Ядахдаа дүүрэг авч явсан хүн нийслэлийг удирдаасай
Энэ хугацаанд олон үйл явдал болж өнгөрчээ. Тухайлбал, МАХН-ын дарга М.Энхболд УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдлоо. Улмаар тангаргаа өргөөд хоёр долоо хонов. Тэрбээр ийнхүү төрийн түшээгийн тангаргаа өргөснөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанаас чөлөөлөгдсөн юм. Гэхдээ түүнийг хотын мэр байхад орон гарангуут нь хэн очих талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн билээ. Хэвлэлийнхний дэвшүүлсэн анхны хүн бол Сангийн дэд сайд Ч.Ганзориг уг албанд очих магадлал маш өндөр учир нь түшиг тулгуур нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэлцэж байв. Тэгвэл эдүгээ хоёр дахь хувилбар мөн гарч иржээ. Энэ хүн бол МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр. Түүний нэрийг дэвшүүлж байгаа гол хүчин зүйл нь нийслэлийг шинэ менежментээр авч явах ёстой гэсэн анхны мессеж. Ё.Отгонбаярыг дэмжигчид нь МАХН дахь залуу лидерүүд юм билээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Үйлдвэр, худалдааны сайд Сү.Батболд нар гэх мэт. Тэдний хувьд нийслэлийг олон улсын менежмент мэддэг хүн удирдах ёстой гэсэн байр суурь юм байх. Эерүү ч гэх үү эдгээр үгийн цуглуулгын санаа ердөө л лоббидож байгаа хүнээ гаргаж ирэх гэсэн арга. Түүнээс биш үндсэн үзүүлэлт нь биш. Ё.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж улс төрд орж ирсэн гэж ойлгож болно. Гэхдээ УИХ-ын дарга агсан Л.Энэбиштэй боломжийн харилцаатай байсан гэж хүмүүс хэлцдэг. Харин өөрөө түүнтэй ойр дотно харилцаатай байсан гэдгээ хүн мэдчих вий гэж болгоомжилдог бололтой юм билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хаших дараагийн хувилбар хэдийгээр эдүгээ МАХН-ын залуу лидерүүдэд буй гэгдэх боловч нууц ноёнтон нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм байх. Тэрбээр эхний дэвшүүлсэн Сангийн дэд сайд Ч.Ганзориг урагш ахихгүй болохоор өөр өнцгөөс Ё.Отгонбаярыг зүтгүүлсэн байж болох. Энэ үүднээс авч үзвэл Ё.Отгонбаяр гэдэг Ч.Ганзоригийн өрөөсөн дугуй болж таарах нь. Энэ мэт янз бүрийн хувилбар гарч ирсэн ч уг албан тушаалд хэн нэг хүн томилогдоогүй байгаа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь хотын МАХН-ын хороог давхар удирддагтай салшгүй холбоотой. Улаанбаатар хотын МАХН-ын хорооны даргад жигүүрийнхэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ө.Энхтүвшинг зүтгүүлснээс тэр. Намын гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээх магадлалтай Ө.Энхтүвшинд МАХН-ын акулууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг итгэж өгч чадахгүй байгаатай холбоотой гэж ойлгогдож байгаа биз. Энэ бүхнээс харахад уг албан тушаалд хэнийг томилох талаар эрх мэдэлтнүүдийн эрх ашиг нэгдээгүй байгаа нь илт. МАХН-ын нарийн бичгийн Ё.Отгонбаяр Улаанбаатар хотын намын хороог аваад явчихаж мэдэх юм. Гэхдээ хот гэдэг их айлыг бол авч явах нь юу л бол. Түүний хувьд нийслэл байтугай дүүрэг, хороонд ч төрийн алба хашиж үзээгүй хүн. Аж ахуй удирдах талаараа бүр паг. Тийм хүнд хот гэдэг их айл ахадна. Энэхүү томилгооны дараагийн бас нэг хувилбар нь Багахангай дүүргийн Засаг дарга Ц.Батбаяр гэнэ. Энэ хүнийг дэвшүүлэх тухай ярилцаж байгаа хүмүүс нь нийслэлийн Засаг даргыг томилох хийгээд сонгох ямар ч эрх мэдэлгүй сул иргэд. Гэхдээ тэдэнд өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрх бий. Нэг үгээр хэлбэл, нийслэлийн Засаг дарга хэн байхыг өөр хоорондоо шүүн хэлэлцэж байгаа хэрэг. Олны үг ортой гэдэг үүднээс авч үзвэл тэрбээр энэ албан тушаалд байж болох олон хүний нэг нь болов уу. Гэвч эрх мэдэлтнүүд тухайн албан тушаал дээр өөр өнцгөөс өөр хүний нэр шургуулаад байгаа нь нийслэлийн иргэдэд таалагдахгүй байгаа бололтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд хэн байх талаар эрх мэдэлтнүүдээс эхлээд иргэд шал өөр саналтай байна. Тэдний хувьд амьдарч байгаа нийслэлийг нь ядахдаа нэг дүүргийг аваад явчихаж чадаж байгаа хүн удирдаасай гэж хүсч байгаа юм байна.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-10-13 246)