Төр үүргээ биелүүлж, ахмадуудынхаа төлөө тодорхой зүйл хийх нь буруу гэж үү
-УИХ-ын чуулганаар 2006-ны Эрүүл мэндийн төсөв ямар байдлаар орж ирсэн бэ? Дараа жил ер нь Гал алдахгүй төсөв болж чадсан уу?
-Эхлээд улсын төсвийн хувьд 2006 оны төсөв ямар байдалтай орж ирсэнийг товчхон хэлэх нь зүйтэй байх. Юуны өмнө 2006 оны төсөв өмнөх жилүүдэд бий болсон улс орны эдийн засгийн тогтворжилтыг хадгалах шинжтэй байна. Энэ бол бага ч гэсэн ололт юм. Нөгөөтэйгүүр, хамтарсан засгийн газрын үе дэх улс төрийн шийдлийн нэг татварын орчинг боловсронгуй болгох үзэл хандлагыг бодолцсоноороо онцлогтой төсөв болсон. 823,000 хүн ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авахаар төсөвт суугдсан зэрэг нийгмийн салбарын төсвийн зардал харьцангуй өссөн байна билээ.
Эрүүл мэндийн төсөв нь 2006 онд 86 тэрбум төгрөгөөс 90 тэрбум төгрөг болж 4.6%-иар өссөн нь өмнөх онуудын өсөлтөөс харьцангуй бага байна. Эмийн үнэ, ажил үйлчилгээний зардал өссөн. Тэр тусмаа улсын төсвөөс санхүүжилт олгодог эмчилгээ үйлчилгээний зардал өссөн байдалтай байна. Нийт төсөв маань өөрийн чинь асуудгаар гал алдахгүй байх түвшинд л байна.
Нийгмээрээ бэлэнчлэх тэжээлгэх сэтгэлгээг багасгах, салбарууд бүгд нөөцөө бүрэн дайчлах, орлогоо нэмэгдүүлэх хүрээнд бодлогыг чиглүүлэхгүй бол болохгүй нээ гэдэг нь эндээс харагдаж байгаа байх аа.
-Тэгэхээр эрүүл мэндийн салбарт ямар нэгэн хөрөнгө оруулалтын ч юмуу, шинэчлэл хийх боломж муу байна гэсэн үг үү?
-Шууд утгаар нь ойлгож болохгүй л дээ. Салбарын бодлогын шинэчлэл зөвхөн төсвөөс хамааралтай явбал нилээд хэдэн жил энэ байдлаараа байх болов уу. Хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийгдэх ёстой. Гэхдээ яаж хийх вэ гэдэг дээр бодох ёстой. Энэ бол бодлогоор, стратеги гаргаж шийдэх асуудал. Хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг дан ганц одоогийн төсвийн эх үүсвэрээс бүрдүүлж чадахгүй. Тийм учраас бусад эх үүсвэрийг татан оролцуулах шаардлагатай. Харин татан оролцуулах арга зам нь ямар байх вэ гэдэг нь бидний тавьж буй зорилтоос хамаарна. Чөлөөтэй ямар нэгэн хяналт, төр засгийн зохицуулалтгүйгээр хаяж болохгүй.
Төсвөөс гадна зээл тусламжийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн үр ашгийг бий болгосон зөв менежментийн бодлого зохицуулалтаар л олон зүйлийн хувь заяа шийдэгдэнэ.
Хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийг хүн амд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд төр засгийн оролцоо зайлшгүй гарч ирж байгаа юм.
Эрүүл мэндийн төсвийн зардалд хөрөнгө оруулалт таван хувь эзэлж байгаа юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж, байшин барилга засах, түргэний машин зэрэгт нийт 400-гаад сая төгрөг л төсөвлөгдсөн. Техник технологийн шинэчлэл, шинэ тоног төхөөрөмж авах бодлого энэ төсвийн хувьд бүрэн чадамжтай биш. Гэхдээ дээр би хэлсэнчлэн зөвхөн нэг жилийн төсвөөр хөрөнгө оруулалт, технологи, бүтцийн шинэчлэлийг хийж чадахгүй шүү дээ.
-Хөрөнгө оруулалтаа нэмж болдоггүй юм уу?
