ойр дөт, далайд түүгээр л дамжих төдийгүй, улсын цаашдын хөгжилтөнд эдгээр орнууд шаардлагатай капитал, техник технологийн эх үүсвэрийг нийлүүлэх, ашиглах боломж бүрдэж байгаад анхаарах хэрэгтэй.
Хамгийн гол нь энэ түншлэлээс Монголын түүхий эд голлосон экспортын бүтцийг өөрчлөхөд Япон, Солонгосын хамтын ажиллагаа нэн шаардлагатай. Энэ бүхэн нь тухайн бүс нутгийн эдийн засгийн нягт хамтын ажиллагаанаас шууд хамааралтай болоод байна.
Тухайлбал
Хятад 1989 оны Тяньаньмэний талбайд болсон явдлаас хойш одоо БНХАУ дипломат ганцаардлаас гарсан төдийгүй Ази-Номхон далай, дэлхий нийтэд байр сууриа бэхжүүлж чадлаа. Эхний шатанд Азийн орнуудтайгаа харилцаагаа хэвийн болгосон төдийгүй зарим орнуудтай дипломат харилцаагаа сэргээсэн. Тайвань болон Гонконгд буй хятад үндэстнээрээ дамжуулан асар их хөрөнгө оруулалт хийж байна. Хоёр дахь алхам буюу АНУ болон Европын орнуудтай харилцаагаа сэргээхдээ асар их хэрэглэгчтэй зах зээлээ овжин ашиглаж ирлээ. Їүнд европын ажилгүйдэлд нэрвэгдээд буй нь амархан урхинд оруулах шалтаг өгч байна.
Мөн БНХАУ-ын дарга удаа дараа АНУ-д айлчилж харилцаагаа хэвийн болгосон нь, мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгч дайны хэнээтэн бага Ж.Буш БНХАУ-ын талаарх АНУ-ын шинэ бодлогыг тодорхойлохдоо *БНХАУ нь АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч хэмээн зарласан зэрэг нь улс төрийн хувьд томоохон ялалт болж дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний зиндаанд шуудхан түлхчихсэн сайхан бололцоо олгосон юм. Хэдий тийм ч Хятадын дотоодын улс төрийн хэт намжим байдал ихээхэн түгшүүр төрүүлдэг. Өөрөөр хэлбэл саяхан сэлгээ хийсэн нам, төр ямархуу байр суурь баримтлах, улс төрийн тогтвортой байдлын номлолоо шаргуу баримтлах эсэх нь хамаг зүйлийн гогцоо болж байна.
Мэдээж энд дорно дахины, өөрөөр хэлбэл эртний хятадын төрийн уламжлалыг бодолцоход ч тэр төрийн бодлогын залгамж чанараа хадгалсаар байх нь ойлгомжтой боловч хамгийн гол нь цаг хугацааны фактор үүнийг эрс үгүйсгэж байна. Учир нь хуучин нээлттэй атлаа хаалттай дэглэмийг номлосон Дэнизмийн үе үзэл суртлаар халхавчлан санхүүгийн ертөнцийг базах, өөрсдийн үзэмжээр чиглүүлэн хөдөлгөх цаг дуусч, харин ч капиталистуудын хүсснээр бодлого боловсруулдаг болж байх шиг. Энэ бол нууц биш зүйл, бас хэт их гайхмаар ч, хачирхаад байхаар зүйл биш нь ойлгомжтой. Одоо БНХАУ-ыг 60 гэр бүл тодорхойлж байна. Өмчийн хэт ялгаа бүхий, өөр өөр дэглэмийг хүлээн зөвшөөрөхүйц уур амьсгал бүрэлдсэн энэ нийгэмд хуучин удирдагчдын бодлогоор хамаг зүйл ярс хийтэл шийдэгддэг нь үеэ элээж, өнгөн талдаа, дээд давхаргадаа л бүх юм ном, жамын дагуу байгаа мэт боловч дундаас доод шатанд бүх зүйл мөнгөний үнэ цэнээр хэмжигдэн түүндээ хөтлөгдөн захирагдаж байгаа шүү. Иймд энэ эзэнт гүрний доогуур маш том ангал ухагдаж, шүрүүхэн хөдлөхөд л нимгэн -өнгөн дээд давхарга нуран унаж, живхэд бэлэн болоод буй нөгөө л эзэнт гүрнүүдийн тавилан хүлээж буйг хэлэх хэрэгтэй. Гэвч хятадын онцлогийг харуулж харин ч өөрийн үзэл суртлаа доорх ангалын байдалтай хэрхэн уялдуулан хэсэг тэсч үлдэх, эсвэл цоо шинэ гүрний ойлгоц бүрдүүлэх гэсэн хоёр алхам л үлдээд байгаа гэж хэлж болох юм. Їүнээс өөр ямар нэг гарц байгаа эсэхийг би олж харахгүй байна.
