Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв?
Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай
хуулийн төслийг хэлэлцэв
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Зохиогчийн эрхийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулагдаж чадаагүй, тодорхой бус зохицуулалтаас шалтгаалан зохиогч, бүтээл туурвигчдын хууль ёсны эрх, ашиг сонирхол тэр болгон бүрэн хамгаалагдаж чадаагүй байгаа аж. Ялангуяа албан үүргээ гүйцэтгэх явцад болон хэд хэдэн этгээд хамтран бүтээсэн, санхүүжүүлэгч газрын захиалгаар бүтээсэн кино, урлагийн бүтээлийн эрх зүйн зохицуулалт тодорхой бусаас энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд төвөгтэй байдал үүсдэг байна. Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, хууль бусаар орлого олох явдал сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Гадаад орны нэрд гарсан хамгийн сүүлийн үеийн кино, дуу бичлэгийг хуулбарлан цацах, бусад байдлаар хууль бусаар ашиглах нь нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөхөд хүрч байгаа аж.
Монгол Улс оюуны өмчийн олон улсын тогтолцоонд нэгдэн орж, 2002 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн гэрээ, Тоглолт дуу авиа, дүрс бичлэгийн эрхийг хамгаалах тухай гэрээнд тус тус нэгдэж, зохиогчийн эрхийг интернэтээр хамгаалах үүргийг хүлээсэн байна. Үүнтэй холбогдон Зохиогчийн эрхийн тухай хуулийг дээрх гэрээнүүдтэй нийцүүлэх шаардлага гарчээ.
Патентын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Патентын тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаан дээр гарсан саналыг тусган, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Патентын тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 1996, 1999 онуудад нэмэлт өөрчлөлт орсон юм.
Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд хуулиар зохицуулагдаагүй үлдсэн болон тодорхой бус байдлаас зарим асуудлыг шийдэхэд төвөгтэй нөхцөл үүссэн бөгөөд нөгөө талаар олон улсын Патентын эрх зүйн зохицуулалт улам боловсронгуй болж, шинжлэх ухаан, техник, технологи хурдацтай хөгжиж байгаа зэрэг нь аж үйлдвэрийн өмч тэр тусмаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай бүтээлийн, загварын эрхийн хамгаалалтын зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага бий болж байгаа аж.
УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөнө
Бүтээгдэхүүний загварын бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээрийн 1999 оны Женевийн актад нэгдэн орох тухай хэлэлцээд Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
Манай улс Гаагийн хэлэлцээрийн 1960 оны Гаагийн актад 1997 онд нэгдэн орсон байна. Ингэснээр гадаадын бүтээгдэхүүнйи загварыг манай улсад бүртгүүлж эрхийн хамгаалалт олгох, үндэсний бүтээгдэхүүний загварыг гадаадын орнуудад хамгаалуулах боломжтой болсон юм. Одоогийн байдлаар Монгол Улсын нэрийг зааж олон улсын хадгалалтын журмаар 2000 гаруй бүтээгдэхүүний загварын материалыг хүлээн авчээ.
Оюуны өмчийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болж буй өнөө үед манай улс цаашид Гаагийн хэлэлцээрийн 1999 оны Женевийн актад нэгдэн орсноор үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний уламжлалт загварыг холбогдох хуулийн шаардлагад нийцүүлж хөрш орнууд, Япон, Европын холбоог нэр зааснаар нэг мөр хялбар, хямд замаар шууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоонд бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэх боломжтой болно. Мөн олон улсын мэдүүлгийг электрон хэлбэрээр авч эхлэх нөхцөлд цаашид цаасгүй үйл ажиллагаанд шилжих, мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд ч тус дөхөм болох юм. Монгол Улсын нэрийг заасан мэдүүлгийн тоо болон хураамжийн хэмжээ бас нэмэгдэх аж. Үүний зэрэгцээ БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг орны үйлдвэр, компанийн бүтээгдэхүүний загварын олон улсын мэдүүлгийг шинээр хүлээн авах магадлал ч нэмэгдэх юм байна.
Иргэний нисэхийн аюулгүй байдлын Үндэсний хөтөлбөр батлав
Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенцийн хавсралтад нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан, Иргэний нисэхийн тухай хуульд заасныг үндэслэн Иргэний нисэхийн аюулгүй байдлын Үндэсний хөтөлбөрийг баталсан тогтоол гаргалаа.
Энэхүү хөтөлбөр нь иргэний нисэхийн салбарыг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ юм байна.
2001 оны 9-р сард АНУ-д тохиолдсон террорист үйл ажиллагаанд иргэний агаарын хөлгийг ашигласан нь нисэхийн аюулгүй байдлын хангалтад тавигдах хяналтыг өндөржүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог нягтруулахыг шаардаж байгаа аж.
Хөтөлбөрийг боловсруулахдаа иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэгийг зорчигч, ачаа тээшинд олон улсын ба орон нутгийн гэж ялгахгүй бүрэн хийх, агаарын хөлгийн нисгэгчийн бүхээгийг хамгаалах, агаарын хөлгөөр зэвсэг тээвэрлэх асуудлыг зохицуулах, аюулгүй байдлын үзлэгийг хийх ажилтнуудад тавигдах шаардлага зэрэг олон зүйлийг шинэчлэн тусгажээ. 1999 оны хөтөлбөр нь 10 бүлэг, 40 заалттай байв. Энэ шинэчилсэн хөтөлбөрт 3 бүлэг нэмж, 2 бүлгийг нэгтгэн шинээр боловсруулсан байна.
Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөрийг батлан, хэрэгжилтийг хангаснаар агаарын тээвэрлэгч, нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тухай олон улсын шаардлагад нийцүүлсэн зохицуулалтыг тодорхой болгоно.
Иргэдийн санал, хүсэлтийн 88,4 хувийг шийдвэрлэжээ
Иргэдээс 2005 оны гуравдугаар улиралд Засгийн газарт хаяглан ирүүлсэн өргөдөл, гомдол, санал түүнд тусгагдсан асуудлын талаар хэлэлцлээ.
Засгийн газарт 700 гаруй асуудлыг тусгасан 660 шахам захидал ирүүлсний 88,4 хувийг шийдвэрлэж, зохих хариуг нь өгсөн байна. Иргэдийг хүлээн авах байранд энэ оны гуравдугаар улиралд 211 хүн ирж, 217 асуудлаар санал гомдол, хүсэлт тавьжээ.
Иргэдийн санал, хүсэлтийн 22,1 хувийг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой асуудал эзэлсэн аж. Иргэд Засгийн газарт хандаж хууль тогтоомж зөрчигдөн, гэмт хэрэг өсч, сахилга дэг журам алдагдаж байгаа талаар санаа зовнисон олон санал илгээсэн байна. Мөн орон нутгийн төрийн захиргааны байгууллага, ажилтнуудын шийдвэр, үйл ажиллагаа, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, байгаль орчин, ой модыг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна.
Ийн улс орны байгалийн нөөц баялгийн чанарыг алдагдуулахгүй байх, үр өгөөжийг нь дээд зэргээр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн салбарын өсөлт, хөгжил, улс үндэстний сайн сайхан аж байдлыг хангах, дэд бүтцийн салбарын биет үнэт зүйлсийг бий болгон хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг баяжуулан дээшлүүлэх, үндэсний эрхэмлэн дээдлэх зүйлсийг хадгалан хамгаалах талаар гаргасан иргэдийн санал, хүсэлтийг төр, засгийн бодлого, шийдвэрт тусгаж байх нь зүйтэй талаар хэлэлцлээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба 2005.10.12