-Төсөв нь зардлын зүйл ангиар зохиогдож орж ирж байгаа юм. Салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс зүйл ангиудыг хооронд нь гүйлгэж зохицуулах эрх байхгүй учраас хөрөнгө оруулалтыг бие дааж нэмхэд бэрхшээлтэй. Гэхдээ манай яам эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэчлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох стратегийг ХНХЯ, СЯ, УНДЕГ-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү стратегийн хүрээнд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх асуудал яригдах учиртай.
-Эмч нарын цалин нэмэгдэх үү?
-Засгийн газар ирэх онд багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 7.5 хувиар нэмэх төсөв оруулж ирж байна. Нийтдээ 12 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна билээ. Энэ бол хязгаарлагдмал тогтмол орлогын нэмэгдэл. Мэдээж хэрэг дахин нэмэгдүүлэх шаардлага бол байна. Бид эмч, ажиллагсдынхаа цалин амьжиргааг дээшлүүлэхийн тулд нэг талаас эмч ажиллагсдын чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг цалинтай холбож, мөн эмнэлэгт очиж буй бодит орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна, харин нөгөө талаас эмч ажиллагсдаас хүлээж буй үр дүн, тэдний хүлээх хариуцлагыг дээшлүүлэх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Эрүүл мэндийн яам эмч, эмнэлгийн ажиллагсдын цалингаас гадна бодит орлогыг ямар байдлаар нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр олон талаас нь ажиллаж байна. Тухайлбал, төлбөрт үйлчилгээг ил тод нээлттэй, хяналттай, эрх зүйн хэм хэмжээг ойлгомжтой болгох, даатгалын сангаас санхүүжигдэж байгаа ажил үйлчилгээг оновчтой болгох, тарифыг нь чанар үйлчилгээтэй нь холбон нэмэгдүүлэн санхүүжүүлэх бодлого байж болох юм. Энэ бодлого хэрэгжиж чадвал эмч, эмнэлгийн ажиллагсдын бодит орлого харьцангуй нэмэгдэх боломж бий. Гэхдээ төлбөртэй үйлчилгээ бол бодлогын асуудал гэдгийг анхаарах хэрэгтэй л дээ. Ямар зорилт тавихаас хамаараад төлбөртэй үйлчилгээ янз бүр байж болно. Манай орны хувьд бид төлбөртэй үйлчилгээг нэмж болно, гэхдээ ямар тусламж үйлчилгээнээс вэ гэдгээ сайн бодож ярилцах хэрэгтэй. Хүн ам цөөхөн өвчилдөг, эрүүл мэндэд ач холбогдол багатай тусламж үйлчилгээнд иргэдээс төлбөр авч болно. Харин нэн шаардлагатай тусламж үйлчилгээг бүх хүн ам тэгш хүртээмжтэй авах ёстой, тэгэхлээр тэр үед иргэдээс төлбөр авах нь зохимжгүй байх болов уу.
-Төлбөртэй үйлчилгээний талаар хүмүүс янз бүрийн ойголттой, төлбөртэйгээ дүйцсэн чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэж гомдоллодог?
-Эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээний чанарыг хангахад дан ганц өндөр төлбөр хангалттай биш л дээ. Тусламж үйлчилгээний чанарыг хангахын тулд бусад хөшүүргүүд байх ёстой, тухайлбал, тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт, эмнэл зүйн удирдамж мөрдүүлэх, хөндлөнгийн мэргэжлийн аудит хийлгэх, хувь хүнээр бус гуравдагч мэргэжлийн байгууллагаар санхүүжилтийг эмнэлэгт шилжүүлэх зэрэг арга хэмжээг давхар авах ёстой байдаг. Эрүүл мэндийн салбарт хэрэглэгч ихэнхдээ эмчийн хэлсэн үгээр байдаг учраас хоёр талын мэдээллийн тэнцвэртэй байдал алдагддаг тул хөндлөнгийн мэргэжлийн байгууллага чанарын хяналт тавьж санхүүжилтийг хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ эмнэлгийн тоо, хэвтэн эмчлүүлсэн тохиолдол их болох тусмаа энэхүү хяналтыг тавихад бэрхшээлтэй болдог л доо. Тийм учраас манай яам тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хөндлөнгийн хяналтаас гадна санхүүжилтийн хөшүүргийг гол бодлогын арга хэрэгсэл болгохоор ажиллаж байна. Санхүүжилтийг оновчтой болгосноор эмнэлэг болон эмч нарын чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх сонирхлыг тэдэнд төрүүлэх учиртай юм. Тухайлбал, өнөөдөр улсын төсөв болон ЭМД-ын сангаас эмнэлгүүдэд өгч байгаа санхүүжилт тусламж үйлчилгээний үр дүн, чанартай уялдахгүй байгаа гэдгийг наад захын үйлчлүүлэгч л ойлгодог, хариуцлага чанарын шаардлага тавьдаг болсон байна шүү дээ.
