АН өөх ч биш, булчирхай ч биш байдлаар явж болохгүй
МАХН ХУРДЫГ САЙН ТААРУУЛДАГ, БОЛОХГҮЙ БОЛ ТООРМОЗЛОДОГ
-Та бол туршлагатай улс төрч. Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Нэг талаас энгийн юм шиг мөртлөө нөгөө талаас маш олон үл мэдэгдэх тэгшитгэл шиг нөхцөл байдал бүрэлдчихлээ. Магадгүй бидний туулж өнгөрүүлэх ёстой зам ч байж мэднэ. Зарим оронтой харьцуулахад манайх аягүй хол түрүүлчихсэн юм шиг мөртлөө заримтай нь харьцуулахад яагаа ч үгүй юм шиг. Ардчилсан гэдэг утгаар ахиц дэвшил байгаа л даа. Юугаараа сайн байна вэ гэхээр хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан төв Азийн орнууд, Африкийн орнуудаас хамаагүй түрүүлж яваа. Гэхдээ үүнээс илүү байж болох уу гэвэл болох л байсан. Тэр боломжийг ашиглаж чадаагүй алдсан. Юунаас болж тэр вэ? Манай улстөрчид Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт, намын эрх ашгийг хоёрт тавина гэж их гоё ярьдаг. Цагаа болохоор чаддаггүй. Их эвслийн засгийн газрын үндэсний хэмжээний, зайлшгүй хийх ёстой асуудал бол төрийн албан хаагчдыг намын харьяаллаар халдлагыг зогсоох явдал. Бид баруун, зүүн гэж ярьж байгаа болохоос биш үнэндээ Монгол гэдэг том айлын үр сад шүү дээ.
Гэрийн баруун, зүүн хоёр талаар суучихаад ухаан бодлоо уралдуулж байгаа гэсэн үг л дээ. Айлыг авч явахын тулд хамгийн зөв шийдлүүдийг гаргаад байх хэрэгтэй. Түүний нэг нь энэ асуудал болчихоод байна. Тийм учраас л би Монгол Улсыг авч явж буй төрийн албан хаагчдыг нам бус болгох нь зарчмын ач холбогдолтой гэж яриад байгаа хэрэг. Намын харьяалалтай байгаа үед сонгуулийн дүнгээс хамаараад чадалтай чадалгүй нь хамаагүй албан тушаалд хоргоддог болчихсон. Эсвэл чадалтай хүмүүсийг нь өөр намын гэдгээр хэлмэгдүүлж халдаг. Тэгэхээр Монгол гэдэг том айлыг авч явж буй хүмүүс манай хөгжлийг удаашруулаад байгаа байхгүй юу. Уг нь үүнийг шийдэх гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан шүү дээ.
Харамсалтай нь өчигдөр УИХ-ын байнгын хороон дээр дэмжихгүй унагасан. Харамсалтай байна. Манай улс өөдөлж өгсч дэвжихэд сайн хүнээр удирдуулах,сайн ажилтантай байх хэрэгтэй биз дээ. Сайн цахилгаанчинтай, сайн эдийн засагчтай байх хэрэгтэй. Тэр хүнд намын үзэл баримтлал чухал биш. Би түрүүн хэлсэн. Дахин хэлье. Боломжоо ашиглаж чадахгүй байгаагаас илүү байх ёстой хэмжээндээ хүрч чадахгүй байна. Намын дарга нар, зарим улс төрчид үндэсний эрх ашгийг дээдлэдэг гэж ярьдаг мөртлөө амьдрал дээр чаддаггүй. Ам ажил зөрж болохгүй биз дээ. Үнэхээр үндэсний эрх ашиг гэж ярьж байгаа бол нам гэж туйлшрахаа боль л доо. Ерөөсөө улс төрчид болоод намууд төлөвшлийн хувьд болоогүй байгааг харуулж байгаа хэрэг л дээ. Энэ бол насны асуудал биш. Ахмад залуудаа биш, ерөөсөө бүгд л шинэ нөхцөлд хөл тавьсан шүү дээ. Аль аль намын төлөвшлийн, алсын хараатай бодлого байхгүй байна гэсэн үг. Харамсалтай хэрэг.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарт намын харьяаллаар халагдсан хүмүүс бий юу?