Дээр өгүүлсэн бүхнээс үүдээд ойрын ирээдүйд хятадын эдийн засгийг юу хүлээж байна вэ гэдэг нь туйлаас чухал. Дахин давтан нуршихад энэ орны бүх зүйлийн хөдөлгөгч хүчин зүйл бол эдийн засаг байсан, байсаар ирсэн, байх ч болно. Өөр юу ч биш. Иймд үнэлэлт дүгнэлт өгч аль нэг талыг барьж явцуурах, бас тус орны аж ахуйн хөгжилд огцом ахиц гараад ирнэ гэж таамаглахаа түр хойш тавиад өнөө цаг үед анхаарлаа хандуулцгаая. Ер нь статистик үзүүлэлтүүд, судлаач, дипломатчдын өгүүллүүд, жирийн ахуй хязгаарын байдал зэрэг олон зүйлд тулгуурлан ажиглахад хятадын дээд амжилтын үе шувтарч, нийт орныхоо аж ахуйн бүтцийг өөрчилж, дэлхийн зах зээлд зохицуулах удаан хугацааны, ээдрээтэй үе хүлээж байна. Энэ үе хэт халалт-ын 4 үе шатыг давсантайгаа адилхан амжилттай өнгөрч нөгөө л зөөлөн газардах уу, эсвэл үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.
Ямартай ч хятадын эдийн засгийн энэ эгзэгтэй байдал тус бүс нутагт, тэр дундаа манай их хөрш Орост яаж нөлөөлөх нь бидний хувьд чухал асуудал.
Эцсийн дүндээ бүхий л талаас нь аваад үзсэн урд хөршийн маань эдийн засгийн хөгжлийн амжилттай байдал манай оронд ашиггүйгээр барахгүй маш их аюултай! Хятад эдийн засгийн хэт их гүрэн болчихвол биднийг, манай улсыг өнө удаан хугацааны турш Хятадын нөөцийн хавсаргын байранд тавьчихана. Өөрөөр хэлбэл түүх давтагдах болно. Тухайлбал, манай улс одоо ердөө гуравхан төрлийн стратегийн бүтээгдэхүүн экспортлож байна. Тэдний ихэнх нь урд хөрш рүү. Ашигт малтмалыг эс тооцвол арьс шир, ноос ноолуурын дийлэнх буюу 90 хол гаран хувийг урагшаа, бүр нарийн ярьвал БНХАУ-ын Хэбэй мужид нийлүүлж байна. Хэбэй манай түүхий эдийн төвлөрсөн бэлтгэл бааз байж, дараагийн шатны хуваарлагчийн үүрэгтэй бэлтгэл муж болон төрийн бодлого-оор дэмжигдэж байна.
Харин дээр өгүүлсэнчлэн Хятадын эдийн засгийн хөгжил хэт эсрэгээрээ эргэвэл бас аюултай ч зарим зүйлд манайд ашигтай байхыг үгүйсгэмгүй.
