Айвенхоу майнз АМХЭГ-ын дэд даргыг өөрсдийн төлөөлөгч гэдгийг зарлажээ
Гэхдээ ийнхүү хаалттай хуралдах болсон шийдвэр нь гэнэтийнх. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Монгол Улсын төрийн бодлого алдагдсан хэмээн мэдэгдсэн О.Энхсайхан гишүүн болон Ашигт малтмалын лиценз Д.Жаргалсайхан, Х.Хэрлэн нарын хоёрхон хүний гарт төвлөрч байна гэсэн Батж.Батбаяр гишүүний мэдэгдэл тус байнгын хорооны энэ удаагийн хуралд сэтгүүлчид оролцвол аюул болж мэдэх нь гэсэн айдсыг МАХН-ын гишүүдэд төрүүлсэн байна. Тэдний мэдэгдэл дээр С.Отгонбаяр гишүүний УИХ-д ашигт малтмалын хуулийн хоёр ажлын хэсэг гарсан. Газрын тосны хайгуултай холбоотой материал цуглуулаад явж байгаа гэсэн мэдээлэл Т.Бадамжунай нарын гишүүдийг цочоосон тул хэвлэлийнхнийг танхимаас гаргах саналыг уулгачлан гаргажээ. Тэрхүү саналд эгдүүцсэн О.Энхсайхан, Батж.Батбаяр нарын эсэргүүцлийг тус байнгын хороонд данстай МАХН-ын гишүүд Ардчиллынхан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг шалгасан шалгалтын асуудал дээр дөрөөлөн сэтгүүлчдийн өмнө шоудах гэж байна хэмээн хардахдаа яаравчлан гар өргөж, санал нэгтэйгээр хэвлэл мэдээллийнхнийг хаалганы цаана гаргаж дөнгөсөн байна. Энэ тохиолдолд байнгын хорооныхон ойлголцотлоо хэдэн хором болох нь тодорхой.
Тэр ч утгаараа сэтгүүлчдийг гарсан хойно Батж.Батбаяр,
О.Энхсайхан хоёр нэлээд үзэлцсэний эцэст МАХН-ын гишүүд эхлээд буруу ойлгож байснаа ухаарч, ярилцаад жинхэнэ гол асуудалдаа ихээхэн шүүмжлэлтэй хандаж эхэлжээ. Ялангуяа Р.Рааш, Т.Бадамжунай нар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт төрийн бодлого алдагдаж, хариуцлагагүй байгааг хатуухан шүүмжилсэн гэнэ. Түүнчлэн Монгол Улсын газар нутаг дээрээс түүхийгээр нь төмрийн хүдэр ачиж байгаа, төмөр зам татаж Хятад руу төмөрлөгийн үйлдвэрийн баялаг болох төмрийн орд газрыг ачих төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тал дээр гишүүд, тэр дундаа Р.Рааш гишүүн эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ бүхнийг, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн талаар нэг хуудас ч материал байхгүй, төрийн бодлого уул уурхайн салбарт алдагдсаныг тус газрын шинэ дарга нь хүлээн зөвшөөрч шалгалтаар илэрч буй зөрчлүүдийн талаар дуугүйхэн сонсч суусан гэнэ. Хурлын үеэр С.Отгонбаяр гишүүн нэлээд зүйл баримттайгаар ярьсан сурагтай. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах зарчим гэрээний дагуу Монголын төсөвт огт мөнгө орж ирээгүй, ихэвчлэн зардал гэж хааж биччихээд л ард түмний нефтийн баялгийг зүй бусаар ашиглаж байгаа зэрэг ноцтой мэдээллийг энд дэлгэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дэд даргыг хатуухан донгодсон бололтой. АМХЭГ дээр Айвенхоу майнз компанийн төлөөлөгчид ирж уулзалт хийж байхдаа тус газрын дэд дарга Д.Жаргалсайханыг нэр цохож Манай хэвлэлийн төлөөлөгч гэж хэлж байсан юм байх. Тэр нь олны өмнө яаж ч чадахгүй хий толгой дохимор аядан улалзаж байсныг энэ хаалттай хурлын үеэр онцгойлон ярьсан байна. Ийнхүү учраа олохгүй хэвлэлийнхнийг хөөж гаргасан Төсвийн байнгын хороо цаг гаруй хуралджээ. Үл ойлголцол, хатуу шүүмжлэл, нэр заасан баримтууд дэлгэсэн халуухан хэлцлийн эцэст ажлын хэсгийнхэн нэгдсэн ойлголттой болж, УИХ, байнгын хороонд мэдээллээ хэлж байя, хуульд тодорхой зүйлүүдээ тусгая хэмээн тохиролцоод, эв найртайгаар тарцгаажээ.