Иймд манай яам тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн шинэчлэлийн бодлого боловсруулаад асуудлыг цогц байдлаар шийдэхээр ажиллаж байна. Санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхдээ олон цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгаа. Эмчээ, эдийн засгаа, менежментээ, маркетингаа, технологийн шинэчлэлээ, хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгоход дэс дараатай оновчтой бодлого арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлогооны багаж, техник хорогдож байна. Хүмүүс хувиараа оруулаад ирэхлээр ЭМЯ хүнд суртал гаргадаг гэж гомдол гаргаж байгаад та ямар тайлбар өгөх вэ?
-Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинэ техник нэвтрүүлэх асуудлыг цогц байдлаар нь шийдэх шаардлагатай байдаг юм. Тухайлбал, тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтэн нь байна уу, техникт хэрэгтэй бодис материал нь стандарт шаардлага хангаж байна уу, тоног төхөөрөмжийн баталгаат засвар, багаж сэлбэг олох асуудлаа шийдсэн эсэх гэх мэт олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх шаардлагатай. Дан ганц хоёр тоног төхөөрөмж оруулж ирээд хүмүүст тусламж үйлчилгээг зохих түвшинд хүргэхэд бэрхшээлтэй. Ийм учраас бид бодлогоор, цогц байдлаар тоног төхөөрөмж, шинэ технологийг практикт нэвтрүүлэхийг зорьдог учиртай юм л даа.
-Гадагшаа оношлуулах, эмчлүүлэхээр явж буй хүмүүсийн урсгалыг яаж зогсоох вэ?
-Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж иргэд маань олон улс оронд явж аялж жуулчлаж мэдээлэл сайтай болсноор эмч, эмнэлгээ сонгох нь нэмэгдсэн байна. Иймээс хүмүүс аль сайн гэсэн газраа явж эмчлүүлэх, оношлуулах боллоо. Манай улсад оношлогооны өндөр мэдрэмжтэй багаж тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь үнэ. Эмч, эмнэлгийн ажиллагсдын харилцааны соёл дутмаг байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэвч энэ нь манай улсад ерөөсөө эмчлэж шинжлэж чадахгүй байна гэсэн үг хараахан биш шүү дээ. Иргэд эмчээ, эмнэлгээ сонгох эрхээ эдэлж байгаагийн нэг илрэл юм. Оношлогооны дутагдалтай байгаа багаж тоног төхөөрөмжийг ойрын хоёр жилд шийдчих байх. Үүн дээр иргэдэдээ эрүүл мэндийн боловсрол олгох талаар эрчимтэй ажиллавал 5-6 сая төгрөг төлөөд урьд хөршид очиж мэдэх мэдэхгүй хэдэн дусал хийлгэчихээд буцаад ирэхгүй болох байх. Иймд иргэдийн гадагшаа явах урсгалыг багасгах асуудал нь зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулаад зогсохгүй иргэдийн өөрсдийнх нь боловсрол ухамсарт хөрөнгө оруулалт хийх, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал гэж би үздэг.
-Сумын эмнэлэг бодлогын гадуур орхигдчихсон юм шиг санагддаг. Эмчгүй, машингүй, тоног төхөөрөмжгүй гэсэн сум их байна шүү дээ?