ОХУ ЗХУ-ыг бодвол ОХУ Ази номхон далайн орон гэж хэлэх үндэслэлтэй болжээ. ОХУ нь Сибирь, Алс дорнодын байгалийн баялагаас улам бүр хамаарах болж, Бальти, Хар далай хавийн боомтоо алдснаас хойш Номхон далайн боомтуудын ач холбогдол эрс өссөн. Цэргийн хүчний хувьд их гүрэн хэмээгддэг орос гүрэн тус бүс нутгийн эдийн засагт оролцох оролцоогоо өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл Сибирь, Алс дорнодыг хамарсан 1992 онд боловсруулсан Интергратор 21 төсөлд их найдлага тавьж байгаа.
Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, хууль тогтоомж тодорхой бус, Япон зэрэг бүс нутгийн орнуудтай газар нутгийн маргаантай, Москва болон орон нутгийн эрх үүргийн ялгаа тодорхойгүй, замбараагүй байгаа зэргээс шалтгаалан явц удаан байна. Шинэ Оросын удирдлага энэ зүйлд ихээхэн чармайлт тавьсангүй. Хэдийгээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.В.Путин дэлхий нийт, бүс нутгийн хүрээнд ихээхэн нэр хүнд бүхий байж, үйл ажиллагаа явуулж байгаа боловч энэ нь зөвхөн үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр зөвлөлүүдийн их гүрний хоосон орон зайг үгүйлсэн сэтгэл зүй дээрх чадварлаг, хоромхон зуурын тоглолт гэж хэлж болно. Гэвч НЇБ-ын байнгын гишүүний хувиар бүс нутгийн аюулгүйн систем боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог.
Түүнчлэн АСЕАН-ны удирдлагад оролцдог зэрэг нь бүс нутгийн ажиллагаанд оролцох оролцоог бодитой болгож байдаг.
Гэвч сая болж өнгөрсөн Ирак, АНУ-ын эвслийн хоорондох дайнд тодорхой байр суурь баримтлаж байсан авч Ирак болон тус бүс нутаг дахь өөрийн улсын стратегийн ашиг сонирхолыг хамгаалах талаар шийдвэртэй алхам хийж чадсангүй. Аялдан дагалдагчийн байр сууринаас хандсаар хоцорч, өөрийн ашиг сонирхолоо хангуулах талаар АНУ-аас гуйх л үлдээд байна. Мөн Хятадын эгзэгтэй байдал буюу эдийн засгийн хувьсал буруу тийш явбал хэт хяналтгүй байдлаас шалтгаалан олон зуун сая хятадууд Орос нутагт хяналтгүйгээр цагаачлан орж одоо бий болоод байгаа Сибирь, Алс дорнодод үүссэн байдлаас илүүтэйгээр үндэснийх нь аюулгүй байдалд хүчтэйгээр нөлөөлөх болзошгүй юм. Эцэст нь хэлэхэд Их Оросын хэмжээнд хүрч очиход наад зах нь хагас зуу гаруй шахам жил шаардлагатай гэж үзэж болох байна.
Монгол Улсын олон улсын харилцаанд хөгжлийн
онол, бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий томъёолол
Монгол оронд үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, үндэсний вальютийн ханш нэн доогуур байгаагаас нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмжихэд хөгжлийн түвшингээр өмнөдийн буурай хөгжилтэй орнууд, тэр байтугай зарим үзүүлэлтүүдээр нэн буурай орны тоонд орж байна.
Энэ байдлаас хэрхэн гаргахад хөгжлийн стратеги, үзэл баримтлал боловсруулж, хэрэгжүүлэх нь өнөө цаг үеийн нэн чухал зорилт болоод байна. Гэхдээ Монгол Улс өөрийн хүлээх хариуцлагыг тод ухамсарлаж үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Энэ зарчим нь хөгжилд дөхөм үзүүлэх ерөнхий нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Улс орны өөрийн чармайлтыг хандивлагч орнууд орлож чадахгүй, тэгэх ч үгүй.