Хэвлэлийнхнээс далд ярих гэсэн саналыг эрс эсэргүүцэж байсан О.Энхсайхан гишүүнтэй уулзаж, зарим зүйлийг тодруулан асуусан юм.
-Сэтгүүлчдийг гарахаас өмнө би үгээ хэлмээр байна. Ноцтой мэдээлэл хэлнэ гэсэн боловч Байнгын хорооны хурлаас хэвлэлийнхнийг хөөж гаргасан шүү дээ. Та тэр зүйлээ одоо хэлж өгөөч?
-Нэгдүгээрт, Үндсэн хуулинд зааснаар УИХ-ын гишүүн хууль санаачлах, түүнийгээ батлуулах онцгой эрхтэй байдаг. Төлөөллийн онцгой эрх. Үүнийг Засгийн газраас шүүн тунгааж хэлэлцдэг. Таалагдахгүй байгаа учраас Үйлдвэр, худалдааны сайд Р.Батболдоор ахлуулсан өөр ажлын хэсэг байгуулж байгаа зэрэг нь сонирхлын зөрчлийн асуудал, цаашлаад улс орны төрийн бодлогын үйл ажиллагаанд ноцтой дутагдал үүсч, гажуудаж байна гэж би албан ёсоор эсэргүүцсэн. Хоёрдугаарт, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт шалгалт хийх явцад Монгол Улсын Төрийн бодлого үндсэндээ ашигт малтмалын салбарт алдагдсан байна гэж үзэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл ард түмний онцгой өмч болох уул уурхайн салбараас Монголын ард түмэнд үр өгөөжөө маш муу өгсөөр ирлээ, Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол. Гэхдээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Монголын хамгийн том төсөв бүрдүүлэгч, хамгийн том уул уурхайн компани Эрдэнэтийн талаар ганц хуудас материал ч байхгүй. Тэнд ямар технологиор яаж олборлодог тухай юм ч байхгүй байна. Хэдэн хүн тэнд зөвхөн лицензийн наймаа л хийж байдаг. Би тодорхой жишээ хэлье. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 500 гаруй орд газрыг, социализмын сүүлийн дөчин жил хийгдсэн орд газруудыг 50 мянган төгрөгөөр ерөөсөө л тэнд ажилладаг цөөхөн хүмүүс, удирдлагуудын найз нөхөд, хамаатан садан, компани өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байх жишээтэй. Мөн улсын төсвөөс геологийн зурагзүйн судалгаа хийгдсэн 180 гаруй лиценз талбайг нэг өдөр нэг цагт ямар ч тендер зарлалгүйгээр, хуулийг ноцтой зөрчиж олгосон байна. Өөрсдөдөө тушаал гаргаж жилийн гурван хувийн хүүтэйгээр таван жил хүртэлх хугацаатайгаар их хэмжээний мөнгө зээлсэн байх жишээтэй. УИХ-ын гишүүн бид сумын сургуульд нэг сая төгрөг тусгах гэж улсын төсөв дээр яаж хэрэлдэж, бөөн юм болдог билээ. Гэтэл тэнд хэдэн эрхтэн дархтангууд ард түмний байгалийн баялгаас орж ирсэн мөнгийг хувьдаа хууль бусаар завшиж байгаа. Ерөөсөө төрийн мөнгөөр өөрсдийн үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдөө гадаадад сургуульд явуулдаг тийм заншил тогтсон байна. Уул, уурхай, газрын тос, ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын мөнгөөр жишээ нь улс төрийн намаас 100 гаруй мянган доллараар Hammer гэдэг жийп