-Миний амьдралдаа баримталдаг зарчим бол ажлын чадварыг харгалзах явдал.
-Намуудын төлөвшил гэж та сая хэллээ. Өнгөрсөн жилийн намар АН-ын дарга нар тамга тэмдгээ булаацалдснаас үүссэн зөрчил одоо ч үргэлжлээд байгаа юм биш үү?
-Зөрчил биш л дээ. Юу ч гэмээр юм./бодолхийлэв/Каш нэг зуурагдчихаараа их хэцүү байдаг шүү дээ. Намын хувьд ийм байдалд орохгүй байх бололцоо байсан. Тийм биз дээ. Манай намын удирдах байгууллага ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, бас намын дарга гишүүдийнхээ эрх ашиг, нийгмийн эрх ашгийн үүднээс АН-ыг амьдруулах,шинэчлэх, боловсронгуй болгох тийм зайлшгүй шаардлага байгаа л байхгүй юу. Түүнээс биш өөх ч биш, булчирхай ч биш ийм байдлаар удаан явж болохгүй.
-Таны бодлоор яаж шинэчлэх вэ?
-Намын дотор ярих асуудал. Ер нь манайх хэтэрхий нээлттэй. Энэ маань нэг талаас давуу тал хэдий ч нэмэлт хүндрэл бий болгоод байгаа юм. Үүнийг ҮЗХ-н дээр ярьж нэг тийшээ шийдэх хэрэгтэй байна. Зохион байгуулалтын хувьд боловсронгуй болгох зайлшгүй шаардлага хүн болгонд ил болсон шүү дээ. Маквелийгийн хэлсэн Өвчний оношийг эрт тавих тусмаа эмчлэхэд амар. Бүх хүн оношийг нь тавьдаг болсон байх юм бол тэр өвчин хүндэрчээ, эмчлэхэд хэцүү болжээ гэсэн ийм үг бий. Хүн болгон онош тавиад байхыг бодоход АН-д их ажил хийх цаг үнэхээр болсон юм байлгүй дээ.
-Э.Бат-Үүл нар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын удирдлагуудтай үзэж тарна гэж нэлээд зүтгэсэн хэдий ч газар авч чадаагүй. АН-ын толгойд Алтан гадас-ынхан буюу хуучин соцдек-үүд гарчихаад бүхнийг атгаад байна гэж олон хүн ойлгож байна. Таны бодлоор?
-Тийм биш. АН олон намын бүрдэл гэдэг нь үнэн. Гэхдээ тэр олон намын зааг ялгаа арилсан. Намын дотоод фракц гэж яривал өөр л дөө. Соцдекүүдийг намын толгойд гарсан гэж ярих нь хаашаа юм. Ер нь тэгж үзэж болохгүй. Түүнээс биш бид намынхаа механизмаа боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай тулгарсан нь үнэн. Илэрч байгаа хэлбэр нь энэ шүү дээ. Одоо гагцхүү яаж эмчлэх вэ гэдэг л чухал болоод байна.
-Та 2004 оны сонгуульд идэвхтэй оролцсон. Ер нь их дайчин байсан. Гэтэл сүүлийн үед улс төрийн идэвхи чинь буураа юу даа.
-Одоо улс төр рүүгээ ширүүхэн ордог юм уу гэж бодож байна. Санаа зовоод байгаа болохоор тэр л дээ. Ер нь намаа яах вэ гэдэг талаар ухаан бодлоо уралдуулах цаг болж. Яагаад гэвэл намын асуудал биш улс орны хөгжлийг асуудал болчихоод байгаа юм л даа. Хоёр том хүчин байхад нэг нь унтаж болохгүй. Нийгмийг хоёр дугуй авч явдаг биз дээ. Уг нь бүх өөрчлөлтийг санаачилсан, манлайлан чирсэн улс төрийн хүчин бол АН.
