Зээл тусламж авахгүй бол шороон замаар л давхицгаана даа
Мөн хэрэгжилтийн анхан шатны гурван төсөл байгаа нь гүйцэтгэгч, зөвлөхийн сонгон шалгаруулалтын ажил явагдаж байгаа Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Багануур, Хэрлэнгийн чиглэлийн зам, гүүрийн барилга угсралтын ажлууд болон судалгааны ажил нь явагдаж байгаа Герман улсын Сэргээн босголт банкны буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй Бүс нутгийн Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл юм.
Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн зээлээр хэрэгжиж байгаа Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл
Төслийн зам нь Чойроос-Сайншанд-Замын-Үүд хүртэлх 458 км, 10 гаруй гүүр, 550 орчим хоолой бүхий хоёр урсгалтай, хатуу хучилттай. Энэ замаас Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сум руу холбох 30 туслах зам баригдана. Төслийн бүс нутагт сийрэг ургамлын бүрхэвчтэй хээр тал тул замыг элс, цаснаас хамгаалах, даланг тогтвортой байлгах зорилгоор 130-аад км-т мод тарина. Энэхүү төслийн санхүүжилтийн эх үүсвэрийн 30 гаруй хувийг БНСУ-ын зээлээр бүрдэж байна.
Чойроос 176 км замыг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулахдаа зөвхөн Солонгосын зам барилгын компаниудын дунд хязгаарлагдмал тендер зарлаж дүгнэх нөхцөлтэй ажээ.
Нийт замын техникийн хяналтыг Азийн хөгжлийн банкны журмаар шалгаруулсан олон улсын зөвлөх компани гүйцэтгэнэ. БНСУ-ын зээлийн хөрөнгөөр барихаас бусад хэсгийн зам барилгын ажлыг АХБ-ны журмаар шалгарсан олон улсын гүйцэтгэгч хийнэ.
БНСУ-ын ЕХИМ банкны зээлийг УИХ-аар соёрхон батлагдтал гүйцэтгэгч шалгаруулах ажил хойшлогдож байгаа нь барилгын ажлын графикт нөлөөлж болзошгүй байна. Төслийн анхны тооцсон өртөг өнөөгийн нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлтөөс шалтгаалж хоёр дахин өсөх хандлагатай байна.
Хятад улсын тусламжаар Замын-Үүд улсын хилийн 5.6 км замын барилгын ажил явагдаж байна.
Төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгч, зөвлөхийг 2006 оны дөрөвдүгээр сар гэхэд шалгаруулсан байх шаардлагатай байгаа юм.
АХБ-ны зээлээр хэрэгжиж байгаа Авто зам хөгжүүлэх хоёр дахь төсөл
Төслийн гүйцэтгэгч нь БНХАУ-ын China Tiesiju Ciүi Engineering Group компани юм.
Барилгын өртөг 26.138.071.74 ам доллар юм. Замын хучилтын өргөн долоон метр, хөвөөний өргөн 1.5 метр, далангийн өргөн арван метр юм байна. Нийт 200 км замд арван метрийн урттай гурван ширхэг гүүр, 174 цэгт төмөр бетон хоолой бариад байна.
Барилгын ажлын үлдэгдлээс 500 мянган ам доллараар замын иж бүрэн цогцолбор барих, тоног төхөөрөмжийн зардлаас 170 мянган ам доллараар замын тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтийг төслийн зүгээс Сангийн яаманд явуулсан байна. Зээлийн хаах хугацааг сунгах хүсэлтээ мөн явуулаад байгаа.
Төслийн хүрээнд Налайх-Чойрын 200 км хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч замыг ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.
Зээлийн гэрээний барилгын ажлын зардлаас 600 мянга гаруй ам доллар, тоног төхөөрөмж худалдан авах зардлаас 170 мянган ам доллар үлдээд байна. Зээлийн ашиглалтыг сайжруулах зорилгоор үлдэгдэл хөрөнгийг ашиглах шаардлагатай байна.
Гэрээгээр төслийн нийт санхүүжилтийн 80 хувийг Кувейтийн сан, 20 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргах аж.
Зээлийн гэрээгээр Эрдэнэт-Булган-Уньт чиглэлд 142.4 км асфальт бетон хучилттай, Эрдэнэт хотын 3.7 км авто замд шинэчлэлт болон шинэ зам барих ажлуудыг хийнэ.
Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Комбайнед групп компани, туслан гүйцэтгэгчээр Солонгос улсын Saehan компани, Монгол улсын Очир-Төв, Эрдэнэ зам компани ажиллаж байна. 2004 онд нийт барилгын ажлын 17 хувийг гүйцэтгээд байна. 2005 онд Эрдэнэт хотын 3.7 км замыг улсын ашиглалтад оруулна.
Гүйцэтгэгчийн ажлын зохион байгуулалт муу байсан болон Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажил удааширсанаас шалтгаалан Эрдэнэт-Булган чиглэлийн 57 км замын барилгын ажил 2005 онд ашиглалтад орох боломжгүй болжээ.
Мөн Булган-Уньт чиглэлийн замын барилгын ажил хойшлогдож болзошгүй тул гүйцэтгэгчийн ажлын графикийг шинэчилж, захиалагч, зөвлөхийн зүгээс идэвхи, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг ЗТАЖЯ-наас анхааруулаад байна. Түүнчлэн нефтийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр огцом өссөн нь гүйцэтгэгчид хугацаа алдахад нөлөөлөөд байгаа аж.
Дэлхийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Тээвэр хөгжүүлэх төсөл
Хархорин-Тосонцэнгэлийн чиглэлд баригдаж байгаа хайрган замуудын ажлыг бүрэн дуусгаад байгаа.
Эрдэнэсант-Арвайхээрийн 215 км хатуу хучилттай замын засварын ажлыг энэ оны арваннэгдүгээр сард багтаан дуусна.
Тээвэр хөгжүүлэх төслийн хувиарлагдаагүй үлдсэн хөрөнгөөр тус замын засварыг Эрдэнэсант-Лүн чиглэлд 30 км-ээр уртасган шинэчлэн засварлах ажлыг дуусч хүлээлгэн өгөөд байна.
Герман улсын Сэргээн босголт банкны сангийн зээл, тусламжаар хэрэгжиж байгаа Бүс нутгийн Тээврийн дээд бүтцийг хөгжүүлэх төсөл
Монгол Герман хоёр улс санхүүгийн хамтын ажиллагааны зээл, санхүүжилтийн гэрээг 2005 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулж Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хэрэгжүүлэх Бүс нутгийн Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл-ийн үйл ажиллагааг эхэлсэн. Герман улсын Сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад 40 жилийн хугацаатай 4.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийг олгож, 0.5 сая еврогийн буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа ба Монгол Улсын Засгийн газар нь 0.5 сая еврогийн санхүүжилтийг дотоодын эх үүсвэрээс гаргах юм. Зээлийн хүү 0.75 хувь бөгөөд 2015 оноос үндсэн зээлийг төлж эхлэх ажээ.
Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Хархорин-Хөшөө Цайдам чиглэлд 46 км авто зам барих төсөл
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 2005 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэрээг байгуулсан.
Энэ төслийн хүрээнд эртний Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалах, аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Хархорин Хөшөө Цайдам чиглэлд 46 км хатуу хучилттай авто замыг барих бөгөөд барилгын ажлыг Турк Улсын гүйцэтгэгч Улуанак компани эхлүүлж газар шороо, далангийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Уг төсөл нь хоёр жилийн хугацаатай хэрэгжиж 2006 наймдугаар сард барилгын ажлыг дуусгаж ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Зүүн чиглэлийн гол авто зам барих, шаардлагатай төхөөрөмжийг сайжруулах төсөл
Төслийн хүрээнд Багануур хотын хатуу хучилттай хуучин замын шинэчлэлтийг оруулаад Хэрлэн голын төмөр бетон гүүр хүртэлх 30.4 км, Мөрөн сумаас Өндөрхаан хүртэл 28.1 км, бүгд 58.5 км хатуу хучилттай зам барина. Замын барилга болон засвар арчлалтын 19 нэр төрлийн 71 ширхэг тоног төхөөрөмжийг тус улсаас нийлүүлж, дөрвөн гүүрийн шинэчлэлт хийх ажлыг хийнэ.
Зөвлөхөөр ажиллаж буй JOC Со.ltd компани замын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн баримт бичгийг боловсруулж тендерийг зарлах ажиллагааг эхлээд байна.
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийн үнэлгээний ажлыг энэ ондоо багтаан дуусгаж ирэх оны хавар нийлүүлэх юм. Тоног төхөөрөмжийг нийлүүлсний дараа барилгын ажлыг эхлүүлэх ба төсөл 2009 онд дуусах төлөвлөгөөтэй байна.
(өнөөдрийн монгол 2005-10-14)