худалдаж авсан байх жишээтэй. Энэ нь төсвийн болон төрийн өмч худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Ашигт малтмалын Лиценз олголтын газар гэхэд Айвенхоу майнз гэдэг компани ашиглалтын лиценз аваад хуулийн дагуу 90 хоногийн дотор техник, эдийн засгийн үндэслэлээ өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл өгөөгүй, бүр хоёр жил өнгөрч байна. Одоо арваннэгдүгээр сарын дотор техник, эдийн засгийн үндэслэлээ өгнө гэж хариулж байх. Нөгөөтэйгүүр, Байгаль орчны яам Монгол Улсын гүний усыг ашиглах онцгой зөвшөөрлийг олгосон байх жишээтэй. Үүний цаана авилгал бий гэж үзэж байгаа. Гүний ус авна гэдэг чинь хүн цусаа соруулаад хүнд өгчихөж байгаагаас ялгаагүй. Түүнийг нөхөх ямар ч арга байхгүй шүү дээ. Тэртусмаа говьд гүний ус өгч байгаа юм. Энэ бол ертөнцөд, экологид нөхөж баршгүй хохирол учирна гэдгийг эх нутагтаа, Монголдоо хайртай хэн ч болов ойлгох ёстой. Мөн гар аргаар алт олборлох асуудлын талаар өнөөдрийг хүртэл Монголын ашигт малтмал, уул уурхайн бодлогыг явуулж байх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Үйлдвэр худалдааны яам юу ч хийгээгүй. Өнөөдөр ч ярьсаар байгаа хэрнээ хоёр жилийн хугацаанд бас юу ч хийхгүй байна. Ер нь энэ мэтчилэн ноцтой маш олон асуудал бий.
-Та энэ тухайгаа хэвлэлийнхний дэргэд хэлье гэж хүссэн байж. Гэтэл сэтгүүлчдийг хөөж гаргасан. Тэднийг гаргаж байгаад ярих гэсэн асуудал нь Байнгын хорооны хувьд юу байсан юм бол?
-Яахав, энэ бүхнийг нуух, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай холбоотой бусад маш ноцтой материалуудыг сэтгүүлчдээс нууж далдлах гэсэн оролдлого байсан болов уу л гэж бодож байна. Хоёрдугаарт, тэнд байсан УИХ-ын бүх гишүүн уул уурхайн салбарт төрийн бодлого алдагдсаныг өнөөдөр улс төрийн нам, эвсэл гэдэг утгаараа биш, улс эх орны эрх ашиг гэдэг үүднээс илэрхийлж байсан.
-Тэр бүхнийг хэвлэлийнхнээс нуух шаардлагагүй биз дээ, уг нь?
-Тийм. Бид сэтгүүлчдээс нуусан 15 жилдээ юу олов гэхээр ерөөсөө л гэмт хэргийн шинж чанартай хууль бус үйлдэл. Түүний үр дүнд Монголын ард түмэн хохирч байна, тодорхой хэдэн хүн сүүлийн 40 жил төсвийн мөнгөөр хийгдсэн судалгааны үр дүнд бий болсон 500 гаруй орд газар, хайгуулын ажлын талбайнуудыг хууль бусаар авчихсан байна.
-Нэг өдөр, нэг цагийн дотор 180 лицензийг хууль бусаар олгосон талаар танд баримт хэр бий вэ?
-Жагсаалттайгаа, нэр устайгаа, ямар газар, ямар хэмжээний талбай авсан гээд бүгд бий.
-Тэр их лицензийг иймхэн хугацаанд амжуулсан байна гэж үү?
-Өө, маш хурдан, маш богино хугацаанд хийсэн байгаа юм.
-Та баримтуудаа дэлгэхгүй юм уу?
-Одоохондоо хэрэггүй биз дээ.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-14 247)