МАХН-ын хувьд хурдыг сайн тааруулдаг. Болохгүй бол тоормозлодог. Хамаагүй аваад давхидаггүй гэдэг. МАХН маань тоормозлох үүргээ маш сайн биелүүлж байгаа. Үзэл бодлын хувьд аль аль нь ардчилсан үзэл баримтлалтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүчин. Тэгэхлээр аль аль нь эрүүл байх хэрэгтэй л дээ. Яг үнэндээ хүсэл байвал хясал байна.
-АН-ын нэр бүхий гишүүдийн Р.Гончигдоржийг хөдөлгөх нууц ажиллагаа далдуур яваад байгаа юм биш үү. Энэ ажиллагаандаа таныг оролцуулах гэж уруу татах хүн гарах юм уу?
-/инээв/ Манай нам нээлтэй учир байнга саналаа солилцож байдаг. Уруу татах ч гэдэг юм уу, эсвэл өөд нь татах гэх юм уу янз бүрийн л санал солилцох юм даа. Ер нь нэг хүний биш, намын асуудал шүү дээ. Механизмаа л боловсронгуй болгох шаардлагатай. Хүнээс хамааралтай нам байна гэдэг чинь хэврэг улс төрийн хүчний хэлбэр. Тийм учир дахин хэлэхэд намын механизмыг шинээр бүрдүүлье. Мэдээж удирдагчийн үүрэг, даргын үүрэг чухал нь чухал даа.
-Зөвшилцлийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-Үлдэж буй хугацааг хэрхэн ашиглахаас бүх зүйл хамаарна. Би ямар Нострадамус биш, урьдчилж хэлэхэд хэцүү. Зөвшилцөл боломж олгож байгаа хэрнээ хамгийн сул тал нь асуудал бүр дээр зөвшилцөх зарчимтай учраас нь цаг алдуулаад байна. Гэхдээ Монголд үүссэн улс төрийн нөхцөл байдал бол эмгэнэл биш. Магадгүй бид Улаан, Цагаан хоёр сайд нэг танхимд орж ирнэ гэж хэн ч бодохгүй л байсан. Тэгэхлээр яав ч эмгэнэл биш. Бид ярилцах тусмаа ойлголцож эхэлж байна. Засгийн газрын танхимд нэгнийгээ ойлгох уур амьсгал нэмэгдээд байна. 100 хувь гэж хэлж чадахгүй. Ганц нэгд нь улс төрийн туршлага дутуу гээд хэлчих нь хаашаа юм. Улстөржих гээд байдаг сайд бий л дээ. Үүнийг эс тооцвол ерөнхийдөө хамтарч ажиллах уур амьгал бүрэлдэж эхэллээ. Үүнд би их л урамшиж байгаа.
УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЭМХЭЛНЭ
-Ерөнхий боловсрол шинэ стандартад шилжсэн. Хүндрэл гарч байна уу?
-11 жилийн тогтолцоонд шилжих асуудлыг УИХ-аар 2002 онд шийдсэнээс хойш хоёр жил хот хөдөөгийн хэд хэдэн сургууль дээр туршилт хийсэн. Улмаар 11 жилийн тогтолцоонд шилжихтэй холбогдуулж стандарт, сургалтын гарын авлага, ном, хичээлийн хөтөлбөр зэрэг бүх зүйлээс гадна хичээлийн байр, дотуур байр, багш, боловсон хүчин зэрэг энэ бүх асуудлыг тооцож байгаад энэ оноос шилжиж байна. Шилжилт хийхэд мэдээж бэрхшээл гарна. Тухайлбал, 400 гаруй багш дутагдаж байгаа. Өмнө нь ч гэсэн дутагдаж байсан.
Бид зургаа, долоо, найман настай хүүхдүүд нэг ангид хичээллэж байгаа сургууль дээр очсон л доо. Гэтэл зургаан настай хүүхэд юмны учир сайн хүлээж авч байна гэж багш нь хэлж байна лээ.
