МАХН-ын бүлэг ч задарчихаж байгаа юм биш биз
АН-ын бүлэг яагаад, ямар үндэслэлээр Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өчигдөр тус намын дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн үгийг сонслоо.
Тэрээр энэ асуудлыг хөндөхдөө өнөөдрийн биш 15 жилийн өмнөх улс төрийн үйл явдлыг сөхөж байлаа. Мөн зөвшилцөлтэй холбон ойлгох хэрэгтэй гэсэн мессежийг Ардчилсан намын дарга өгч байв. Юу гэвэл анхны парламент болох Улсын Бага хурал олонхи цөөнх гэлтгүй намуудын төлөөллийг оролцуулан анхны Засгийн газраа ардчилсан хүчний хүмүүсийг Шадар сайдаар ажиллуулан эхэлж байлаа шүү дээ гэсэн юм. Харин 2004 оны сонгуулиар олон түмэн ийм зөвшлийг, зөвшилцлийн ардчиллыг хүссэн сонголтыг хийсэн. Бид олны энэ сонголтыг хүндэтгэх учиртай. Тиймээс ч Их эвслийг байгуулж хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн. Хариуцлага хүлээж олон түмнээсээ сонгогдсон намын хувьд АН энэ хамтарсан Засгийн газраа тогтвортой ажиллуулж мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Гэтэл хуулийн тодорхой бус орчин бидэнд УИХ-д бүлэг байгуулах боломжийг олгосонгүй. Ардчилсан нам УИХ дахь төлөөллийнхөө хувьд олны эрх ашиг, үүнээс үүдэлтэй тэдний сонголтыг бүхнээс дээгүүр тавих нь зүй ёсных. Өөр зам байхгүй, бэрхшээлийг давна гэж онцолж байна.
Тэрээр Үндсэн хуулийн Цэцээс гардаг аливаа шийдвэрийг улс төрийн эрх зүйн хувьд эрх чөлөө, ардчиллын дээд цааз бичиг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө мөнхүү олны эрх ашиг, хүсэл зориг, сонголтыг басхүү хүндэтгэх учиртай гэж байлаа.
Ардчилсан намын дарга өнөөдөр манай улс төрд болж буй үйл явц парламентыг сулруулах гээд байна гэдэгт эмзэглээд үүнийг олон түмэн ч тэр, МАХН ч тэр, АН ч тэр, хэн ч хүсэхгүй байгаа нь цорын үнэн гэж тэмдэглэж байна. Үүнийгээ тэрээр Цэцийн шийдвэр, дүгнэлт нь парламентад суудалтай намын бүлгийн асуудлыг халах маягаар гарлаа гэхэд энэ нь дараа дараагийн парламентад энэ байдлаар нөлөөлөхгүй гэх газаргүй хэмээн тайлбарлаад эрх зүйн ийм зөв зохицуулалтгүй бол парламентын бүтэц болон үйл ажиллагаа хэврэг, үлбэгэр, сул болно, гол нь сонгогч түмний өмнө хүлээсэн тэдний хүсэл зоригийн үүргийг биелүүлж чадахгүйд хүрнэ гэлээ. Олон түмний сонголтоор улс төрийн хоёр гол нам 2004 оны сонгуулиар бараг ижил санал авч хамтарсан УИХ болон Засгийн газрыг бүрдүүлсэн, нэг бүлэг ч болж үзлээ. Энэ үүднээс өнөөдөр тэр хоёр гол намын нэгнийх нь бүлэг байгуулах эрхийг (ийм эрхийг нэг талаар ард түмэн ч олгож сонгосон билээ) цуцалж байгаагаараа үлдэж буй МАХН-ын бүлэг ч автоматаар задарчихаж байгаа юм биш үү
Ийм санааг Ардчилсан намын дарга өгч байна. Үйл явдал хэрхэн өрнөхийг харах үлдлээ. Олны сонголтоос үүдэн хамтарсан төр, засгийг байгуулж байсан МАХН одоо болохоор Цэцийн шийдвэрийг гар тосон хүлээн авч байгаа нь санаатай ч юм шиг. Арай зохион байгуулалттай үйлдэл биш биз гэдгийг үйл явдал харуулна. Ямартай ч АН-ын даргын хэлснээр төр, засгаа тогтворгүй болгох гэсэн санаа биш биз Үүнийг лавтай Ардчилсан нам хүсэхгүй байгаа нь ард түмний тал хувийн саналыг авсан, ардаа олон мянган гишүүд, дэмжигчидтэй АН-ын даргын үгнээс харагдаж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-13 246)