Хархорумынханд атаархах цаг ирэх нь
интернэтэд тавигдаад хэдэн сар өнгөрлөө. www.karakorum.mn гэдэг веб сайтад англи, монгол хэл дээр дэлгээстэй байгаа эл төслөөс ирээдүйн Хархорумыг төсөөлж өнөөдрийн Улаанбаатартайгаа харьцуулъя.
Эхлээд судалгаа хийж, хууль дүрэм гаргах гэнэ
Хот байгуулахын тулд уух уснаас авахуулаад цаг агаар, хөрс, экологи, газрын гадаргуу ба гүнийг судалсан бүх төрлийн судалгаа хийх юм байна. За мэдээж иймэрхүү судалгааг Улаанбаатар хотыг байгуулахад хийж байсан л байх. Гэхдээ нийслэлийн хувьд лам нар голдуу хүмүүс анх газрыг нь шинжиж, дараа нь Орос ах нар өргөтгөж шинжилж өгсөн болов уу. Хархорумын хувьд энэ ажилд орчин үеийн мэргэжлийн багууд ажиллах юм.
Дэвсгэр газартай болсон хойноо Хархорумын бүх нутаг дэвсгэрийг кодчилон шуудангийн бүсэд хуваах юм байна. Улаанбаатар хотынхон Баян хошууны эцэс дээр буугаад хоёр гудамж урагш алхаад баруун тийшээ эргэхэд нэг мухар гудамж таарна, түүний хойшоо харсан хашааных нь мухраасаа нааш хоёр дахь цэнхэр хаалганд байгаа гэж гэрээ зааж өгдөг бол Хархорумынхан анхнаасаа л Шуудангийн бүс 3400, Занабазарын өргөн чөлөө, III гудамж, 45 тоот гэх мэтчилэн хаягаа хэлдэг болно.
Цаашилбал Хархорум хотын бүсчлэлийн дүрэм хэмээх зүйлийг баталж хууль мэт мөрдүүлэх юм байна. Улаанбаатарт хот доторхи бүсчлэлийн хуваарь гэдэг зүйл байдаг боловч тэр нь мэргэжилтнүүдийн сейфнээс гарч үзээгүй байсаар хэнд ч хэрэггүй болсон гэнэ. Уг нь хот доторхи бүсчлэлийн дүрэм нь тухайн хотынхоо хууль нь бөгөөд хотын цагдаа ээл дүрмийг сахиулах ажлыг хариуцдаг байх ёстой аж.
Улаанбаатарт ногоон бүс, үйлдвэрийн бүс, орон сууцны бүс гэх мэт байдаг авч, тэр бүсчлэлийг мөрдүүлэх нь байтугай газар олгох бүртээ зориуд мэт зөрчдөг болсон нь мөнөөх хуваарь нь дүрмийн хэмжээнд эрх зүйн баримт болоогүй, бүсчлэлийн хуваарийг хэн ч мэддэггүй, хэнд ч мэдүүлдэггүйгээс болдог байна. Одоохон Улаанбаатар хот маань ногоон бүсгүй дэлхийн анхны хот болох гэж байгаа. Харин Хархорумд бол бүсчлэлийнхээ дүрмийг, хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэйгээ олон нийтэд ил тод зарлаж, шаардлагатай тоогоор олшруулан худалдаалах, түгээх юм байна. Анхнаасаа л Занабазарын өргөн чөлөөний орон сууц үйлчилгээний хэсэгт хөрөнгө оруулах уу, Чингисийн талбайн өндөр барилгын хэсэгт хөрөнгө оруулах уу, аль эсвэл Өртөөчний гудамжинд гар урлалын үйлдвэрлэл барих уу гэдгээ Хархорумд очоогүй байхдаа шийдэж болох нь. Бусад олон хууль дүрэм Хархорумд тусгайлан зориулагдаж үйлчлэх юм байна.
Хот ч бас имижгүй бол зах зээлийн өрсөлдөөнд хэцүүддэг
Эртний нийслэл Хархорум дахин төрөхдөө өөрийн гэсэн содон имижтэй болох гэнэ. Хөтөлбөрийн төсөлд зааснаар зөвхөн имижийг бий болгоход зориулан уралдаан зарлах юм байна. Орчин үеийн хотууд өөрийн гэсэн имиж, донж маяг, ялгарах онцлоггүй бол жуулчин ирүүлдэг олны хөлийн газар болоход бэрх болсон. Улаанбаатар хотыг бодвол Хархорум жижигхээн, цомхон, бас соёлын аялал жуулчлалд тулгуурласан хот байх юм.
Хэдийгээр Хархорум хотын имижийн бүрдэл гараагүй байгаа ч эртний хотод бахархах онцлог их. Жишээлбэл Хархорум хот нь Орхоны хөндийн түүх соёлын дурсгалуудтай ойр учир түүхийн дурсгалын дүүрэгтэй байж болох. Бас хүмүүс Хархорум хотыг олон шашны төв болгох ёстой гэж санал ирүүлсэн гэнэ. Чухам л Хархорум хотод дэлхийн түүхэнд анх удаа олон шашны мэтгэлцээн явагдаж байсан шүү дээ.