Тэгэхлээр дэлхийн жишигтэй ойртуулж 11 жилийн тогтолцоонд шилжсэн юм. Уг нь 12 жилийн тогтолцоонд шууд шилжүүлмээр байсан ч байр сав, боловсон хүчнээс болоод арай чадсангүй. 2008 оноос хойш 12 жилийн тогтолцоонд шилжүүлнэ. Тэрнээс өмнө багшаа сургах, номоо шинэчлэх гээд бүх асуудлаа шинэчлэх ёстой.
-Зарим их, дээд сургуулийн хувьчлалын асуудал нэлээд хэл ам татлаад байна л даа. Жишээлбэл, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хувьчлалыг нэрлэж болно. Та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?
-ХҮДС-ийн хувьчлалын асуудал хоёр гурван жил, ер нь удаан үргэлжилж буй маргаан юм. Уг нь эрх бүхий дарга нар нь шийдсэн асуудал. Хоёр хүн маргалдаад, мэдээж ялагдсан нь гомдол гаргадаг. Нэгэнт эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хүндэтгээд явах нь зүйтэй байх.
Хэрэв төр, засгийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол анархи байдал руу орохыг үгүйсгэхгүй. Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүндэтгээд гомдолтой байвал шүүх цагдаагаар заргалдаад явах хэрэгтэй болов уу. Үнэндээ нэг сургуулийн захирал, багш хоёрын баг л хоорондоо үзээд байгаа шүү дээ. Миний хувьд хоёр талын алийг нь ч биш гурав дахь хүнийг захирлаар түр томилдог юм уу гэсэн бодолтой байна. Гэхдээ ийм шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Өнөөдөр гаргадаг юм уу гэж бодоод л сууна. За тэгээд хууль хяналтын байгууллага үнэн зөвийг нь тогтоох биз дээ.
-Манайд хувийн дээд сургуулиуд хангалттай олон байна. Бодвол зөвшөөрөл авах босго шалгуур нь гайгүй юм байлгүй дээ. Харамсалтай нь цагийн шалгуур даалгүй хэд хэд нь үүдээ барьсан.Үр дагаварт нь баахан оюутан хохирдог. Яам эхнээсээ шаардлагаа өндөрсгөж болдоггүй юм уу?
– Манайд нийт 160 гаруй их дээд сургууль ажиллаж байна.Монголд үнэхээр ахадсан тоо шүү дээ. Би өнгөрсөн жил 11 хувийн дээд сургуулийг хаасан чинь нэг нь одоо болтол заргалдаад яваад байгаа.
-Яам заавал өргөдөл гомдол гарсан тохиолдолд шалгалт хийдэг үү. Өөрсдөө санаачилж сэжигтэй сургуулийг түргэн авахуулдаг тохиолдол хэр олон бол?
– Өргөдөл гомдлыг харгалзаж шалгалт хийнэ л дээ. Одоо ч гэсэн шалгалт хийж буй сургууль байж л байна. Үүнээс гадна хувийн дээд сургуулиудын хувьд магадлан итгэмжлэл гэдэг том асуудал бий. Энэ асуудал дээр тухайн сургууль өөрсдөө хүсэлт тавьдаг. Магадлан итгэмжлэлд оръё гэж тэр шүү дээ. Гэхдээ үүнд дахиад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Миний багийнхны хийх гэж буй шинэчлэлийн нэг бол сургуулийг нь биш сургалтын хөтөлбөрийг нь магадлан итгэмжилдэг болох явдал. Хэрэв ингэж чадвал асуудал утга учиртай болно.Түүнээс гадна төрийн өмчийн их дээд сургуулиудын тоо арай л олон байгаа юм. Бас л эмхэлж цэгцлэх шаардлагатай. Шууд хэлбэл чангална.Яагаад тэгж байна вэ гэвэл дээд мэргэжил эзэмшсэн хүн мэргэжлээрээ амьдралаа залгуулна гэдэг баталгаа байхгүй болчихож.