Хөгжингүй умардын орнуудын Засгийн газар эдийн засгийн хувьд бүтээх чадвартай социал байдлын хувьд тэгш нийгмийн байгууллыг эрмэлзэж буй орнуудын бодлогыг илүү дэмжиж байдаг. Хэрэв ямар нэгэн хөгжиж буй орон хүний хувийн санаачлагыг дарангуйлж байх юм бол жишээ нь мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаж байхад гаднаас үзүүлэх тусламж үр нөлөө үзүүлж чадахгүй гэж хөгжингүй орнууд үзэж шалгуур тавьдаг.
Ер нь зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж чадахгүй, хуучинтайгаа зууралдаж, хүний эрхийг хүндэтгэх явдлыг баталгаажуулж чадахгүй орнууд хөгжлийн тусламжинд найдах хэрэггүй. Тэгэх нь илүүц зүйл бизээ.
Хөгжиж буй орнуудад хамгийн чухал алхам бол ядууралтай тэмцэх, хоол хүнсийг эрүүлжүүлэх, хөдөө нутгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсрол сургалтын асуудлыг сайжруулахад гол бодлогоо тусгадаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн тусламжийг хэр зөв шингээж байгаагаас их зүйл хамаардаг билээ.
Өнөөдөр үзэл бодлын зөрчилдөөн, Өрнө, Дорнын маргалдаан конфлект шувтарч, Монгол орон ийм нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлого үгүйлэгдэж байна.
Иймд хөгжлийн асуудлыг өнөөдрийн тогтолцооны трансформацийн /шилжилт/ асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулахын чухалыг онцлон тэмдэглэмээр байна. Мөн хуучин социалист системд мөн адил трансформацийн үйл явц явагдаж байсан, одоо ч дуусаагүй байна.
Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараах шалгуураар шалгадаг
1. цаг хугацааны хүчин зүйлс
2. зардлын хүчин зүйлс
3. хүлээн зөвшөөрөх байдал – актентаци
4. практик чадвар эдгээр болно.
Цаг хугацааны хүчин зүйл нь шилжилтийн үйл явцад шаардагдах цаг хугацааны хэрэгцээ, үйл явцын үргэлжлэх хугацаа билээ. Монголын хувьд стратегийн бодлого, үзэл баримтлалаас шалтгаалан нилээд удаан явагдах төлөв ажиглагдаж байна.
Шилжилтийн зардлыг тодорхойлох нь нилээд төвөгтэй. Хуучин тогтолцооны үр ашиггүй байдлыг зайлуулахтай холбогдсон зардал энд хамаарахгүй. Ийм зардал хангамжийн дутагдал, бүтээгдэхүүний чанар, экологийн бохирдлоор ихэсдэг. Хуучин тогтолцооны үргүй зардлыг зайлуулах нь системийн трансформацийн зорилго байх ёстой. Энэ утгаараа ч М.Энхсайханы Засгийн газрын явуулж байсан бодлого зөв алхам эхлүүлсэн. Харамсалтай нь эхэлсэн зөв алхам, бодлого үйл ажиллагааг бүрдүүлэхэд шаардагдсанаас илүү зардалыг дараа дараагийнх нь тодорхой бус засаглал, ямар ч баримтлах бодлого зорилтгүй Засгийн газрууд балласан билээ. Харин одоогийн Н.Энхбаярын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй алхамууд нь хэдийгээр зөв боловсрогдсон боловч сонгуулийн амлалтад баригдан, дараагийн алхамдаа тушаа болохоос эмээн мэргэжлийн удирдлагаар хангаж, чигч ажиллах явдал дутагдалтай байсаар дууслаа. Харин шуудхан хэлэхэд Ц.Элбэгдоржийн Засгийн газар ямар нэг цаашид даацтай тодорхой бодлого авч хэрэгжүүлэхгүй, зөвхөн нийт масст хэрхэн зөв ойлголт өгч, зөв талаасаа харагдах вэ л гэсэн байр сууринаас хандаад байгаа нь ажигллагдаж байна.