Хархорумын иргэд, хөрөнгө оруулагчдад шинэлэг имижтэй хотод амьдарсны хишиг хүртэх ихээхэн боломж гарах нь. Түүхийн дурсгалын дүүрэг байгуулагдлаа гэхэд наад зах нь зоогийн газрууд, бүтээгдэхүүний нэрийг түүхэн үйл явдал, баатруудаар нэрлэж болно. Гадаадын хотуудад түүхэн дурсгалт дүүргүүдийнх нь гудамжны тэмдэгнээс авахуулаад автобусны буудал нь хүртэл тухайн цаг үеийн санагдуулам донжтой байдаг нь Хархорумд давтагдаж магадгүй байна. Харин ийм дүүрэгт барилга байшин барьсан тохиолдолд байшингийн дизайн, өнгө, өндөр зэрэг нь ямар байхыг хотын бүсчлэлийн дүрмээр зохицуулдаг нь Хархорумд мөн л хэрэгжих бололтой. Ер нь тэгээд зах зээлийн өрсөлдөөнд бүтээгдэхүүнээ борлуулъя гэсэн хэн бүхэнд хаана ч давтагдахгүй хотын, хаана ч давтагдахгүй гудамжинд, хаана ч давтагдахгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах нь ашигтай. Иймээс хотын имиж бол хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах каркас нь болдог байна.
Имижийн бүрдлийн хэсгүүд нь заавал үзэгдэж харагдах зүйл байх албагүй аж. Хамгийн ганган хот, хамгийн их ном уншдаг хот, хамгийн либерал хот гэх мэтийн имиж энд тэнд дуулддаг. Хархорумын нэг имиж нь авилгалгүй хот болох магадлалтай байна.
ТТүрүүч нь Ү нүүрт
Тэгвэл Монголдоо л байхгүй цоо шинэ имиж гарч ирнэ. Газрын асуудалд ч, бүтээн байгуулалтын асуудалд ч бүхнийг хотын дүрэм журмаар зохицуулаад эхэлбэл уучлаарай, энэ Улаанбаатар биш. Хархорумд байна гэдгээ ойлго, наад мөнгөө далд хийгээд дүрмээ барь гэж хэлдэг түшмэдүүд бидэнд үйлчлэх өдөр ирж магадгүй.
Улаанбаатар хотын имижийн бүрдлийн тухай яриа гарч байсныг бид огт сонсоогүй юм байна. Сүүлийн үед хэвлэлүүдэд бичсэнээр нийслэл маань Утаанбаатар гэдэг албан ёсны имижтэй болсон. Утааг нь түр мартаад бүтээсэн байгуулсан зүйлийг нь үнэлье гэтэл бас л сонин дүр зураг гарах. Зайсангийн гүүрээр өдөр бүр гарч Их тэнгэр дэх гэртээ харьж явахдаа манай эрхэм дарга нар юу хардаг гээч. Баруун талаас нь эхэлбэл өндөрт байрлах хийморийн овоо, тэгснээ уулан дээр Монгол Улс Мандтугай гэсэн бичиг, тэгээд бурхан Будда, дараа нь ногоон танк, түүний дээр өндөрт зогсох орос цэрэг, тэгээд цаашханаа бас нэг энгэр дээр Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх бичиг харагдана. Хотын зөвхөн энэ хэсэг яг юу хэлэх гээд байгаа нь тун ойлгомжгүй байгаа биз.
Ерөнхий төлөвлөгөө сайн болбол мөнгө босно, муу болбол цаасан дээрээ үүрд үлдэнэ
Хархорумыг үнэхээр жишиг хот болгохын тулд хотын Ерөнхий төлөвлөгөөг олон улсын тендер зарлаж хийлгэх гэнэ. Ерөнхий төлөвлөгөөнд гэрэл цахилгаан, ус, үеийн хамгаалалт, зам талбай, дулаан, түлш, барилга байгууламж, хог хаягдал, агаарын бохирдол, ногоон байгууламж, нисэх буудал, төмөр зам, орон сууц, худалдаа үйлдвэрлэл, соёл амралт, сургууль цэцэрлэг гээд ер нь хот гэдэг айлд хэрэгтэй бүх зүйлийг төлөвлөдөг юм байна. Төлөвлөсний дараа түүнийг бас хөндлөнгийн шинжээчээр хянуулдаг аж. Ингэсний дараа л хотод хөрөнгөө оруулахыг сонирхогч талууд Хархорумд газар авч эхлэх нь зохимжтой ажээ.