Судалгаанаас үзэхэд их дээд сургууль төгсөгчдийн 80 хувь нь мэргэжлээрээ ажилд орж чадахгүй байна. Гэтэл сургалт үйлдвэрлэлийн сургууль дүүргэсэн залуусын 80 хувь нь мэргэжлийнхээ ажилд орж чадаж байгаа байхгүй юу. Манайд боловсролын тогтолцооны пирамид гэж байх ёстой шүү дээ. Ерөнхий боловсрол, сургалт үйлдвэрлэл, их дээд сургууль, бакалавр, магистр, докторант гэсэн зөв тогтолцоотой пирамид байх ёстой. Монголд болохоор энэ дараалал буруу байгаа.Тийм учраас ерөнхий сайд сургалт үйлдвэрлэлийн төв буюу хуучнаар ТМС-үүдийг байгуулна гээд байгаа юм. Магистр, докторантуудын хувьд үнэхээр дэлхийн хэмжээний хүмүүс байх ёстой шүү дээ. Гэтэл манайд баахан гуншинтай хүмүүс бий болчихсон.Тэгэхлээр өнгөрснийг үгүйсгэхдээ биш боловсронгуй болгох шаардлагатай.Бид тэгж байж л хөгжинө.
-Хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ гэж юуг хэлээд байна вэ?
-Санхүү- Эдийн дээд сургууль дээр анх удаа хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлээ.Энэ сургуулийн нягтлан бодох бүртгэл гэдэг хичээлийн агуулгыг магадлан итгэмжлэлээр оруулна гэсэн үг л дээ Энэ маань гадны орны ижил төрлийн хичээлийн агуулгатай адил болгох зорилготой хийгдэж буй арга хэмжээ л дээ. Өөрөөр хэлбэл хуучин хичээлийн гарчигаар нь зөвшөөрөл өгдөг байсан одоо агуулгаар нь зөвшөөрөл өгдөг больё гэсэн санаа юм. Нэг талаас Азийн бүсэд ойртсон алхам гэж ойлговол зохино. Энэ чиглэлээр Засгийн газар тодорхой шийдвэр гаргасан.УИХ-ыг батлана гэж найдаж байна.
-Магадлан итгэмжлэлд орж чадаагүй сургууль авилга өгөөгүйгээс боллоо гэдэг хэл үг гаргадаг. Үнэхээр асуудал шударга шийдэгддэг гэдэгт итгэж болох уу?
-Тусгай шинжээчтэй. Тэр шинжээчид өөрсдөө илтгэл танилцуулгаа бичнэ. Түүнийг нь магадлан итгэмжлэх комиссын 20-иод гишүүн сонсоод нууц санал хураалтаар шийдвэрлэдэг. Унасан сургууль ч бий. Уурлаж агсам тавьсан хүмүүс ч бий. Яг одоогийн арга барил буруу биш. Гэхдээ цаашаа гүнзгийрүүүлэх шаардлага бий. Магадлан итгэмжлэлийн нэр хүндээс илүү төрийн сургалтын санд хамрагдах сонирхолоор ордог байх л даа. Уг нь магадлан итгэмжлэл гэдэг нь албан ёсны сурууль болж байна гэсэн үг л дээ.
-Та өмнө нь боловсролын салбарын удирдах шатанд ажиллаж байгаагүй. Сайд бол улстөрийн албан тушаал. Гэхдээ хүндрэл гарч байна уу?
