Ак кербез-ийнхэн хуучны дуунуудыг орчин үеийн хэлбэрт оруулж дуулна
Тоглолтыг Ак кербез буюу Гэгээн ялгуун хамтлагийнхан шинэ цомгийнхоо баярт зориулж зохион байгуулж буй аж. Тус хамтлаг өмнө бие даасан хэд хэдэн тоглолтоо зөвхөн баян-өлгийчүүдэд төдийгүй нийслэлчүүдэд ч сонирхуулж байжээ. Энэ удаад тэд Баян-Өлгий аймгаас төрөн гарсан зохиолчдын уран бүтээлээс болон нутгийн зон олныхоо дуулах дуртай, тэдний дунд түгсэн үе үеийн ардын дуу болон зохиолын, орчин үеийн дуунуудыг дуулах гэнэ. Ингэхдээ хүмүүсийн сайн мэдэх, хуучны дуунуудыг орчин үеийн хэлбэрт оруулж дуулж сонирхуулах нь. Хөгжмийн хувьд казах үндэсний домборыг бусад хөгжимтэй хослуулсан байх юм. Урын сандаа 40 гаруй дуутай Ак кербез хамтлагийн энэ удаагийн тоглолт хоёр цаг үргэлжлэх бөгөөд дуусталаа аялгуут домборын ая эгшиглэх юм байна. Тоглолтыг УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан захиралтай Буян холдинг компани, Баян-Өлгий аймгийн Засаг дарга О.Хабсатор, аймгийн Хөгжимт драмын театрын дарга Р.Өсерхан болон нутгийн ахан дүүс нь ивээн тэтгэсэн байна. Сонирхуулахад, Монголын анхны boy хамтлагаар Камертончууд тодорсон бол Ак кербез хамтлаг Монголын казакууд дундаас тодорч өөрийн дүр төрхөө тодорхойлж чадсанаараа бусдаас онцлогтой.Тоглолтод Захиалгат инээд хамтлаг, дуучин Ч.Бат-Эрдэнэ бусад залуу уран бүтээлчид оролцох бөгөөд энэ үеэр азтай үзэгч шалгаруулах гэнэ. Тус хамтлагийн шинэ цомог 14 дуунаас бүрдсэн байна. Ак кербез хамтлагийнхны нэгэн нууцыг дэлгэхэд, тэд удахгүй БНХАУ-ын Шинжааны Үрэмчи хотод тоглохоор уригджээ. Мөн тэд шинэ цомогтоо клип гаргахаар төлөвлөсөн байна.
Ч.АННА
(өдрийн сонин 2005-10-13 246)