-Улсын хэмжээнд 321 сумын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж хөдөөгийн хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлж байна. Нэг суманд гурав хүртэл эмч ажиллах ёстой. Түргэн тусламжийн машинаар шат дараалан хангагдаж л байна. Ихэнхи суманд эмийн эргэлтийн сан ажиллаж байгаа. Үүнийг бүрэн үгүйсгэж сумын эмнэлэг хаягдсан ч гэх юмуу, ажиллах хүн хүчингүй болсон гэх мэтээр ярьж хандах нь өрөөсгөл юм. Сумын эмнэлгийг хөгжүүлэх талаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэхдээ бэрхшээл байна уу гэвэл байна. Энэ нь голчлон суманд ажиллах хүн хүчний тогтвор суурьшилтай холбоотой асуудал юм. Энэ талаар бодож санаж байгаа зүйл бий. Тухайлбал, шинээр сургууль төгсөгчдийг сум өрхийн эмнэлгээр дамжуулан дадлагажуулах, цэргийн насны залууг суманд ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаадаг болгох, хот суурин газраас гэрээгээр эмч ажиллуулах, төрийн тэтгэлгээр өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх, зэрэг цолоо ахиулах сургалтад явж буй эмч нараа тодорхой хугацаагаар хүн хүч дутмаг аймагт ажиллуулахыг санал болгох гэх мэтээр судалж байгаа зүйлүүд бий л дээ. Заримыг нь бодлогоор Эрүүл мэндийн хуулинд болон бусад хуулинд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр төлөвлөж байна.
-Ер нь эрүүл мэндийн салбартай холбоотой дээрхи чухал асуудлыг энэ засгийн газар хумиж чадах болов уу, үлдэж байгаа гурван жилд…
-Эрүүл мэндийн дээр дурьдсан тулгамдсан асуудлуудыг зөв зохистой шийдвэрлэх талаар төрийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүсийн хувьд чадах чинээгээрээ чармайн ажиллах болно. Мэдээж зарим асуудлыг хэрэгжүүлэхэд бэрхшээл зах зухаасаа учрах л байх. Аливаа асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа харилцан ойлголцол, улс төрийн хүчин зүйл нөлөөлнө шүү дээ. Эдгээр нөхцлийг бүрдүүлэхэд улс төрийн тогтвортой үйл ажиллагаа наад зах нь нөлөөлж таарнаа даа.
-Саяхан төрийн ордонд Ерөнхий сайд ахмадуудыг хүлэн авч уулзаж байхдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ахмад настны эмнэлэг байгуулах асуудлаа шийдсэн шүү. Энэ бол ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодит алхам гэж ярьж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх даалгаврыг Сангийн яам, ЭМЯ, ТӨХ нарт хугацаа зааж өгсөн. Бид ахмадуудадаа эмнэлэгтэй болгох гэж үнэхээр чармайж байна. Төсвийг нь батлаад өгчихсөн. Байрших газрыг нь заагаад гаргачихсан тогтоол гарсан. Харамсалтай нь ажлаа эхэлье, эмнэлэг төвөө ном журмын дагуу байгуулж ажиллуулъя гэтэл 1990-ээд оноос тус байрыг түрээсэлж байсан зарим хувийн эмнэлэг гарахгүй маргаан дэгдээж байгаа тал бий. Яам эдгээр эмнэлгүүдийг үндсэн хөрөнгөтэй болгож хувьчлагдаж байгаа байрандаа оруулъя гэхэд хол байна гэнэ.
Төвийн клиникийн эмнэлгүүдэд өрөө байр гаргаж өгье гэсэн үгүй заавал энэ байраа хувьчлаж авна гэнэ. төр өмчөө мэдэхгүй болчихвол төр засаг гэж ер нь байгаад хэрэг байна уу? Нөгөөтэйгүүр төрийн албанд зүтгэж, нэг ч гэсэн бодитой тодорхой зүйл хийчихье, бүтээчихье гэж ажиллаж буй хүмүүсээ сонин хэвлэлээр эрээ цээргүй дайрч, доромжилж, зарим үед улс төржүүлэх оролдлого хийн хатгаж турхирч яваа зарим нэг эмчийг гайхаж байна. Ер нь сүүлийн үед хоосон ардчилал, хүний эрхээр далайлгаж засаг төрөө дарамталж ажилд түвэг чирэгдэл учруулах явдал цөөнгүй гарах болж. Ахмадуудаа бид хангалттай төрд зүтгүүлсэн. Одоо төр үүргээ биелүүлж тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн талаар тодорхой зүйл хийх гэж буй нь буруу гэж үү?
М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-10-14 247)