Аутсорсингоор олон мянган ажлын байртай болох бололцоо Монголд байна
аутсорсингийн аргаар олон хүнийг ажилтай болгох талаар санаа дэвшүүлснийг манай сонин үүний өмнө товч мэдээлсэн билээ. Уншигчдын хүсэлтээр бид энэ аргыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
ШИНЭ САНАА, ШИНЭ БОЛОМЖ
Эрхэм гишүүн манайдаа шинэ бизнесийн энэ аргыг хэрэгжүүлснээр Монголд 400 ам.долларын цалинтай ажилтан олон мянгаар бий болж, жилд 33 сая ам.долларын хөрөнгө орно гэж байна. АНУ-ын компаниуд компьютерийн программ зохиох толгой ажлаа өөрсдөө хийж энэ төрлийн бусад хар бор ажлыг Энэтхэгийн компьютерийн программистуудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг байна. Энэ аргыг хэрэглэснээр Энэтхэг улсад өнгөрсөн онд 15 тэрбум ам.долларын орлого оржээ. Энэтхэгийн дараагаар аутсорсингийн ажлыг авч хийснээр амжилт олсон Канад, Ирланд, ОХУ, БНХАУ, Филиппин, Исланд зэрэг улс мөн тэрбумаар тооцогдох ашиг олж байна. Энэ аргыг нэвтрүүлэхэд ердөө компьютер, англи хэлний гүнзгий биш гэхэд харилцах хэмжээний мэдлэг хэрэгтэй. Өөр нэг их зардал, хөрөнгө шаардагдахгүй. Ялангуяа ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш орноосоо хараат байдаг манай улсын хувьд тээврийн зардал гаргахгүйгээр бараг гэр, албан өрөөндөө сууж байгаад тээвэрлэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлого олж ажлын байртай болох нь. Дээр дурдсан улсууд бизнесийн энэ аргыг нэвтрүүлсэн нь англи хэлтэйнх. Энэтхэг, Канад, Ирланд, Исланд зэрэг улс англи хэлний угшилтай учир энэ бизнесийг эрхлэхэд төвөг учирсангүй. Хөрш ОХУ, БНХАУ-ын хувьд англи хэлний багахан мэдлэгээс гадна өдрөөс өдөрт түрэн орж ирж буй компьютерийн дэвшил голлон нөлөөлжээ. Газрын тос, загасны аж ахуйгаар амьдарч байсан Ирланд, Исланд улсууд өнөөдөр голлох тэр аж ахуйнууд нь зогссоноор аутсорсингоор амьдрах болжээ.
БИДНИЙ ХИЙХ АЖИЛ ЮУ ВЭ?
Энэ нь Аутсорсинг гэж чухам юуг хэлээд байгаагаас эхэлнэ. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн компанийнхаа дотооддоо хийж ирсэн ажлыг хөгжиж буй гадны орны компани, хувь хүмүүсээр гэрээлэн хийлгэхэд аутсорсингийн учир утга оршиж байна. Ингэснээр хөгжилтэй орнуудын компаниуд ажлаа хямд хүчээр хурдан, шинэ сэтгэхүй толгойгоор илүү сайн хийлгэдэг байна. Хөгжиж буй улс орны хувьд нялх, шинэ сэргэг мэдлэг, хөгжиж буй боломжоо ашиглаад амар их ашиг олох гээд хэн хэндээ өгөөжтэй байдагт дээр өгүүлсэн Энэтхэг улсын жишээ орно.
Аутсорсинг нэвтрүүлэхэд тухайн гүйцэтгэгч мэргэшсэн байх ёстой. Энэ нь нөгөө бидний хэлээд байгаа компьютер, англи хэлний харилцах хэмжээний мэдлэг юм. Компьютер эзэмшихийн тухайд монголчууд бид хэнээс ч дутахгүй болж байгаа. Төр, засгаас өрх бүрийг компьютержүүлэх Цахим Монгол хөтөлбөр эхлүүлж энэ чиглэлд хэрээрээ зүтгэж байна. Англи хэлний жаахан мэдлэгтэй, компьютер дээр мэргэшилтэй байх хэрэгтэй, үүнийг яах вэ? Үүнд З.Энхболд гишүүн аутсорсингийн зах зээл дээр ажиллах чадвартай боловсон хүчнийг гадаадад яаралтай бэлтгэх хэрэгтэй гэсэн хариултыг өгч байна. Түүний санал болгосноор аутсорсингоор мэргэшээд байгаа Энэтхэг рүү 10 мянган монгол оюутанг дээд тал нь хоёр жилийн хугацаатайгаар явуулж бэлтгэхэд нэг оюутны сургалт, амьдрах зардал хоёр мянган ам.доллар орно. Эдгээр 10 мянган оюутны зардлыг Эрдэнэт үйлдвэрийн нэг жилийн ногдол ашгаар элбэг санхүүжүүлэх боломжтой гэж үзэхэд 10 мянган оюутнаас эх орондоо долоон мянга нь ирж аутсорсингоор ажиллахад сарын 400 ам.долларын цалинтай (аутсорсингоор ажиллаж буй америк ажилтны цалин цагийн 10 доллар байхад Энэтхэг ажилтных хоёр доллар байдаг байна. Энэ нь сарын 400 ам.доллар болж байна) тухайн монгол ажилтнуудын цэвэр орлого нь 33,6 сая ам.доллар болж байх жишээтэй. Цаана нь улсад татвар, шимтгэл гээд орлого, хөрөнгө орж ирнэ. Энэ бол Мянганы зам-аас илүү улс оронд өгөөжөө түргэн өгөх оюуны том хөрөнгө оруулалт юм гэж УИХ-ын гишүүн онцолж байна.
МОНГОЛООР ДАМЖУУЛЖ ДЭЛХИЙГ ХОЛБОЁ
Аутсорсингийн тухай яриандаа эргэн ороход энэ нь дотроо программ хангамжийн (software deүelopment outsourcing), бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг (business process outsourcing), интернэт төв болон мэдээлэл, технологийн хэлтсээр аутсорсинг хийх (IT outsourcing), телефон утсаар үйлчилгээ үзүүлэх (Call center) гэсэн үндсэн дөрвөн хэлбэрээр явагддаг байна. Телефон утсаар үзүүлэх үйлчилгээ нь гэр ахуйн засвар, цахилгаан, орон сууц, гар утасны төлбөрөө төлөх, онгоцны тасалбар захиалахаас эхлээд бараа, үйлчилгээ борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж улмаар мөн борлуулах замаар телемаркет байгуулж болно. Үүнийг зөвхөн дотроо бус гадныхыг бодвол хэлний авъяастай, англи, солонгос, япон, орос хэлний дөр-тэй монгол операторууд АНУ, Япон, БНСУ, ОХУ-ын хэрэглэгчдэд дэлхийн улсуудыг холбосон улс хоорондын дээрх төрлийн үйлчилгээг үзүүлж болох нь ээ. Эх орноосоо явахгүйгээр шүү. Ийм төрлийн үйлчилгээнүүд таныг интернэтээ залгахад л хүлээж байна. Тэнд ийм программ зохиоход ийм ажил дутуу байна, танд 660-аас1500 ам.долларын хөлс өгье гээд хүлээж байна. Таны ажлын хөлсийг тэр дор нь банкаар дамжуулан гуйвуулчихна. Ийм төрлийн үйлчилгээг манай банкууд газар сайгүй үзүүлж байгаа шүү дээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-14 247)