Шилжилтийн зардал нь трансформацийн бодлогоос шалтгаалсан байх ёстой. Энэ нь шилжилтийн үеийн бодлогоос үүдэн гардаг. Өөрөөр өмч хувьчлал, техник технологийн зардал, бүтцийн шинэ тогтолцоо бий болгох гэх мэтчилэн
Эцэст нь хүлээн зөвшөөрөх байдал буюу актентацийн шалгуур нь системийн өөрчлөлтийг хүн ам хэрхэн зөвшөөрч, санал нийлж байгаатай холбоотой юм. Гэхдээ энэ харьцаа зөвшөөрсөн, няцаасан харьцаагаар тодорхойлогддог шүү.
Иймд энэ харьцааг нэмэгдүүлэх нь улс төрийн удирдлагад итгэх итгэл буюу төрийн тогтвортой ажиллагаа, хувь хүнд учирсан байдал, хуучин тогтолцоогоо санагалзсан байдал, түүнийг санагалзах, улс төрийн боловсрол, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаагаас шалтгаална.
/Yнэнийг хэлэхэд шар, хар, цагаан байх нь гол бус хамгийн гол нь тогтвортой засаглал энүүхэн 10 жилд шаардлагатай байгаа. Їүнээс үндэслэн засаглалын тэнцвэржилт, бүтцийн асуудлыг ч эргэн харах, Yндсэн хуулиар эрх мэдлийн хувираалигдсан байдалд ч бодолцох зүйл нилээн бий. Учир нь зарим нэгэн мэриймтгий зүтгэлтний хэт зүтгэл, илэрхийлэлтээс шалтгаалан анхдагч логик алдагдсан тэрхүү тодорхой бус уялдаа холбоосыг залуурлах зайлшгүй шаардлага байна./
Практик чадвар гэдэг нь шилжилтийн тодорхой үзэл баримтлалыг бодлого болгон хэрэгжүүлэх байдал, тухайлбал бодлогын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн талаар хэрэгжүүлэх явдлыг ойлгодог. Эдгээр шалгуурыг оновчтой ашиглан шилжилтийн бодлогыг хянаж байвал бас трансформацийн үйл явцын амжилтанд эерэг нөлөөлөх болно вий.
Дээрх ерөнхий тулгуур шалгууруудыг шилжилтийн үедээ явж буй хөгжиж буй орнууд дотооддоо хэрхэн хэрэгжүүлж буйгаас хамаарч тухайн улс орны гадаад бодлого, хөгжлийнх нь стратеги, үзэл баримтлал төлөвшин тогтож, цаашилбал олон улсын харилцааны төвшинд тухайн бүс нутагтаа өөрийн байр суурийг тогтооход чухал түлхэц болдог байна.
Ийм тохиолдолд Монгол Улсын үндэсний хөгжлийн цэгцтэй бодлого, үзэл баримтлал бүрэлдэх таатай нөхцөл боломж олгогдох болно.
Эцэст нь нэмхэд энэ бүх зүйлд бичсэн стратеги, үзэл баримтлал, бодлого боловсруулж хэрэгжүүлэх гээд байгаа маань аль нэг дотоод, гадаадын донорын тусламж, санхүүжилтээр төслийн мөнгө аваад хэн нэг, хэсэг бүлэг хүмүүсээр хийлгэх цаасан баримт бичиг, дугуй ширээний ярилцлага, семинар, улс төрийн болоод урлаг соёлын шоуг хэлээгүйг ойлгон хүлээн авна биз ээ.
Ш.Yнэнтөгс