-Боловсролын салбарт олон жил чанагдсан цөөхөн хүмүүсийн нэг бол би гэж боддог. Тасралтгүй 20-иод жил суралцсан. Монголдоо, Америкт, бас Орост ч суралцсан. Энэ утгаараа боловсрол, шинжлэх ухааны салбар миний хувьд хамгийн ойр гэж хэлж болно. Харин соёл урлаг бол өөр л дөө. Би хүндэтгэдэг, сонирхдог байсан болохоос биш хэзээ нэгэн цагт удирдах юм гэж бодож байгаагүй. Гэхдээ соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, менежментийг сайжруулах тал дээр санаж сэдэж буй зүйл олон байна. Эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Богино хугацаанд юм хийж чадахгүй ч гэсэн урлагийнхаа зүтгэлтнүүдийг юм үзүүлж нүд тайлуулах ажил хийж байгаа л даа. Солонгос, Хятад руу явуулж байна. Цаашдаа Австрали, Шинэ Зеланд руу ч явуулна. Манай соёл урлагийн салбарынхан чинь алт шиг хүмүүс байгаа юм. Гагцхүү авьяасыг мөнгө болгохын тулд ямар менежмент хийх нь удирдлагаас хамаарах учраас менежментийг сайжруулахын тулд юм юм бодож байна.
-Удахгүй шинжлэх ухааны ажилтны өдөр болно. Манай улс цөөхөн эрдэмтэнтэй. Тэдний бүтээлийг яаж ашиглавал дээр юм бол. Ер нь БСШУЯ эрдэмтдээ хэрхэн харж үзэж байна даа?
-Нийт 3000-аад эрдэмтэн байдаг. Ямар асуудал миний өмнө тавигдаж байна вэ гэвэл шинэ санаа, шинжлэх ухааны нээлт бүтээл нь үйлдвэрлэлд, бизнес болж хувираад, судалж нээсэн эрдэмтэд нь унацтай, улсад болохоор эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг болдог аль аль талдаа ашигтай байх механизмыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Шинэ санаа гаргаад хаядаг биш, гол нь үйлдвэрлэл болдог. Үүнийг хийхийн тулд бид шинжлэх ухаан, технологийн холбогдолтой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Түүнээс гадна эрдэм шинжилгээний байгууллага, хувийн секторын хамтын ажиллагааны үзэсгэлэнг анх удаа гаргасан. Энэ үеэр хорь гаруй гэрээ хэлэлцээр байгуулагдсан.
Энэ маань тодорхой төслийг хувийн болоод улсын сектор хамтарч санхүүжүүлээд гарсан үр дүнг нь адилхан хүртдэг механизм бий болгох зорилготой анхны алхам юм л даа. Сая Өвөрмонголын үзэсгэлэн Улаанбаатарт гарах үеэр 17 гэрээ хэлэлцээр байгуулагдсан.Ямар ч гэсэн иймэрхүү замаар хувийн, улсын секторын уялдаа холбоог сайжруулах ажлыг зохиож л байна. Түүнээс гадна манай эрдэмтэд эрдэм шинжилгээний байгууллагад тавих шаардлагыг өндөржүүлье гээд байгаа.Би энэ салбарт өмнө нь байгаагүй, гаднаас орж ирсэн учраас бусад орны холбогдох материалуудыг судлаж харьцуулж үзсэн л дээ. Үүнийхээ үр дүнд манайд дандаа шавьгүй эрдэмтэд бий болсныг мэдсэн. Гадныхантай ярилцаж байхад ч танай эрдэм шинжилгээний байгууллагын хүмүүс, эрдэмтэн докторууд чинь их дээд сургуульд хичээл заах хэрэгтэй гэсэн санаа хэлээд байгаа.Тэгэхгүй бол энд нэг эрдэмтэн,тэнд үйлдвэрлэл гээд бүх зүйл тусдаа байгаа юм. Ийм учраас л эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, үйлдвэрлэл гурвын уялдаа холбоог хангасан бодлого руу алхам алхамаар зүтгэж эхэлж байна. Харж үзэхийн тухайд гэвэл хамгийн ухаантай мөртлөө тарчигхан амьдарч байгаа эрдэмтэд цөөнгүй. Эднийхээ амьдралыг бодолцож ирэх оны төсөвт шинжлэх ухааны академийн гишүүдийг нэмэгдлийг өгч байх саналыг тусгуулсан.Төсөл батлагдчихвал сард 50 мянган төгрөг өгөх юм.
(Өнөөдрийн монгол 2005-10-14)