Та өнөөдөр Хархорумд газар авахдаа Улаанбаатарын газрын албаныхантай тохирдог шигээ арын хаалгадвал, маргааш таны газарт өндөр хүчдэлийн шугам тавигдсан ч байж мэдэх нь. Учир нь Хархорум хотод төлөвлөсөн төлөвлөгөөг хууль дүрэм мэт баримтлах бодлого тусгагдсан байна. Улаанбаатарт байгаа шиг газраа эхэлж хуйвалдаж авчихаад ерөнхий төлөвлөгөөгөө сейфнээсээ гаргаж ирээд нөгөөх газартаа тохируулан өөрчилж өгөхгүй.
Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөө хэн нэгний сейфэнд, газрын зураг нь нууц байдаг бол Хархорумын ерөнхий төлөвлөгөө хаа сайгүй борлогдохоор барахгүй хотын газрын кодчилсон зураг хамгийн хэрэгцээтэй ил зүйл байх нь. Хаана газар авбал би байшин барьж болох вэ гэж Хархорумын газрын албаныхныг царайчлах албагүй. Харин ч аль дүүрэгт, ямар зориулалттай байгууламжинд ямар талбай байна, түүнээс нь сонголтоо хийчихээд газар авах нь.
Сонгож авсан газартаа үйлчилгээний байгууламж баривал хэдий хэмжээний талбайг ногоон байгууламжид, хэдий хэмжээг автомашины зогсоолд зарцуулахыг нормоор зааж өгөх ба хөгжлийн бэршээлтэй хүмүүст ямар зай талбай, сандал суудал, тохь тух олгох ёстойг хотын доторхи үйлчилгээний стандартаар тодорхойлж өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, Хархорумд хөрөнгөө оруулах гэж байгаа хүн эртнээс хэдэн төгрөг гаргаж байж хотын дүрмээр оноосон шаардлагыг хангах барилга барихаа тэнд очилгүйгээр л тооцох боломжтой болох аж.
Хархорумын хүн
Хархорум хот байгуулахдаа хүнийг хөгжүүлэх асуудлыг тэргүүлэх чиглэл болгоно гэж хөтөлбөрийн төсөлд дурджээ. Хүн бол насан туршдаа суралцах, хөгжих боломжтой байх ёстой гэдгийг хотоо төлөвлөж эхлэхдээ тооцох гэнэ. Хүний хөгжлийн төвүүд, спорт амралтын талбай, гүйлтийн зам талбай гээд Улаанбаатарт сураг нь дуулдаж байгаагүй зүйлсийг Хархорумд байгуулах юм.
Бас Хархорумын хүн тахир дутуу байвал бусадтай адилхан эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүйгээр хот дундуураа чөлөөтэй явж, ажлаа бүтээж болно. Жишээ нь Хархорум хотод хараагүй хүн байдаг бол явган зам талбайн гарц дээр ирээд хөхөө донгодохыг сонсож зам хөндлөн гарах ба байшингийн үүдэнд тэргэнцэртэй хүн ирвэл шатаар гарахдаа хүнээр өргүүлж царай алдахгүй. Олон нийтэд зориулсан үйлчилгээний газар л бол хөгжлийн бэрхшээлтэй хэн бүхэнд орох гарах зам, хаалгыг чөлөөтэй байлгах ёстой.
Хархорумын хүүхэд хальтирч унавал хашааны ёрдгор шөвгөр шоронд хатгуулахгүй. Харин ч мөлийсөн хашааны хөндлөвч угтах ба эсвэл тэнд нь огт хашаагүй бут, мод тарьсан байж болох аж. Улаанбаатарын хүүхэд шоргор хашаанд хатгуулж гэмтэхэд Улаанбаатарт төвтэй телевизээр хашаа руу хүүхдээ унагаахгүй байхыг эцэг эхчүүдэд сануулаад өнгөрдөг бол Хархорины сэтгүүлч стандартын бус хашааг нураах ёстой гэж мэдээлэх цаг ирэх нь.
Ногоон бүс, түүх дурсгал, нисэх буудал
Хархорумыг жишиг хот болгоход төрийн бодлогоор тэргүүн зэргийн ач холбогдол өгөх бусад асуудлыг хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Хотын ногоон байгууламжинд их хэмжээний хөрөнгө оруулах, түүх дурсгалын урт жагсаалтад бүртгэгдсэн зүйлсийг хамгаалалтад авах, олон улсын нисэх онгоцны буудал бариулах гээд. Энэ бүхэн дээр өгүүлсэн шинэлэг зүйлстэй нийлээд Хархорум ямар хот байхыг төрөөс чиглүүлсэн төсөөлөл болох гэж байна. Хархорум хотын төсөөллийн тухай энэ баримт бичгийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Хархорум Улаанбаатараас өөр үнэлэмжтэй, өөр төлөвлөлттэй, өөр имижтэй хот байх нь гэдгийг хуульчлан баталгаажуулах нь. Хархорум хот босохоос гадна Хархорумын жишиг Монголыг босгох цаг айсуй.
Г.ГАНХҮҮ
(өдрийн сонин 2005-10-13 246)