хуурамч арматур төмөр нь шинэ барилгын нурах үндэс болж байна.
Эдгээр гэмтэл нь тэгвэл юунаас болоод гараад байгааг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал иргэдэд шалтаг шалтгааныг нь тайлбарлалаа. Тайлбар нь их амархан бөгөөд байшингийн гол суурь болох арматурын чанарт байгаа юм байна. Учир нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрийг барин, чанаргүй хуурамч арматур худалдаалж буй жижиг үйлдвэрүүд өдрөөс өдөрт олширсоор байна. Жилдээ 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь барилгыг бат бэх, аюулгүй байлгах гол суурь болох төмөрбетоны арматур билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматур 2001 онд 6 мянган тонн борлогдож байсан бол 2004 онд 24 мянган арматур борлогдсон нь Монгол улсад барилгын ажил ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой байна. Гэтэл сүүлийн үед чанарын баталгаагүй, чанаргүй арматур үйлдвэрлэдэг 30 орчим төмрийн жижиг үйлдвэрүүд бий болоод байна. Эдгээр жижиг үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ борлуулахдаа зориуд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн чанарын тэмдэг болон арматур дээрхи хээг хүртэл ижил хэмжээтэй хийж худалдаанд гаргаж байгаа юм байна. Эдгээр үйлдвэрүүд арматурын НӨТ-ийн үнээс 50-60 мянган төгрөгөөр доогуур үнээр худалдах бөгөөд их хэмжээгээр авсан тохиолдолд тонн тутамд нь 100 мянган төгрөг урамшуулал хэмээн буулган борлуулж байгаа юм байна. Энэ хуурамч арматур худалдаалах аргыг нь мэдэхгүй барилгын комданиуд их хэмжээгээр авч барилга даа ашиглан өнөөх барилга нь иргэд мөнгөө өгч дуусав уу, үгүй юу цууран, нуран унах болоод байна. Гол нь эдгээр хуурамч материалуудыг жинхэнэ юм шиг хятад үйлдвэрүүд үйлдвэрлэн байгаад гол шалтаг байна гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Ш.Батдэлгэр хэлж байсан. Иймд барилгын байгууллагууд арматур худалдан авахдаа гаднах хээнээс нь гадна багц боодолд үүссэн шошго, хамгийн гол нь стандартанд тохирсон болохыг нотолсон эх тамгатай тохирлын гэрчилгээтэй байх ёстойг онцгой анхаарах хэрэгтэйг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд ард иргэдэд сэрэмжлүүлсэн.
Манай улсад жилд хэрэглэгдэх арматурын хэрэглээ 50 мянга орчим тонн байдаг. Тэгэхээр жилд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр дангаараа улсынхаа хэрэгцээг өлхөн хангах боломжтой бололтой. Гэхдээ гаднаас оруулж ирдэг төмөр хайлуулах туслах тоног төхөөрөмжүүдийн гаалийн татвар өндөр байдгийн улмаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматур 600-800 мянган төгрөг буюу бусдаас арай өндөр үнэтэйгээр худалдаалагддаг. Харин хуурамч арматур нь зах зээлд 400-500 мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. Гэхдээ үнэ дагаад чанар нь сайжирдагийн жамаар тус үйлдвэрийн арматур нь сайн давтагдсан, олон жилийн баталгаат чанартай бүтээгдэхүүн юм. Хэрэв төмөр хайлуулах туслах тоног төхөөрөмжүүдийн гаалийн татварыг багасгавал арматурын үнэ ч буурах боломжтой гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд нь ярьж байсан. Тиймээс ард иргэд ээ та бүхэн нэг насны гал голомтоо хэдэн сарын дараа нуран унах шавар хайрцагаар үнэ цохин худалдан авах уу? аль эсвэл насан туршдаа сүндэрлэн босох орд харштай болох уу? гэдэгээ хэдэн төгрөгний зөрүүгээр бүү шийдээч хэмээн хүсэж энэхүү сэргэмжлүүлэг гэмээр мэдээг хүргэлээ.
Т.Оргил /olloo mn/